2011.08.15
Нийтийн өмчийг үнэтэй болгох цаг болсон
ТОВЧХОН
- Нийтийн өмчид ноцтой хохирол учруулж байгаа аж ахуйн нэгжүүд, нинжа нар, газрын наймаачид, нийтийн өмчийг хамгаалж байх ёстой төрийн албан тушаалтнууд зэрэг этгээдүүд Үндсэн хуульд заасан Монгол хүний өмчлөх эрх, эрх чөлөөг ноцтой зөрчиж байгаа гэдги
Иргэдийн альяанс төв”-ийн тэргүүн Ж.Занаатай ярилцлаа.
Мөн нийтийн зориулалттай өмчийн маргаантай асуудлыг шийдвэрлэж байхаар байгуулагдсан Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Хүрэлбаатар тэргүүтэй төр, бизнэс, иргэний нийгмийн Гурван талт хорооны дэмжлэг бас чухалд тооцогдож байгаа. Бид энэхүү Гурван талт хорооны үйл ажиллагааг удахгүй 21 аймагт зохион байгуулахыг зорьж байна.
-Нийтийн өмчийн эрхийн тухай хуулийн төслийг иргэний нийгмийн байгууллагуудын дэмжлэгтэйгээр боловсруулж, УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир УИХ-д өргөн барьж байгаа гэсэн. Уг нь энэ тухай зохицуулалт байдаг санагдах юм. Та бүхний оруулсан хуулийн санаа юугаараа ялгаатай байгаа вэ?
-Энэ хуулийн төсөл бол Монгол улсын үндсэн хуульд заасан Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна гэсэн үзэл санааг хэрэгжүүлэх гол хууль байх зорилгоор боловсруулж байгаа юм. Манай улс Төрийн ба орон нутгийн өмчийн тухай хуультай. Энэ хуульд орон нутгийг өмчийн асуудлыг нарийвчлан оруулсан мөртлөө төрийн нийтийн зориулалттай өмчийн асуудлыг орхигдуулсан байгаа юм л даа. Үүнээс үүдээд иргэд ч тэр, аж ахуйн нэгж, улстөрчид нийтийн өмчид хайр найргүй ханддаг, нийтийн өмч эзэнгүйдэж, дуртай хүний гарт үрэн таран болж, байгал орчин сүйдэж, улмаар улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдал алдагдахад хүрч байна. Цаашлаад хэлэхэд, нийтийн өмчийг хувийн эрх ашгийн үүднээс ашилагчид ямар ч хариуцлага хүлээдэггүй, нийтийн өмчийг эзэмшиж олсон хөрөнгө баялаг нь зөвхөн тэр хэдэн хүний олз болоод өнгөрдөг, нийтийн өмчийг ашиглаж хувьдаа ашиг хонжоо олдог, байгал орчныг эргэж сэргээгдэхээргүй гэмтээдэг, ингэснээрээ нийтийн өмчийн эзэн болсон ард иргэдийн жам ёсны эрхийг ноцтой хохироож байгааг таслан зогсоохийн төлөө боловсруулж байгаа хууль юм. Нийтийн өмчид ноцтой хохирол учруулж байгаа аж ахуйн нэгжүүд, нинжа нар, газрын наймаачид, нийтийн өмчийг хамгаалж байх ёстой төрийн албан тушаалтнууд зэрэг этгээдүүд Үндсэн хуульд заасан Монгол хүний өмчлөх эрх, эрх чөлөөг ноцтой зөрчиж байгаа гэдгийг энэ хуулиар зааж өгч байгаа юм. Нийтийн өмчийг хуулийн дагуу захиран зарцуулж болно л доо. Ингэхдээ нийтийн өмчийн эзэн болсон 2,7 сая монголчуудийн нийтлэг эрх ашгийг хохироож болохгүй гэдгийг бид хуульчлахгүй бол өнгөрсөн борооны хойноос цув нөмрөнө гэгч болно доо.-Энэ хууль бизнесийн орчинд саад болох уу. Тухайлбал, уул уурхай ч гэдэг юм уу...?
-Энэ хууль батлагдвал уул уурхай болон байгалын бусад баялгийг ашиглах эрхзүйд үндсэн өөрчлөлт гарах учиртай. Тухайлбал, баялгаа бид үнэлдэг болно. Оюутолгойн гэрээ мэт Монголын ард түмэнд хохиролтой гэрээ хийх асуудалгүй болно. Бид нийтийн өмчөө үнэтэй болгоно, үнэлдэг болно, үнэтэй юм эзэмшиж байгаа ард түмний амьдрал өөдрөг, ирээдүйдээ итгэлтэй болно, хүн бүр байгал орчин болон нийтийн өмчөө хайрлаж хамгаалдаг болно, үүнийхээ төлөө өөрөө ч, үр хүүхэд нь сайхан амьдрах болно. Олон сайн зүйлсийг бид бүтээн байгуулдаг болно гэж хүсч байгаа даа.-Та бүхний санаачилж байгаа энэ хууль бүрэн төгс хэрэгжихэд ямар зүйл хэрэгтэй бол? Бас хаанаас илүү дэмжлэг авах ёстой вэ?
