Төрөлхийн дүлий хүүхдүүдэд зориулж “Дунгийн суулгац” худалдан авна
Дунгийн суулгац буюу Кохлеар имплант нь 1970 оноос эхлэн чих судлалын салбарт нэвтэрч эхэлсэн. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд олсон амжилтыг бататган цаашид улам боловсронгуй болгох асуудал эрдэмтдийн анхаарлыг татаж байна. Дунгийн суулгац хагалгааг хийлгэснээр таг дүлий хүний “чих сонсгол, оюун ухаан, хэл яриа” гэсэн 3 мэдрэхүйн эрхтний үйл ажиллагаа сэргэж, хүн тахир дутуучуудын эгнээнээс жирийн хүний эгнээнд шилжих боломжтой болдог. Дунгийн суулгац суулгах нь зөвхөн хагалгаа хийхээр хязгаарлагдахгүй, урт хугацааны эмчилгээ, хяналт, хэл заслын хичээл зэргийг цогцоор нь хийж байж үр дүн нь гардаг эрхтэн суулгахтай дүйцэхүйц эмчилгээ юм.
Ийм учраас Эрүүл Мэндийн Яам төрөлхийн дүлий хүүхдүүдэд зориулж, Австрали улсын Cochlear фирмтэй хамтран ажиллах санамж бичгийг байгуулж, эхний ээлжинд 50 ширхэг “Дунгийн суулгац”-ыг чих хамар хоолойн ЭМЖЖ эмнэлэг худалдан авч байна.
Энэхүү суулгац нь дэлхийн зах зээл дээр 29500-33000 ам.долларын үнэтэй байдаг. Харин Cochlear фирм нь суулгацын үнийг 10000 ам.доллараар хямдруулан 19500 ам.доллараар манай улсад нийлүүлжээ.