Орон нутагт энэ жил 400-500 км хатуу хучилттай зам тавигдана
2011 оныг хөдөлмөр эрхлэлт бүтээн байгуулалтын жил болгон зарласан билээ.Үүнтэй холбоотойгоор зам засварын ажлууд хот хөдөөгүй эрчимтэй хийгдэж байна. Энэ жилийн хувьд орон нутагт ойролцоогоор 400-500 км зам ашиглалтад орно. 2001 оноос барьж эхэлсэн "Мянганы зам"- ын санхүүжилтийг Хөгжлийн банк гаргахаар болсон.Тус банкны санхүүжилтийг авсан тохиолдолд 2020 он гэхэд Баян-Өлгий аймгаас Дорнод аймаг, Алтанбулагаас Замын-Үүд хүртэлх нийт 10 мянга гаруй километр урттай замыг барьж дуусгахаар болсон.
Харин энэ жил орон нутагт 2007, 2009 оноос ажил нь эхэлсэн үргэлжлээд баригдаж байгаа 2000 гаруй км зам байна. Харин шинээр 1400 гаруй км замын ажил эхнээсээ хийгдэж эхэллээ. Тухайлбал, Өвөрхангай, Баянхонгор аймгийн хооронд 107 км замын ажил эхэлсэн. Баянхонгор, Говь-Алтайн хооронд 128 км, Говь-Алтай, Ховдын хооронд 100 гаруй км замын ажил эхэлсэн байна. Мөн Улаанбаатар хотоос Дундговь аймаг руу 100 км зам тавина. Түүнчлэн Дундговиос Өмнөговь хүртэл 163 км замын ажил хийгдэж байгаа. Эдгээр замуудын гэрээ нь бүгд хийгдсэн. Үүнээс гадна Дорнод руу мөн замын ажил хийгдэж байна. Мөн энэ жил шинээр Ховд аймгийн Бодончийн хавцалд 112 гаруй км, Манхан сумаас Ховд аймаг хүртэл 85 км, Баян-Өлгий Хашаатын даваа хооронд 60 км замын ажил эхлээд байна.
Т.Наранцэцэг