-Бид юуны өмнө төлөөллийн байгууллагуудад их итгэлтэй байгаа. Тухайлбал, ард түмний нийтлэг эрх ашгийг хамгаалах үндсэн санаа бүхий энэ хуулийг УИХ энэ намрын чуулгандаа өргөн бариад баталвал бид энэ удаагийн УИХ-н гишүүд үнэхээр Үндсэн хуулиа чандлан дагаж мөрдөх чадвар бүхий гишүүдтэй юм байна гэдэг итгэл батлагдах болно. Бидний боловсруулсан төслийн дагуу ажиллаж чин эрмэлзлэлээ илэрхийлж байгаа Э. Мөнх Очир гишүүн болон энэ төслийг дэмжих өөр олон гишүүд бидэнтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаа.Мөн нийтийн зориулалттай өмчийн маргаантай асуудлыг шийдвэрлэж байхаар байгуулагдсан Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Хүрэлбаатар тэргүүтэй төр, бизнэс, иргэний нийгмийн Гурван талт хорооны дэмжлэг бас чухалд тооцогдож байгаа. Бид энэхүү Гурван талт хорооны үйл ажиллагааг удахгүй 21 аймагт зохион байгуулахыг зорьж байна.
-Дашрамд асуухад Монгол улс Ардчиллын төлөө хамтын нийгэмлэгийн орнуудын тэргүүлэгчээр ажиллах болсон талаар Та ямар бодолтой байна вэ? Чухам ямар ач холбогдол бидний хувьд байгаа вэ?
-Энэ бол ардчилсан өөрчлөлт явуулаад 20 жил болж байгаа манай орны хувьд онцгой нэр хүндийн асуудал болно. Бидний өмнө, ардчиллын үйл явцад тулгарч байгаа томоохон сорилтуудыг монголчууд өөрсдөө яаж шийддэгийг дэлхий дахинд харуулах том шалгалт болно гэж бодож байгаа. Бид өнгөрсөн 20 жилд алдсан алдаагаа дахин давтахгүй байхын төлөө, нээлттэй, ил тод, хариуцлагатай, хяналттай, сайн засаглалын төлөө үйл ажиллагаагаа улам бодитой болгохын төлөө ажиллах боломж гарч байна гэж үзэж байгаа. Монгол улс хэдийгээр олон улсын энэ хөдөлгөөнийг даргалж бусад улс оронд болж байгаа ардчиллын үйл явцад, ялангуяа ардчиллын боловсролын асуудлаар, хувь нэмэр оруулах үүрэг хүлээж байгаа ч өөрийн улс орондоо явуулж байгаа үйл ажиллагаа түүнээс дутахгүй ач холбогдолтой байх болно гэж би үзэж, найдаж байгаа шүү.-Ингэж сонгогдох болсноор Монгол улс ямар ажил үүрэг хүлээж авч байгаа юм бол?
-Бид Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол улсын засгийн газрын шууд оролцоотойгоор ардчиллын боловсролын асуудлуудыг энэ 2 жилд илүү түлхүү анхаарч, даян дэлхийн ардчилсан үйл явцад өөрийн гэсэн хувь нэмрээ оруулах учиртай юм.-Энэ үүргийг гүйцэтгэхийн тулд манай талаас ямар ажил хийж байна вэ? Бас иргэний байгууллагуудын зүгээс ямар ажил хийж байгаа вэ?
Одоохондоо бодитой алхмууд хийгдээгүй байна. Энэ оны 9-р сард АНУ-ын Нью Йорк хотод АТХНО-н гүйцэтгэх зөвлөлийн хурал болно. Тэнд манай ГХЯ-ны сайд Занданшатар тэргүүтэй төлөөлөгчид оролцоно. Түүний дараа асуудлууд илүү тодорхой болно доо.-Танай Иргэдийн альяанс төв болон иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс засаглалын байгууллагуудтай хамтарч ажиллах болсон тухай яригдаж байгаа. Бас иргэний нийгмийн дууд хоолой болсон сайт ажиллаж эхэлнэ гэж дуулдсан. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Энэ оны 2 сард Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд иргэний нийгмийн байгуулпагуудтай уулзалт хийсэн юм. Энэ уулзалт дээр засгийн газрын тэргүүн иргэний нийгмийн асуудлаар олон чухал асуудлуудыг хөндөж ярьсан байдаг. Үүний нэг нь “Төр, иргэд, иргэний нийгмийн харилцааг боловсронгуй болгоход мэдээллийн сүлжээ бий болгох, технологийн хөгжил дэвшлийг ашиглах ёстой гэж үзэж байна” гэж онцлон тэмдэглэж хэлсэн дагуу Мэдээлэл, шуудан, харилцаа холбооны газар, Мэдээлэл Технологтийн парк, Иргэдийн Алъяанс төвтэй гэрээ байгуулан ажиллаж Иргэний нийгмийн цахим сонин бэлтгэж гаргаж энэ сарын сүүлээр дуусгаж хүлээлгэн өгөх гэж байна. Бид энэ цахим сонинтой болсноор Монгол улсын дотоод, гадаадад үйл ажиллагаа явуулж байгаа иргэний нийгмийн байгууллагууд, тэдний үйл ажиллагааны талаар мэдээлэлтэй болох, хоорондын үйл ажиллагаа явуулах, түүний дотор төр, засгийн үйл ажиллагааг нээлттэй, ил тод болгох, хариуцлагатай, хяналттай байлгахад өөрсдийн хувь нэмрээ оруулах талбар болгохыг зорьж байгаа хэрэг л дээ.-Ер нь иймэрхүү хамтын ажиллагааны сайн жишээ байдаг уу? Ийм хамтын ажиллагааны сайн үр дүн гарсан бусад орнуудын туршлагаас дурьдвал ...?
