“Монгол хүн 2020” хэлэлцүүлгийг Говьсүмбэр үргэлжлүүллээ
2011.03.28

“Монгол хүн 2020” хэлэлцүүлгийг Говьсүмбэр үргэлжлүүллээ

Ардчилсан намын “Монгол хүн 2020” хөтөлбөрийн багийнхан өнгөрөгч амралтын өдрүүдэд Говьсүмбэр аймагт ажиллалаа. Хэлэлцүүлэгт намын дарга Н.Алтанхуяг, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат болон УИХ-ын гишүүн П.Алтангэрэл, Г.Баярсайхан, ХААХҮ-ийн дэд сайд Х.Золжаргал болон ХУД-ийн Засаг дарга, дүүргийн намын дарга Ж.Ганхуяг, Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын дарга Б.Батбаатар нар оролцлоо.


Аж үйлдвэрийн хот, хөгжлийн томоохон зангилаа байх учиртай Говьсүмбэр аймгийн иргэд  20-н жилийн турш, Оросын хогоор тэжээгдэж ирлээ гэх харамсалтай үгийг нутгийн иргэд төр засгийн удирдлагуудад дуулгалаа.  Говьсүмбэр аймаг 13 мянган хүн амтай, гурван сумтай манай улсын хамгийн залуу аймаг. Хэдийгээр хүн ам цөөтэй ч сүүлийн жилүүдэд өсөх хандлага нэлээдгүй ажиглагдах болсон хэдий ч Оросын цэргийн ангиас хаягдал төмрийг түүж, байшингийн тууриас үлдсэн блокыг цохиж ашиглах, газар ухаж хонгио, кабель түүх зэргээр өдөр хоногийг аргацааж байгаа нь энэ аймгийн хувьд эмгэнэл болоод байна. Алт ухаж, нинжа нарын үлдээдэг уурхайн нүх шиг хонгио, кабель ухсан нүхнүүд тус аймагт олон байдаг байна. Гэтэл аливааа аймаг иргэндээ суурилсан хөгжлийн бодлого, аж үйлдвэртээ тулгуурласан эдийн засгаараа баялаг бүтээж иргэдийнхээ амьжиргааг залгуулах ёстой. 

Энэ аймгийн хувьд,  жилдээ 20 гаруй тэрбум төгрөгийн цэвэр ашиг олдог Шивээ-Овоогийн хүрэн нүүрсний уурхай дээр түшиглэн хөгжлийн бодлого, хэтийн төлөвлөлтөө хийх бүрэн боломж бололцоо бий гэдгийг төр, засгийн удирдлагууд хэлдэг. Гэвч өнөөдрийг хүртэл аймгийнхаа, хүн амынхаа хөгжлийг тодорхойлсон нэг ч төлөвлөлтийг Говьсүмбэрийн орон нутгийн захиргаа гаргаагүй байгаа нь  хачирхалтай. Уг нь бол аймаг болгон өөр өөрийн гэсэн хөгжлийн тодорхой төлөвлөгөөтэй байх учиртай. Говьсүмбэрийн энэ байдал, тус аймгийн захиргаа,  эрх ямбатнууд зөв стратегиар ажиллаж чадаж байна уу гэдэг асуудлыг  хөндөхөд хүргэж байна.

Дашрамд дуулгахад үлгэр домог мэт арав хорин жилээр нэг хүн бүхэл бүтэн  аймгийн даргаар  хаан суудаг  улс төрийн гаж тогтолцоо манай  улсаас өөр хаа ч байдаггүй биз. Булган аймагт 11 жил тасралтгүй хаан сууж байгаа засаг даргын түүх Говьсүмбэрт ч мөн адил давтагдаж байгааг иргэд нь эсэргүүцэн ярьж байна.  Аймгийн засаг дарга Баянмөнх сонгуулиас сонгуульд иргэдийн саналыг луйварддаг эрдэмд гарамгай суралцсаныхаа ачаар хааныхаа сэнтийгээс ховхрохгүй наалдсаар 11 дэх жилээ үдэж, ард иргэдээ дарангуйлсаар байна.

“Монгол хүн 2020- Говьсүмбэр” хэлэлцүүлгийн үеэр Говийн аймгуудад нийтлэг байдаг цөлжилтийн асуудлыг  нэлээдгүй хөндөж, энэ асуудлыг төр засаг анхааралдаа авахыг хүссэний зэрэгцээ Говьсүмбэрийн ундны усыг цэвэршүүлж хөрсний бохирдлыг арилгах асуудлууд  нэн түрүүнд тулгамдаж байгааг иргэд ярьж байлаа. Ундны усны бохирдол өнөөдөр Говьсүмбэр аймагт гамшгийн хэмжээнд хүрч үүнээс улбаалан иргэдийнх нь цөс болон бусад дагалдах эрхтэн муудаж,  дундаж наслалт 40 хүрч болоод байгаа талаар нутгийн иргэд ярьж байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.