Мэндчилгээ Нийслэлийнхээ хоймор болсон Чингэлтэйчүүддээ баярын мэнд хүргье
2010.12.28

Мэндчилгээ Нийслэлийнхээ хоймор болсон Чингэлтэйчүүддээ баярын мэнд хүргье

Мэндчилгээ Нийслэлийнхээ хоймор болсон Чингэлтэй дүүргийн нийт оршин суугч, сонгогчдодоо айлчлан ирж буй шинэ оны мэнд хүргэж та бүхэндээ эрүүл энх, амьдралын баяр жаргалыг айлтган мэндчилье.


Хэдхэн хоногийн дараа та бид хүн төрөлхтний хөгжил дэвшлийн гараа 21 дүгээр зууны аравдугаар оныг үдэж эх орныхоо шинэ ирээдүй, хөгжлийн эхлэлийг 2011 онд хүлээлгэж өгөх гэж байна. Чингэлтэй хайрхан уулынхаа ивээлд багтаж, өвөрт нь налайсан та бид их хотынхоо хөгжил цэцэглэлтийн төлөө бүтээлч хөдөлмөр, чин сэтгэлээ зориулж, өрнүүн их амжилтаар түүхийн алтан хуудсыг баяжууллаа. Улирч буй 2010 онд бид бүхэн дүүрэн билэг төвшин жаргалтай байж ажиллаж байгаа салбар бүхэндээ бахдам амжилт гаргацгаалаа. Бидний амьдран суугаа Чингэлтэй дүүрэг тохижилт үйлчилгээ, үйлчилгээний соёл, бүтээн байгуулалт гээд бүх л талаар шинэчлэлт хийж иргэдийнхээ өмнө хийсэн ажилтай, хэлэх үгтэй нүүр бардам байгаад сэтгэл нэн ханамжтай байна. Миний бие та бүхний эрх ашгийг төлөөлж хууль тогтоох дээд байгууллагад ажилладгийн хувьд нийгмийн бүх л салбарын үйлчилгээг иргэд, сонгогчдынхоо хэрэгцээ шаардлагад нийцүүлэн улам боловсронгуй болгохын төлөө боломж бололцоогоо дайчлан ажиллаж байна. Ажлын нааштай үр дүн ч гарч байгаа.

Чингэлтэйчүүд та бүхэндээ ажлын их амжилт, аз жаргалын дээдийг хүсэн ерөөе. Та бүхэн хуучин оноо амжилт бүтээлээр дүүрэн үдэж, айлчлан ирж буй шинэ онтой золгох нижгэр баяраа эвтэй найртай сайхан тэмдэглээрэй.

Ирж буй 2011 он Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100 жил, Ардын хувьсгалын 90 жилийн түүхт ой тохиох онцгой жил болно. Та бүхэндээ энэхүү түүхэн шинэ оны халуун мэндийг дахин дэвшүүлье.

Гарч буй 2011 он Монгол түмний минь заяа буяныг дээдлэн өргөх болтугай.

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.