-Иргэний нийгэм, төр, засгийн байгууллагуудын зорилго нь нэг учраас нэгдэж, хамтарч ажиллах ёстой гэж үздэг хүмүүсийн нэг нь би өөрөө. Бид нэг асуудлыг олон янзын сонирхлын өнцөгөөс хараад байна. Гэхдээ энэ бол буруу гэж хэлж байгаа юм биш. Харин энэ олон сонирхол нийтлэг эрх ашиг гэсэн үзэл санаан дээр уулзаж байвал асуудал шийдэгдэж байгаа юм. Гэтэл бид аль эсвэл нэг хэсэг хүний эрх ашиг, сонирхолын үүднээс асуудалд хандаад байгаа учраас илүү их зөрчилд ороод байгаа юм. Төр, иргэний нийгэм хамтран ажилладаг туршлагууд олон оронд байнаа. Тухайлбал, Англи, Канад, Австрали, Швед зэрэг оронд төр, иргэний нийгмийн хооронд хийсэн гэрээ, эрхзүйн баримт бичгүүд боловсрогдон гарч олон арван жил амжиллтай хэрэгжиж байна. Төр, иргэний нийгмийн хамтын ажиллагааны гэрээ хийх нь асуудал шийдвэрлэх арга зам, тоглоомын дүрмийг тодорхой болгож өгдөгөөрөө чухал бөгөөд гэрээнд үндэслэн хамтран ажиллах нь гэрээний талуудын хариуцлагыг сайжруулж, гарах үр дүнд сайнаар нөлөөлнө гэж үзэж байгаа. Гэхдээ цаг хугацаа бүгдийг дүгнэнэ л дээ, тийм биз?-Ардчиллын боловсролын тухай их ярих болж. Монголд ямар ойлголт нь байгаад харин ямар нь огт байхгүй, үгүйлэгддэг вэ?
-Ардчиллын боловсрол гэдэг бол хүний эрхийн асуудалтай нягт холбоотой. Аливаа асуудал хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэсэн байх, хүний эрхэд суурьласан шийдвэр гаргадаг байх, шийдвэр гаргах үйл явц ойлгомжтой, нэгдсэн зөвшилцөлд хүрсэн, гарсан шийдвэрээ даган мөрддөг байх, хуучнаар ярихад хүний мөстэй, дэгтэй, замбараатай, хариуцлагатай байх асуудлууд юм л даа. Манайд юу дутагдаад байгааг хүмүүс сайн мэдэж байгаа даа. Би нуршаад яахав.-Сонгуулийн хуулийн талаар удахгүй дахиад л ярих байх. Энэ асуудлаар иргэний байгууллагууд ямар санаа оноотой байгаа вэ? Ямар нэг санал тусгах уу?
-Биднийг нэг их оруулцуулахгүй байгаа. Улс төрийн намууд энэ хуулийг боловсруулахдаа нийтлэг эрх ашиг, иргэдийн сонгох ба сонгогдох эрх ашгийн үүднээс асуудалд хандахгүй байгаагаас гацаанд орсон.-Ирэх сонгуулийг шударга, маргаангүй болгохын тулд юу хийх ёстой талаар санаа бодлоо хуваалцахгүй юу?
-Улс төрчид нэг удаа боловч нийтлэг эрх ашгаа хүндэтгэн үзэх нь чухал болоод байна. Сонгуулийн хууль сонгууль явуулах тогтолцоонд анхаарахаас гадна сонгуулийг зохион байгуулах, хянах болон хариуцлагын асуудалд нэн тэргүүнд анхаарах ёстой. Тэд үүнийг сайн мэдэж байгаа. Ганцхан улс төрийн хүсэл, зориг байхгүй байгаа нь эмгэнэлтэй. Ялангуяа төрийн нийтийн өмчөөр тоглож сурсан улс төр, бизнэсийн бүлэглэл сонгуулийн хуулийг өөрсдийн зорилгод нийцүүлэх атгаг санааг үргэж агуулж байгаа гэж бодож байна.-Цаг зав гаргасан танд баярлалаа.
Нийтлэлч
М.Түмэннаст
Ардын эрх сонин
М.Түмэннаст
Ардын эрх сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.