
Манай улс 2015 онд газрын тос боловсруулах үйлдвэртэй болно
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2015 он гэхэд дархан уул аймагт барьж ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Энэ үйлдвэрийг барих гэрээ 2010 онд хийгджээ. Уг үйлдвэрийг тус аймгийн зүүн урд "Дархан-2" дэд станцын ойролцоо барихаар төлөвлөсөн бөгөөд энэ газар нь цэвэр бохир усны байгууламжийн хүрэлцээ, усны нөөц сайтай ажээ.
Нийтдээ 600 сая ам.долларын хөрөнгөөр баригдах эл үйлдвэрийн техник-эдийн засгийн үндэслэлийг Японы Засгийн газрын банк, Олон улсын хамтын ажиллагааны банкны санхүүжилтээр боловсруулсан. Монгол, Японы хамтын ажиллагааны шугамаар Дархан-Уул аймагт газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийг хэрэгжүүлэх үндсэн гэрээнд Японы “Тоёо инженеринг”, “Марубени” корпораци болон “Монголсэкию” компанийн төлөөлөгчид 2010 оны 9 дүгээр сард гарын үсэг зурсан байна. Хэрвээ энэ ажил биелэлээ олж чадвал монголчууд бид 3-хан жилийн дараа шатахууны хомсдолоос айхгүй болох биз ээ.
Т.Наранцэцэг