2008.01.01

УИХ-ын дарга үндэсний чуулганд оролцогчдод илгээлт явуулав

Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл Төрийн албаны зөвлөлөөс санаачлан “Төрийн албаны шинэтгэл: сорилт, боломж” сэдэвт үндэсний чуулганыг анх удаа зохион байгуулж байгаад талархал илэрхийлж, чуулганд оролцогчдод Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүллээ.

Улсын Их Хурлын илгээлтдээ, улс орны хөгжил дэвшил, айл өрхийн амьдрал, ард иргэдийн маань ажил үйлс төрийн байгууллага, түүний албан хаагчдын үйл ажиллагаанаас шууд хамааралтай билээ. Төрийн албаны үйл ажиллагаа, шинэчлэл зөвхөн төрийн албан хаагчид төдийгөөр хязгаарлагдахгүй иргэдийн хүсэл сонирхолд нийцсэн байхаар шийдвэрлэгдэх ёстой.

Энэ үүднээс Улсын Их Хурал төрийн албаны шинэчлэлийг эрчимтэй явуулж, хууль эрх зүйн орчныг бүрдүүлж, бодлогын тодорхой баримт бичгүүдийг батлан мөрдүүлсэн юм. Монгол Улсын Их Хурлаас 1995 онд Төрийн албаны тухай хуулийг баталж, сүүлийн 10 жилийн дотор хоёр ч удаа уг хуульд томоохон нэмэлт, өөрчлөлт оруулж, Монгол Улсын төрөөс “Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл, бүтцийн ерөнхий тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлийн талаар баримтлах бодлого”, Төрийн албаны шинэтгэлийн дунд хугацааны стратегийг боловсруулсан юм. Төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан хараат бусаар үйл ажиллагаагаа явуулах Төрийн албаны зөвлөлийг бие даалган байгуулсан.

 

Монгол Улсад төрийн албаны бүтэц, тогтолцоо бүрэлдэн төлөвшөөд багагүй хугацаа өнгөрлөө. Хуулийн хүрээнд Төрийн албаны зөвлөл үйл ажиллагаа явуулж чамгүй туршлага хуримтлуулж үр дүнд хүрч байна. Гэсэн хэдий ч өнөөгийн шатанд төрийн албанд боловсон хүчнийг шилж сонгох, хуваарилахад шударга бус ханддаг, хуулийн дагуу асуудал шийдвэрлэхийн оронд танил тал, өнгө мөнгө харах болсон тухай иргэдийн шүүмжлэл багагүй гарч зүй бусаар ажлаас халагдсан тухай төрийн албан хаагчдын маргаан, гомдол гарсаар байна.

 

Энэ нь төрийн албан хаагчдыг иргэдэд ойр, илүү чадварлаг, шударга, хариуцлагатай ажиллах шаардлагыг зүй ёсоор нөхцөлдүүлэх болов. Төрийн ийм үйлчилгээг төр, ард түмнийхээ төлөө бие сэтгэл, эрдэм оюунаа дайчлан хууль тогтоомж, ёс зүйн хэм хэмжээг чандлан сахиж, албан үүргээ шударгаар биелүүлдэг мэргэжлийн өндөр чадвартай төрийн албан мэргэшсэн хаагчгүйгээр төсөөлөх аргагүй юм. Улс төрөөс ангид, үйл ажиллагаа нь ил тод, цомхон, чадварлаг, ямар ч нөхцөлд тогтвортой ажиллаж чадах дархлаа бүхий төрийн албыг төлөвшүүлэх явдал өнөө нэн чухал байна. Төрийн албаны шинэтгэл нь төрийн албаны эрх зүй, бодлого, бүтэц, тогтолцооны гэхээсээ илүүтэй түүний үйл ажиллагаатай холбоотой гэж үзэж байна.

Төрийн албан хаагчдыг ил тод, шударгаар сонгон шалгаруулах, сургаж дадлагажуулах, мэргэшүүлэн чадваржуулах, тэдний нийгмийн баталгааг хангаж, тогтвор суурьшилтай ажиллуулах нөхцөлийг бүрдүүлэхэд төрийн бүх шатны байгууллагууд ихээхэн анхаарч ажиллах шаардлагатайг онцлон тэмдэглэсэн байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.