Г.Баярсайхан: Та нар нүдэнд үзэгдэхээр ажил огт хийгээгүй
Сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламент, Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлснээс хойш гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Өөрөөр хэлбэл, туулах замынхаа талаас илүүг буюу дөрөвний гурвыг нь ардаа үлдээж. Энэ хугацаанд гүйцэтгэх засаглал хэрхэн ажилласан, зорилтынхоо хэчнээн хувийг биелүүлсэн тухай тайлангаа тавьж, УИХ-ын бүтцээр хэлэлцүүлж байна. Өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдан уг асуудлыг хэлэлцсэн юм. Энэхүү хуралдаанд оролцсон гишүүд ч байр сууриа илэрхийлж, үнэлэлт дүгнэлтээ өглөө. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаарх товч танилцуулгыг ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын сайд Ч.Хүрэлбаатар хийснээр асуулт хариулт эхэллээ.
УИХ-ын гишүүн Д.Энхбат "Олонх цөөнх болсон хоёр нам хамтарсан Засгийн газар байгуулахдаа хийсэн гэрээ надад байна. Энэ гэрээнд тусгагдсан ажлуудаас дөрөв нь биелсэн юм билээ. Бусад нь огт хэрэгжээгүй. Тухайлбал, 60 мянган ажлын байр бий болгох, иргэдийн орлогыг сая төгрөгт хүргэх, цалин тэтгэврийн хэмжээг гурав дахин нэмэх, алдарт эхийн одонтой хүмүүст 500 мянган төгрөг өгөх, иргэдээ жилд нэг удаа бүрэн үзлэг оношилгоонд оруулах, багш нарыг зөөврийн компьютерээр хангах гэх мэт маш олон зүйл байна" гэв. Харин Ч.Хүрэлбаатар сайд энэ асуултад хариулахгүй гэдгээ мэдэгдэв. Учир нь, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт хэлэлцэж байгаа болохоос намуудын амлалт, гэрээний асуудлыг яриагүй хэмээж байлаа. Үүнийг намуудын удирдлага л хариулах ёстой гэсэн байр суурь илэрхийлэв. Г.Баярсайхан гишүүн "Би нэг л учрыг сайн ойлгохгүй байна. Өчигдөр Лүндээжанцан дарга Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилд 61 хувьтай байна гэж хэлсэн байх юм. Гэтэл та 83 хувьтай байна гээд хэлчихлээ. Тэгэхээр ганц хоногийн дотор маш их ажил амжуулсан болж таарах нь. Та нар нүдэнд харагдахаар ажил огт хийгээгүй шүү. Асар том том амлалт өгчхөөд юу ч хийхгүй байгаа. Өнөөдөр ажилгүйдэл буураагүй бүр 10 хувиар өсөж.Тиймээс энэ тоонуудад чинь яаж итгэх юм бэ. Яаж 83 хувьд хүргэчихэв. Эсвэл хүмүүст мэдэгдэлгүй нууцаар амжуулаад байна уу. Ер нь, хэрэгжилт тэг хувьтай яваа шүү" гэж шүүмжилсэн юм. Ч.Хүрэлбаатар сайд "Энд хоёр өөр тоо явж байгаа л даа. Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр нь 61 хувьтай, үндсэн чиглэл нь 83 хувь байгаа. Бүтээн байгуулалтын ажлуудаа Хөгжлийн банкаар дамжуулан санхүүжүүлж, хэрэгжүүлэхээр болсон. Хууль нь ч гарсан байгаа" гэсэн юм.
Гишүүд мөрийн хөтөлбөрийн биелэлт тийм ч хангалттай биш байгаа талаар шүүмжилж, хэзээ ажлаа хийж гүйцэтгэх, үлдсэн богинохон хугацаанд амжих эсэхийг лавлаж, цаг хугацаа алдаж буйг хэлж байлаа. Мөн бүтцийн өөрчлөлт хийж байгаа нэрээр яам, агентлагуудыг бужигнуулахаа болих шаардлага тавив. Сайд цаг хугацаа алдаж буйтай санал нэг байгаагаа илэрхийлэн зарим нэг ажил удааширч буйг ч нуусангүй. Өнөөдөр 60 мянган ажлын байр бий болгох ёстой бөгөөд одоогийн байдлаар 15875 ажлын байр шинээр бий болгосон байна. Харин өрхийн орлого сая төгрөгт хүргэх асуудлыг төсвөөр дамжуулан шийдэх боломжгүй аж. Ганцхан эдийн засгийн орчноо бий болгож чадвал энэ асуудал шийдэгдэх гэнэ. Цаашид гүйцэтгэх засаглал ажлаа яаравчлахгүй бол цаг хугацаа урссаар сонгуультай золгоно. Түүнээс урьтаж сонгогч олондоо амласнаа биелүүлэх болов уу, яах бол гэсэн таамаг л үлдлээ.