400 гэр цэцэрлэг байгуулж, багш нарыг нь мэргэшүүлнэ
Монголд ядуурлын түвшин харилцан адилгүй байна. Ядуурал цөлжилт газар авсан, эсвэл шилжилт хөдөлгөөн эрчимжсэн газруудад их байгаа юм. Эдгээр газарт хүүхдүүд сургуулийн өмнөх боловсролыг эзэмшиж чадахгүй байх нь элбэг. Иймд БСШУЯ-наас нэр бүхий зургаан газрыг сонгон төсөл хэрэгжүүлж байна. 2013 оныг хүртэл хэрэгжих энэ төсөл Баян-Өлгий, Булган, Хэнтий, Өмнөговь аймаг болон нийслэлийн Сонгино-хайрхан, Баянзүрх дүүрэгт хэрэгжих юм.Төслийн хүрээнд сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг сайжруулах зорилгоор хувилбарт сургалтын үйлчилгээний загварыг боловсруулж туршина. Өөрөөр хэлбэл 3-6 насны хүүхдийн оюун ухааныг хөгжүүлж, сургуулийн өмнөх боловсролын зохистой загварыг боловсруулж турших юм. Мөн 400 гэр цэцэрлэгийг байгуулж, энд ажиллах багш нарыг мэргэшүүлэхээр төлөвлөж байна. Эдгээр цэцэрлэгийг тавилга, тоглоом, бичил номын сан, сургалтын бусад хэрэглэгдэхүүн болон гал тогоо, эрүүл ахуйн хэрэгслээр хангаж тохижуулна,Энэхүү ажил хөдөө, хотод ялгаатай явагдана.
Орон нутагт малчин айл өрхийн хүүхдүүдэд зориулсан тогтвортой үргэлжлэх хувилбарт сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм. Харин Улаанбаатар хотын захын гэр хорооллын шилжин суурьшсан иргэдийн хүүхдүүдийн дунд гэр бүл, танхимд түшиглэсэн хувилбарт сургалтыг нэвтрүүлж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, түншлэлийг бэхжүүлэхэд анхаарна.Төслийг Японы ядуурлыг бууруулах сангийн буцалтгүй тусламжаар Азийн хөгжлийн банк, БСШУЯ хамтран хэрэгжүүлж байна.
Төсөл хэрэгжсэнээр байнга нүүдэллэн амьдардаг юм уу төв суурин газарт шилжин суурын сан ядуу өрхүүдийн хүүхдүүдийн цэцэрлэгт хамрагдалтыг нэмэгдүүлнэ. Мөн бага насны хүүхдийн хөгжил, асран хамгаалал, сургуульд хэрхэн бэлтгэх талаар эцэг эхчүүдийн мэдлэг, хандлагыг сайжруулахад чиглэсэн олон ажлыг зохион байгуулах юм. Улсын хэмжээнд төсвийн хөрөнгөөр ойрын хоёр жилд 22 цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулжээ. Ингэснээр орны тоог 1825-аар нэмэгдүүлсэн байна. Мөн улсын төсөв болон зээл тусламжийн хөрөнгөөр нийтдээ 185 сургууль, цэцэрлэг, дотуур байр зэргийг шинэчлэн засварлажээ. Энэ бүхний дүнд цэцэрлэгийн хамран сургалт 1.6 хувиар нэмэгдсэн аж. Хүүхдийг цэцэрлэгт явуулж сургуулийн өмнөх боловсролыг бүрэн эзэмшүүлэх нь ихээхэн ач холбогдолтой. Учир нь бага насны хүүхдүүд цэцэрлэгт явснаар зөв суралцах арга барилд суралцаж, амьдрах ухаан мэргэшдэг байна.