Автобусны үнэ ирэх сарын хоёрноос нэмэгдэнэ
Нийслэлийн нийтийн тээврийн газар дээр өчигдөр автобус компанийнхан цуглан хуралдлаа.Тус холбооны гишүүн болох 26 автобус компанийн захирал зөвлөлдөөд зургадугаар сарын 2 -нийг хүртэл тасалбарынхаа үнийг нэмэхээ хойшлууллаа. Шууд тасалбарынхаа үнийг 500 төгрөг болгочихвол иргэдэд цочрол өгөх учраас "нэмэгдэнэ шүү" гэсэн мэдээлэл өгчхөөд л нэмье гэсэн тохиролцоонд хүрсэн юм. Дизелийн үнийн хомсдолоос болж зайлшгүй нэмэх шаардлага гарсан учраас нэмэх нь тодорхой болжээ. Зөвхөн хугацааг нь хойшлуулсан байна.
Харин одоогоор шатахууны хомсдолоос улбаалан үйлчилгээнд явах автобусны тоог бууруулж байна. Нийтийн тээврийн үйлчилгээнд 700 гаруй автобус явдаг байсан бол өнөөдрөөс 30, маргаашаас 50 хувиар бууруулахаар төлөвлөсөн байна. Өдөрт нэг автобус хэд тойрохоосоо шалтгаалан харилцан адилгүй түлш хэрэглэдэг байна. Дунджаар нэг автобус 70 литрийг хэрэглэдэг. Урт эргэлттэй бол 100 литр хэрэглэдэг гэсэн тооцоо байдаг ажээ. Өнөөдрийн байдлаар литр дизель түлш 2000 төгрөг хүрээд байна.
Харин микро автобусны хувьд хэд хоногийн өмнөөс чиглэлээсээ хамаараад үнээ 100-200 төгрөгөөр нэмэгдүүлсэн байна. Жишээ нь Толгойт, нарангийн гол чиглэлийн микро автобуснууд орой 21 цагаас хойш иргэдэд 700 төгрөгөөр үйлчилж байна. Энэ нь хол гэртэй иргэдийн хувьд хүндрэлтэй тусаж байна.
Т.Наранцэцэг