Д.Ганхуяг: Улс төрчид ганцхан жил амьдрахгүй гэдгээ ойлгох хэрэгтэй
2011.02.12

Д.Ганхуяг: Улс төрчид ганцхан жил амьдрахгүй гэдгээ ойлгох хэрэгтэй

 

УИХ-ын гишүүн Д.Ганхуягтай ярилцлаа

 

Монгол Улс ирэх онд хэчнээн төгрөгийн зардал гаргаж, хаанаас орлого бүрдүүлэхийг парламентаар хэлэлцэн баталсан. Тодруулбал, Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хууль юм. Уг хууль дээр АН-ын бүлгээс гаргасан ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Ганхуяг ажилласан байна. Түүнтэй ирэх оны төсвийн тапаар ярилцлаа.
-2012 оны улсын төсөв батлахад АН их хүч тавилаа. Хэр сайн төсөв болсон гэж үзэж байна вэ?
-Засгийн газраас өргөн барьснаар бол сонгуульд зориулагдсан маш үрэлгэн төсвийн төсөл ирсэн. Төсвийн тухай хуулийг хэлэлцэх эсэхээ шийдэх үеэс л АН-ын бүлэг байр сууриа илэрхийлсэн. Энэ жилийн төсвийн орлого, зарлага нь хэтэрхий их тэлсэн, алдагдал ихтэй, энэ төсвийг баталчихвал Монгол Улс инфляцид идэгдэнэ, иргэдийн амьжиргаанд хүндээр тусна гэж хэлсэн шүү дээ. Тиймээс үрэлгэн төсвийг үр ашигтай болгон өөрчилье гэдгийг Ардчилсан намынхан анхнаасаа л санал болгосон. Ингээд ажлын хэсэг байгуулаад Засгийн газартайгаа хамтран зөвшилцөөд ажиллалаа. Ингэхдээ хамгийн түрүүнд улс орныхоо эрх ашгийг, хоёрт хамтран Засаг барьж буй хоёр намын мөрийн хөтөлбөрийг хэрэг-жүүлэхэд анхаарлаа хандууллаа. Мөн сонгуулийн тойрог бүрт тулгамдсан асуудал буйг шийдэхээр хичээсэн.
-Монгол  засгийн өсөлт 17.6  хувьд хүрсэн хэрнээ иргэд улам л ядуу амьдрах болж. Үүнийг арилгах төсөв л бидэнд хэрэгтэй.   Төсвийн   энэ өсөлтийг иргэдийн амьжиргаанд наалдуулахын тулд ямар арга хэмжээ авсан бэ?
-Тийм ээ. Бид хамгийн гол нь иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлж, дундаж орлоготой иргэдийг нэмэгдүүлэхэд гол анхаарлаа хандуулсан. Энэ бол Ардчилсан намын зорилт. Манай нам иргэдийн авч буй цалин амьжиргаандаа хүрдэг байх ёстой, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмждэг, баян хоосны ялгааг арилгах зэрэг үндсэн бодлоготой.
-Асуултаа жаахан тодруулъя. Энэ төсөвт иргэдийн амьжиргааг дээшлүүлэх ямар эерэг бод логууд тусгагдсан бол?
-Өнөөдөр Монголд нэг хүнд оногдох  ДНБ 4000-5000 ам.доллартай тэнцэхүйц байна. Харин цалин ДНБ-ий  20-30 хувьтай тэнцэж байна. Гэтэл сүүлийн 10-аад жилд халамж хавтгайрсан. Харамсалтай нь, энэ халамж иргэдийн амьдралд наалдаж өгдөггүй. Тэр байтугай ажил хийж буй хүмүүс нь дөнгөн данган амьдралаа залгуулдаг. Өндөр хөгжилтэй оронд нэг хүнд оногдох ДНБ 40 мянган ам.доллар байхад сарын цалин 1500-6000 доллартай тэнцдэг. Тийм учраас бид монголчуудын цалин тэтгэврийг дэс дараалалтай нэмэгдүүлэх хэрэгтэй гэж үзсэн. 2008 оны түвшингээс дахин нэмэх нөхцөлийг бүрдүүлсэн. Дээр нь энэ төсвийг баталснаар ашигт малтмалын эзэн нь ард түмэн байх ёстой гэдэг АН-ын олон жилийн хүсэл мөрөөдөл биеллээ оллоо.
-Иргэн   бүрт   1072 хувьцаа  олгоно гэсэн. Ингэснээрээ л ард    түмэн    газар доорх баялгийнхаа эзэн нь болчихно гэж үзсэн хэрэг үү?
