Хотын дарга УИХ-д нэр дэвшихгүй гэв
Хотын дарга Г.Мөнхбаяр
2008.01.01

Хотын дарга УИХ-д нэр дэвшихгүй гэв

Ийм мэдээллийг  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр хэвлэл, мэдээллийнхэнд өчигдөр өглөө.

УИХ, НИТХ-ын сонгууль болоход сар гаруйхан хугацаа үлдэж, намууд нэр дэвшигчдээ тодруулах, хэнийгээ хаана сойхоо ид ярьж буй үед Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт МАН-аас нэр дэвших нь  тодорхой хэмээн урьдчилсан тааварт орж байсан хотын мээр өөрийнхөө шийдвэрийг танилцуулсан юм. Яармагийн гүүрнээс Нисэхийн товчоо, Сонсголонгийн уулзвараас Яармагийн товчоо хүртэлх 13,7 км замын барилгын ажлын нээлтийн үеэр УИХ-ын сонгуульд нэр дэвших бодолгүй байгаагаа хэлсэн.

“Монгол Улсын Засгийн газрын арванхоёрдугаар сард баталсан төсвийн хуулиар дээрх 13,7 км замыг барих хөрөнгө оруулалтын асуудлыг шийдсэн. Улаанбаатар хотын зүгээс дөрөвдүгээр сард бэлтгэлээ хангаж ажиллалаа. Гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулах, зураг төслийг бэлэн болгох гээд инженерийн ажлуудыг хийж дуусгасан. Ер нь Улаанбаатар хотод гурван том замын ажил энэ жил хийнэ. Орон сууцны хороолол доторх бичил замын ажил 14 газарт эхлээд эхнээсээ ашиглалтад өгч байна” гэдгийг хотын дарга онцолсон.

Улаанбаатар хотод томоохон төсөл арга хэмжээнүүд хэрэгжиж эхлээд байгаа. Авто замын сүлжээнд энэ жил л гэхэд гурван том төсөл хэрэгжинэ. Орон сууцны хороолол доторх зам, Олон улсын нисэх буудал хүртэлх хурдын замын үргэлжлэл, Богд уулын араар Баянзүрхийн товчоог Яармагийн гүүрний замтай холбох ажил тод жишээ нь. Олон улсын хөрөнгө оруулалтаар давхар замын тендер зарлах бэлтгэл ажил үндсэндээ дууслаа. Замаас гадна орон сууц, цэцэрлэгт хүрээлэн, хот тохижилт, багш сурагчдын ажиллаж сурах орчин, нийслэлийн иргэдийн ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд зориулсан томоохон хөтөлбөрүүд хэрэгжиж байна.

Энэ бүхнийг дуусгах, эхэлснээ ажил хэрэг болгох нь Улаанбаатар хотын даргын хувьд хамгийн чухал. Эхэлсэн ажлаа дуусгах хэрэгтэй хэмээн хотын мээр хэлсэн нь түүний тайлбар нь байв.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.