Г.Занданшатар илтгэл тавилаа
ГАДААД ЯВДЛЫН ЯАМНЫ САЙД АГСАН МАНГАЛЫН ДҮГЭРСҮРЭНГИЙН МЭНДЭЛСНИЙ 90 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН АРГА ХЭМЖЭЭНҮҮД БОЛЛОО Монгол Улсын төрийн зүтгэлтэн, нэрт дипломат, Гадаад явдлын яамны сайд агсан Мангалын Дүгэрсүрэнгийн мэндэлсний 90 жилийн ойд зориулсан арга хэмжээнүүдийг ГХЯ, МУИС-ийн ОУХС, “Монгол элч” ТББ хамтран зохион байгуулав.2012 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 10.00 цагаас “Тэр үеийн дурсамж” сэдэвт уулзалт, ярилцлага ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд болов. Уулзалт, ярилцлагыг УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар нээж үг хэлэв. Уг арга хэмжээнд М.Дүгэрсүрэн сайдын гэргий С.Наран, үр хүүхдүүд нь, мөн түүнтэй хамт ажиллаж байсан үе үеийн ахмад дипломатууд, хамтран зүтгэгчид, анд найз нөхөд нь оролцож, Монгол Улсын гадаад харилцааны салбарыг хөгжүүлэх, дэлхийн тавцанд Монгол Улсын нэрийг өндөрт өргөх, олон улсын харилцаанд хувь нэмэр оруулахад түүний бүтээсэн түүхэн гавьяаны талаар онцлон тэмдэглэв. Мөн түүний зарчимч, хөдөлмөрч, хүнлэг чанар, удирдахуйн ухааныг дурсахын зэрэгцээ үе үеийн дипломатуудыг хэрхэн бэлтгэдэг байсан тэрхүү арга барилын талаар дурсан ярилцав. Мөн өдрийн үдээс хойш 15.00 цагт Орчин үеийн дипломат арга ажиллагааны онол, практикийн асуудалд” сэдэвт Эрдэм шинжилгээний бага хурлыг МУИС-ын нэгдүгээр байрны Эрдмийн өргөө “Дугуй танхим”-д хийв.Эрдэм шинжилгээний бага хуралд Гадаад харилцааны сайд Г.Занданшатар оролцож “Монгол Улсын орчин үеийн гадаад бодлого ба дипломат ажиллагаа” сэдвээр илтгэл тавив. Мөн доктор, профессор Т.Төмөрхүлэг, Д.Цолмон, Н.Алтанцэцэг, ахмад дипломат П.Нямаа, Б.Оросоо нар Монгол Улсын гадаад харилцаа, гадаад бодлогын асуудлаар болон М.Дүгэрсүрэн сайдын амьдрал, үйл ажиллагааны талаар сонирхолтой илтгэлүүд тавьж, санал хэлэлцүүлэг өрнүүлэв. Эдгээр арга хэмжээнүүдийн үеэр нэрт дипломатын ажил, амьдралыг харуулсан сонирхолтой гэрэл зураг, баримт бичгийг дэлгэн харуулсан үзэсгэлэнг зохион байгуулав.Дээрх уулзалт, ярилцлага, хурал нь гадаад харилцааны салбарт ажиллагсад түүний дотор шинэ залуу дипломатууд, оюутан сурагчдад М.Дүгэрсүрэн сайдын үлгэр дууриал, ажлын туршлагаас суралцах боломжийг нээснээрээ чухал арга хэмжээ боллоо. ГЯЯ-НЫ САЙД АГСАН М.ДҮГЭРСҮРЭНГИЙН МЭНДЭЛСНИЙ 90 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН “ТЭР ҮЕИЙН ДУРСАМЖ” СЭДЭВТ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГЫГ НЭЭЖ ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Г.ЗАНДАНШАТАРЫН ХЭЛСЭН ҮГЭрхэм хүндэт ахмад дипломатууд, ажилтнууд, зочид төлөөлөгчид өө,Та бүхний энэ өдрийн амрыг эрэн мэндчилье.Одоогоос 90 жилийн тэртээ нэгэн нэрт дипломатч Баянхонгор аймгийн Галуут суманд мэндэлсэн нь Гадаад явдлын яамны сайд агсан, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мангалын Дүгэрсүрэн байсан билээ.ГЯЯ-ны сайд агсан М.Дүгэрсүрэн нь гадаад харилцааны салбарт 38 жил, түүний дотор гадаад явдлын яамны сайдаар 17 жил ажиллан, Монгол Улсад орчин үеийн дипломат алба үүсч хөгжихөд үнэтэй хувь нэмрээ оруулсан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн билээ. Түүний ажилсаг, зарчимч, хариуцлагатай, нягт нямбай чанарыг өвлөсөн олон шилдэг дипломатчид Монгол Улсын гадаад харилцаа, дипломат албаны өнөөгийн ноён нуруу болж яваа нь түүний энэ салбарт бүтээсэн үнэлж баршгүй гавьяаны нэг хэсэг хэмээн тэмдэглэхэд таатай байна. Тэрбээр өндөр настны тэтгэвэрт гарсныхаа дараа ч эзэмшсэн мэргэжил, ажлын баялаг туршлагаа залуу хойч үедээ өвлүүлэхийг зорин МУИС-ийн ОУХС-д багшлан олон улсын харилцааны мэргэжилтэн боловсон хүчин бэлтгэхэд өөрийн хувь нэмрээ оруулсаны зэрэгцээ олон улсын харилцаа, эрх зүйн чиглэлээр олон арван шилдэг бүтээлийг туурвисан билээ.Ийм ч учраас энэ эрхэм хүний мэндэлсний 90 жилийн ойг ГХЯ, МУИС-ийн ОУХС, “Монгол элч” ТББ хамтран ёслол төгөлдөр тэмдэглэхээр шийдвэрлэж, энэ ажлын хүрээнд олон арга хэмжээнүүдийг зохион байгуулж буйн нэг нь өнөөдрийн энэхүү дурсамж яриа бүхий уулзалт, ярилцлага юм.Энэ утгаараа “Тэр үеийн дурсамж” сэдэвт энэхүү уулзалт, ярилцлагад ГЯЯ-ны сайд агсан М.Дүгэрсүрэнтэй хамт ажиллаж байсан үе үеийн дипломатууд, хамтран ажиллагсад, түүнчлэн түүний үлгэр дууриаллыг өвлүүлэхээр шинэ залуу үеийн дипломатууд та бүхнийг өнөөдрийн энэхүү уулзалт, ярилцлагатаа урьж оролцуулж байгаа юм. Энэхүү ярилцлага Та бүхэнд М.Дүгэрсүрэн сайд агсан гадаад харилцааны салбарыг бэхжүүлэх, хөгжүүлэхийн төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр хэрхэн ажиллаж байсан тухай түүхэн дурсамжийг үлдээнэ гэдэгт итгэж байна.Та бүхэнд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Анхаарал тавьсанд баярлалаа.