Даничууд хамгийн аз жаргалтай ард түмэн
2012.04.08

Даничууд хамгийн аз жаргалтай ард түмэн

Даничууд бол манай гараг дээрх хамгийн аз жаргалтай ард түмэн гэдгийг НҮБ-ын ивээл дор бэлтгэсэн «Дэлхий нийтийн аз жаргалын талаарх илтгэл»-д дурджээ. Уг судалгааг Колумбын их сургуулийн шилдэг эдийн засагчид болох Жон Хеллиуэлл, Ричард Лэйард, Жеффри Сакс нар хийсэн байна.

«Копенгаген пост» сонинд бичсэнээр, аз жаргалтай орнуудын шинэ жагсаалтыг Скандинавын орнууд тэргүүлсэн бөгөөд хоёрдугаарт Финланд, гуравдугаарт Норвеги улс орсон бол Швед долдугаарт бичигджээ. Харин АНУ дээрх жагсаалтын 11 дүгээрт, Их Британи 18 дугаарт орсон байна.

«Хамгийн аз жаргалгүй улсаар» жагсаалтын сүүлийг мушгисан Того болон Бенин улсууд тодорчээ. Гэхдээ Европын орон бүхэн аз жаргалтай байдаг гэсэн баталгаа байдаггүй нь харагдсан байна. Жишээ нь, Болгар улс гэхэд жагсаалтын 146 дугаарт бичигджээ.

Судалгааны дүнг 2005-2011 онд 156 орны 15-аас дээш насны хүмүүсийн дунд явуулсан санал асуулгын дүнд үндэслэн гаргасан байна.

Судалгаанд хамрагдсан орнуудад 10 оноо өгсөн бөгөөд Дани улс 8 оноо авсан бол Того улс ердөө 3-хан оноо авчээ. Улс орнуудад тавьсан гол шалгуурууд нь улс төрийн хувьд эрх чөлөөтэй байдал, хүн амын нийгмийн хамгааллын тогтолцоо, авлигын түвшин зэрэг юм.

Сүүлийн жилүүдэд эдийн засагчид улс орнуудын эдийн засгийн үзүүлэлт болоод нийгмийн ололт амжилтыг дүгнэхэд ДНБ-ний үзүүлэлт хангалтгүй гэж үзэх болсон бөгөөд шинэ шалгуурууд тавих талаар судалж байгаа гэнэ.

Түүнчлэн ард түмний аз жаргал нь тухайн улс орны эдийн засгийн хөгжилтэй огтхон ч холбоогүй гэж судалгаанд оролцсон Жеффри Сакс үзэж байна. Жишээ нь, АНУ-ын эдийн засаг 1960-аад оноос эрчимтэй хөгжсөн боловч аз жаргалын үзүүлэлт нь огтхон ч өөрчлөгдөөгүй гэж тэрбээр ярив. Түүний үзэж байгаагаар, эдийн засгийн өсөлтөөс илүүтэй нийгмийн харилцаа болон эрүүл мэндийн байдал ард иргэдийг аз жаргалтай байхад нөлөөлдөг ажээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.