Г.Баярсайхан: Хамгийн их авлигад өртөг байгууллагын нэг УИХ гэсэн учраас Ёс зүйн дэд хороо “шалгана”
УИХ-ын Ёс зүйн дэд хороо УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг “шалгах”-аар болжээ. Авлигтай тэмцэх газарт гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгах хүсэлтэй байгаагаа албан бичгээр хүргүүлээд байгаа гэнэ. Энэ талаар УИХ-ын Ёс дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн Г.Баярсайханаас бид тодруулсан юм.
-Танай хорооноос УИХ-ын гишүүдийн хөрөнгө, орлогын мэдүүлэгтэй танилцах тухай албан бичиг Авлигтай тэмцэх газарт хүргүүлсэн гэсэн. Ямар нэг хариу ирээ юу?
- УИХ бусад байгууллагын ажлыг л шалгаад байдаг. Харин өөрсдийн асуудлыг анхаарахгүй орхидог нь нууц биш юм. Ийм учраас Ёс зүйн дэд хороо энэ асуудалд анхаарна. Ёс зүйн дэд хорооны хүсэлтийн дагуу Авлигтай тэмцэх газраас өнгөрсөн баасан гаригт зарим гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлгийг ирүүлсэн. Гэхдээ бүрэн гүйцэт ирээгүй байна.
-Яагаад дэд хороо гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг Авлигтай тэмцэх газраас авах болов?
-Авлигтай тэмцэх газраас хийсэн судалгаанд хамгийн их авлигад өртдөг байгууллагын нэгээр УИХ шалгарсан байсан. Тиймээс манай дэд хороо 76 гишүүний хөрөнгө орлогын мэдүүлгийг аваад энэ долоо хоногоос холбогдолтой мониторингийг хийхээр зэхэж байна.
-Ёс зүйн дэд хороо 10 орчим жилийн дараа арай гэж үйл ажиллагааны дүрэмтэй болсон санагдаж байна. Хамгийн түрүүнд хэлэлцэхээр төлөвлөсөн ямар асуудал байна вэ?
Дэд хорооны бүтцийг УИХ-аар баталсны дараа бид хурлаа хийж, энэ жилийн ажлын төлөвлөгөө батлах гэж байна. Өнөөдрийн байдлаар шинээр өргөдөл ирээгүй байгаа. Саяхан манай дэд хорооноос УИХ-ын гишүүдэд ямар нэг сурталчилгаанд тоглохгүй байх сануулга өгчихөөд байна.
-Дэд хорооны бүрэлдэхүүнд бас өөрчлөлт орж байгаа юм уу?
-Тиймээ, өмнө нь 10 гишүүнтэй байсан бол одоо зургаан гишүүнтэй болж байна. АН, МАХН-ын бүлгээр ярилцаад ингэж шийдсэн юм.