Иргэдэд олгох нэгж хувьцааны үнэ оны сүүлээр тодорхой болно
Санхүүгийн зохицуулах хорооны даргын мэдээлснээр, 2011 онд Монголын хөрөнгийн биржид 98 удаагийн үнэт цаасны арилжаа явагдаж, нийт 37.1 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 61.6 сая ширхэг үнэт цаас арилжаалагдаад байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 23.4 тэрбум төгрөгөөр буюу 170.8 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа аж. Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын зах зээлийн үнэлгээ 2 их наяд 84.1 тэрбум төгрөг байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1 их наяд 281.2 тэрбум төгрөгөөр буюу 2.6 дахин, 2010 оны жилийн эцсээс 710.2 тэрбум төгрөгөөр өссөн тооцоо гарчээ.
Монголын хөрөнгийн биржид 336 ХК-ийн 2.7 тэрбум ширхэг үнэт цаас бүртгэлтэй байгаагаас Монгол Улсын төр 51 ХК-ийн 1.9 тэрбум ширхэг хувьцааг эзэмшиж байна.
2011 онд брокер дилерийн дөрвөн компани хөрөнгийн биржид шинээр суудал авснаар тус биржид бүртгэлтэй брокер дилерийн компанийн тоо 49-д хүрээд байгаа юм байна.
ТӨХ-ноос Лондонгийн хөрөнгийн бирж /ЛХБ/-тэй байгуулсан “Стратегийн түншлэлийн гэрээ”-ний дагуу Монгол Улсын хөрөнгийн зах зээл, Монголын хөрөнгийн биржийг хөгжүүлэх төслийн “Ажлын мастер гэрээ”-нд ТӨХ-ны дарга Д.Сугар, ЛХБ-ийн гүйцэтгэх захирал Ксавиер Ролет нар 2011 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр гарын үсэг зуржээ.
Дээрх гэрээг хэрэгжүүлэхэд шаардлагатай 14.2 сая ам.долларын эх үүсвэрийг эхний ээлжинд арилжааны банкнаас зээл хэлбэрээр авахыг Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр зарчмын хувьд зөвшөөрсний дагуу зургаан банктай “Хамтын санхүүжилтийн гэрээ”-г байгуулсан байна.
Ингээд хөрөнгийн биржийн үйл ажиллагааг олон улсын стандартад нийцүүлэх, үнэт цаасны арилжаанд оролцогч мэргэжлийн байгууллагууд болон хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл бүрдүүлэх, үнэт цаасны арилжааны үргэлжлэх хугацааг сунгах зэрэг эхний алхамууд хийгджээ.
Цаашид Дондонгийн хөрөнгийн биржийн хамтын ажиллагааны 3 дахь жилээс валют, түүхий эд, үүсмэл үнэт цаасны арилжааг явуулахаар төлөвлөж, “ажлын мастер гэрээ”-нд холбогдох заалтыг тусгаад байгаа аж. Ингэснээр Монголын хөрөнгийн бирж зөвхөн хувьцаа, бонд арилжаад зогсохгүй опцион, фьючерс, индекст суурилсан бүтээгдэхүүн, моргейжийн үнэт цаас зэрэг бүх төрлийн үнэт цаас арилжих боломж нээгдэх юм байна.
Гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэн. Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй үнэт цаасыг гадаадын биржүүдэд давхар бүртгэл хийх, гадаадын компаниуд Монголд хадгаламжийн бичиг гаргах боломжийг хангах зорилгоор кастодианы үйлчилгээ нэвтрүүлэхээр зорьж ажиллана гэж тэрбээр мэдээллээ. Энэ асуудлыг шийдвэрлэснээр Монголд тодорхой хэмжээний хөрөнгө нь байршиж, үндсэн үйл ажиллагаа нь явагддаг боловч, гадаад оронд бүртгэлтэй, Лондон, Торонто, Гонконг, Австрали зэрэг гадаадын хөрөнгийн биржүүд дээр үнэт цаас нь арилжаалагдаж буй 26 компанийн нийт 30.8 тэрбум ам.долларын зах зээлийн үнэлгээ бүхий үнэт цаасны тодорхой хэсгийг дотоодын зах зээлд татан оруулах боломж нээгдэх гэнэ.
Энэ мэдээллийн дараа гишүүд сонирхсон асуултдаа хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан, Ашигт малтмалын тухай хуулиар стратегийн ач холбогдолтой орд газрын хувьцааны 10 хувийг хөрөнгийн биржээр дамжуулан арилжаална гэж байгаа. Хэд нь хувьцаагаа арилжиж эхлээд байгаа вэ. Гадны хөрөнгийн биржид үнэт цаасаа арилжаалж байгаа олон компани байгаа юм байна. Тэд Монголын хөрөнгийн биржид үнэт цаасаа худалдаж болохгүй юу. Үүнд ямар бэрхшээл байгаа вэ?
Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Стратегийн ач холбогдолтой 15 обьектоос Багануур, Шивээ-Овоогийн хувьцаа хөрөнгийн биржээр арилжаалагдаж байгаа. Тавантолгойн хувьцааг арилжаалах бэлтгэл ажил хийгдэж байгаа.
Монголын ашигт малтмалын лицензэд тулгуурлан гадаадад IPO хийсэн 26 компани байгаа. Тэднээс хоёр нь хувьцаагаа арилжаалах санал тавиад байгаа. Монголын хөрөнгийн биржийн техник, технологи тааруухан, дүрэм журам боловсронгуй бусаас болоод хувьцаагаа арилжихад хүндрэлтэй талууд үүсдэг. Гэхдээ Лондонгийн хөрөнгийн биржийн хамтын ажиллагааны үр дүнд энэ мэт хүндрэлүүдийг шийднэ гэж тоцож байгаа.
УИХ-ын гишүүн Р.Буд, Оюутолгой яагаад хувьцаагаа арилжихгүй байгаа юм бэ. Та нар яагаад шахахгүй байгаа юм. Монгол Улсын иргэн бүрт олгох 536 ширхэг хувьцааны нэгж үнийг тогтоосон уу?
Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс хуулиа хэрэгжүүлэх шаардлагыг тавих болно. Иргэн бүрт олгох нэгж хувьцааны үнийг тогтооход хүндрэлтэй асуудлууд бас байгаа. Ажлын хэсэг ажиллаж байгаа. Төрийн өмчийн хорооноос Тавантолгойн хувьцааг энэ ондоо багтаж, удлаа гэхэд ирэх оны нэгдүгээр улиралд багтаан олон улсын зах зээлд гарган гэж байгаа. Үүнээс өмнө мэдээж нэгж үнийг тогтооно. Нэгж үнэ тодронгуут хоёр дахь зах зээл эхэлдэг болохоор ондоо багтаад нэгж үнэ тодрох байх гэж бодож байна.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Монголын компаниуд гадны хөрөнгийн биржид хувьцаагаа арилжин мөнгө босгохыг илүүд үзэх болж. Монголд энэ үйл ажиллагаа ямархуу яваа вэ. Манай улс Лондонгийн хөрөнгийн биржид 14.2 сая ам.доллар төлж байгаа юм байна гэж ойлголоо. Энэ мөнгийг хаанаас авав. Хэн буцааж банкинд төлөх юм бэ.
Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, 2007, 2008 онд 15 компани IPO хийсэн. 2009, 2010 онд зогсонги байдалтай байгаад энэ онд таван компани IPO хийх саналаа ирүүлээд байгаа. Монголын хөрөнгийн биржид хувьцаагаа арилжихгүй гадныхыг сонгож байгаа нь манай техник, тоног төхөөрөмжтэй холбоотой. Түүнчлэн дүрэм журам боловсронгуй бус гэж би дээр хэлсэн. Манай дотоодын компаниуд Австралийн хөрөнгийн биржийг сонгон хөрөнгө босгох хандлага сүүлийн үед нэмэгдэж байгаа. Гэхдээ Монголын хөрөнгийн бирж 3 жилийн дараа гэхэд Австралийн хөрөнгийн биржтиэй өрсөлдөх хэмжээнд очно. Энэ боломжийг Лондонгийн хөрөнгийн биржтэй явуулах хамтын ажиллагаа олгох юм. Бид 6 банкнаас жилийн 6.5 хувийн хүүтэй 14.2 сая ам.долларын зээл авах гэрээг байгуулсан. Зээлийг улсын төсвөөс төлнө. Хөрөнгийн биржийн ашиг энэ хэмжээний зээлийг төлөх хэмжээнд хүрээгүй байгаа. Олон улсын хэмжээний биржтэй болбол санхүүгийн хувьд боломжтой болох юм. Лондонгийн биржийн зүгээс хамтарч ажиллаад биржийг хувьчилсны дараа тодорхой хувийг эзэмших санал тавьсан. Эсвэл биржийг сайжруулах төлбөрийг 100 хувь төлөөд хамтран ажиллах санал тавьсан. Бид сүүлийн саналыг хүлээн авсан. Хөрөнгийн биржийг хувьчлах талаар УИХ-аас тодорхой шийдвэр мөн гараагүй байгаа гэлээ.