Монголын ядуурал буурчээ
2012.04.18

Монголын ядуурал буурчээ

Монголын ядуурал буурчээ. Ялангуяа хөдөөд ядуурал нэлээд багассан гэнэ. Монгол Улс өнгөрсөн жил эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийг гайхшируулсан. Газрын хэв­лий доороо ихээхэн хэмжээний баялагтай Монгол Улсын эдийн засаг ашигт малтмалынхаа ачаар анх удаа дэлхийд гайхагдсан. Ядуу буурайгаараа цоллуулж явсан  Монгол Улс баяжлаа хэмээн гадаа­дын­­хан өдгөө атаархангуй харц чулуудаж, харин монголчууд өөрсдөө амьдрал нь төдийлөн дэвжиж, дээшлэхгүй байгаад гомдоллосоор л байгаа. Үсрэнгүй өсөлт нь үнийн өсөлт болоод хувирчихсан Монгол Улсад ядуурал  өдрөөс өдөрт тэлж буйг ч шүүмжлэх хүмүүс байдаг. Гэхдээ үүнийг аман яриагаар бус судал­гаа нотолгоотойгоор мэргэж­лийн байгууллагууд нь үгүйсгэж байна.

Өнгөрсөн жил Төрийн ор­донд болон нэгэн зөвлөгөөний үеэр ядуурал 40 хувьд хүрээд байгааг мэдээлж байсан. Тэгвэл Үндэс­ний статистикийн хороо, Дэл­хийн банкнаас гаргасан судал­­­гаа­гаар энэ нь худлаа болж таа­рах нь. Өрхийн орлого, зар­ла­га, амьжиргааны төвшний судал­­гаа, ядуурлын үзүүлэлтийн талаарх судалгаагаа  тэд өчигдөр хэв­лэ­лийнхэнд танилцуулсан юм. Дээрх судалгаагаар Монгол Улсын ядуурлын хэмжээ 29.8 хувь болж 2010 оныхоос 9.4 хувиар буурчээ. Ядуурлын хэмжээг  бүс нутгаар авч үзвэл баруун бүсийн ядуурлын хэмжээ 30.2 хувь, хангайн бүсийнх 38.9 хувь, төвийн бүсийнх 27.2 хувь, зүүн бүсийнх 34.3 хувь, Улаанбаатар хотод ядуурлын хамрах хүрээ 23.5 хувь болж, 2010 оныхоос бүс бүрт 2.1-20.9  хувиар буурсан үзүүлэлттэй гарсан байна. Өөрөөр хэлбэл Монгол Улсын баруун аймгуудад ядуурлын төвшин хамгийн өндөр байгаа аж. Харин төв болоод Улаанбаатар хотод ядуурлын төвшин харьцангуй бага байна. Гэхдээ хоёр жилийн өмнөхтэй харьцуулахад хөдөөд ядуурал нэлээд багассан ажээ.

Ядуурлын хэмжэг суурьшлаар авч үзвэл сумын төв, хөдөөд хамгийн их бууралттай байгаа гэнэ. Нэг үеэ бодоход  зах зээлд мах сүү, түүхий эдийн үнэ өссөн нь хөдөөгийнхний амьдралд эерэгээр нөлөөлсөн байна. Сүүлийн хоёр жилд хөдөөгийнхний амьдрал эрс дээшилсэн гэнэ. Түүнчлэн цаг агаар сүүлийн жилүүдэд тогтуун сайхан байсан нь хөдөөгийнхний амьдралыг багагүй тэтгэсэн бололтой. Учир нь Монгол Улсад сүүлийн хоёр жил  ган гачиг, зуд турхан, байгалийн гамшиг тохиолдоогүй. Энэ нь хөдөөд мал өсч, ядуурал буурахад дэм болжээ. Монгол Улс өнгөрсөн жил 40 сая толгой мал тоолуулсан бөгөөд өмнөх 2010 оноос малын тоо толгой даруй дөрвөн саяар өссөн. Малын хорогдол ч нэлээд хэмжээгээр буурсан байна. Өнөөдрийн байдлаар ядуурлын үзүүлэлтүүдийг бүс, улсын түвшинд мөн суурьшлаар тооцон гаргаж байгаа бөгөөд цаашид аймаг сумаар нь ядуурлын хэмжээг тооцдог болох гэнэ. Ядуурал, амьжиргааны үзүүлэлтүүдийг аймаг, нийслэл, бүс, улсын хэмжээгээр тооцон гаргах нь улс орны хөгжлийн төлөвлөлт, төрөөс хэрэгжүүлсэн бодлого, хөтөлбөрийн үр нөлөөг үнэлэхэд чухал ач холбогдолтой юм байна.

Дэлхийн банкны мэргэжилтнүүд монголчуудын буруутгаад буй эдийн засгийн өндөр өсөлт иргэдийн амьд­ралд  сайнаар нөлөөлж бай­гааг онцолсон. Тус банкны мэргэ­жилтнүүд ядуурал буурсан хэмээн дүгнэсэн  шалтгаанаа  хөдөөд малын тоо толгой өссөн, түүхий эдийн үнэ ханш тогтвортойгоор байнга өсч байгаа, иргэдийн банкин дахь хадгаламж нэмэгдсэн, дэлгүүрийн лангуун дээрх барааны үнэ өсөж байсан ч иргэдийн орлого буураагүй гэдгээр тайлбарлаж буй. Гэхдээ ядуурал буурч байна гээд Засгийн газар санаагаа амраах хэрэггүй гэсэн шүү. Хэдийгээр ядуурал буур­сан ч Монголын олон өрх ядуу хэвээр байгааг анхааралдаа авахыг сануулсан. Мөн Монголд сүүлийн жилүүдэд баян ядуугийн ялгаа хэт их гарсан гэнэ.  Тиймээс хөдөөгийн болон хотод шинээр ирж байгаа хүмүүсээ дэмжих, баялгийн хуваарилалтаа иргэдэд  тэгш хүртээх, эдийн засгийн хямрал, зуд турханаас үүдэн ядуувтараас ядуучуудын эгнээнд орох гэж байгаа иргэддээ анхаарал хандуулах ёстой гэнэ. Мөн дундаж давхрагаа дэмжих хэлбэрээр ядууралтай тэмцэхийг зөвлөв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.