-Баялгийн эзэн гэдэг бол хувьцаагаа үнэт цаасаар зарах эрхтэй, орлого орж ирэх тоолонд ноогдол ашгаа авах эрхтэй хүнийг хэлэхгүй гэж үү. Эрдэнэс   Таван   толгойн хувьцаанаас иргэн бүрт нэг сая төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий   хувьцаа   олгохоор боллоо.   Эрдэнэс   Таван толгойн хувьцааны  30 хүртэлх хувийг олон улсын вальютын санд шинээр хувьцаа гаргаж худалдвал   одоогийн нэг сая төгрөгний  хувьцаа хамгийн бага бодоход гурван сая төгрөг  хүрч өснө. Энэ бол зүгээр  зохиогоод хэлчихэж буй зүйл  биш ээ. Өнгөрсөн жил л гэхэд Ухаа худагийн 20-хон xyвь хувьцаа гарган худалдах 650 сая ам.долларын ашиг  олсон шүү дээ.
-Иргэд ноогдсон хувьцаагаа эзэмшлээ гэж бодъё. Тэгвэл таны 1072 xyвьцаа жилд хэдэн төгрөгийн ашиг авчирна гэсэн тооцоо гаргаж үзсэн үү. Ер нь, одоо энэ парламент иргэддээ     хувьцааны  талаар ойлголт өгөх том    ажилд    орох ёстой юм шиг ээ?
-Иргэн   та   хувьцаагаа  зарлаа гэж тооцоход дээрх ашиг гарна. Харин ноогдол ашгаа хүртэнэ гэвэл бидний тооцоогоор хүн бүр жилдээ  3 мянган ам.долларын ашиг авах   юм   билээ.   Гэхдээ хувьцаа нь баялаг бүтээсний  дараа ашгаа өгнө. Баялаг  бүтээж буй нөхцөлд бол энэ  ноогдол ашиг инфляц өсгөхгүй. Харин иргэн та хувьцаагаа авахгүй ээ, надад мөнгө  нь  хэрэгтэй  гэвэл зөвхөн төр худалдаж  авна гээд бид хуульчилсан. Ер нь  хувьцаа гэдэг тийм ч хүнд асуудал биш. Өндөр хөгжилтэй орнууд банкинд мөнгөө хадгалуулж хүү авч баяжих биш, үнэт цаасны хувьцаа наас ашиг олох замыг сонгодог. Хувьцааны ач холбогдлыг хүмүүс маш сайн ойлгох хэрэгтэй.   Бидний   зүгээс зөвлөхөд, иргэд ирээдүйгээ бодвол хувьцаагаа авсан нь дээр шүү.
-Парламент иргэдэд хувьцаагаа авахыг зөвлөлөө. Гэтэл монголчууд үнэхэхээр ядуу, амьдрал дорой байгаа учраас xyвьцаа авч, ашиг хүлээж суухгүй ээ. Үүний оронд нэг сая төгрөгөө авъя гэх магадлал өндөр байна л даа?
-Тийм тохиолдол гарах магадлал бий л дээ. Гэхдээ үүнийг бид тогтоолоор зохицуулна. Зөвхөн төр худалдаж авна шүү дээ.
-Тодруулахгүй юу. Төсөвт 400 мянган хүнд нэг сая төгрөгийг нь бэлнээр олгоно гээд тусгачихсан. Гэтэл нэг сая хүн мөнгөө бэлнээр нь авна гэвэл яах вэ. Худалдаж авах нөхцөлөөр бүрдүүлнэ гээд байгаа. Яаж, тэр мөнгө нь хаана байна вэ?
-Бэлнээр бүгдийг нь олгох эрсдэлтэй. Бид 2012 оны улсын төсвийн хуулийн төслийг дахин нягтлаад зардлыг 900-гаад тэрбум, алдагдлыг 250 тэрбумаар танасан. Ингээд төсвөөр дамжин зах зээлд нийлүүлэх мөнгийг 1.2 их наяд төгрөгөөр багасгасан гэсэн үг. Үүнээс ч илүү танах сонирхол бидэнд байсан. Ер нь, таны хэлдгээр, санхүүгийн зах зээл хямрах, иргэд сая төгрөгтөө хошуурах магадлал өндөр. Тийм ч учраас төсвийн тодотголыг он гаргаад зайлшгүй хийх шаардлагатай. Нэг удаагаар бүх юм дуусчихгүй гэдгийг төр ч, иргэд ч ойлгох хэрэгтэй. Хэрвээ иргэд нэг сая төгрөгтөө хошуурчихвал инфляц 30-40 хувьд хүрчих вий дээ. Ингэвэл таны авсан нэг сая төгрөг юу ч биш болно шүү.
-Төсвийг ингэжтанасан ч цаана нь инфляц хөөрөгдөх зүйл олон үлдсэн гэх юм. Та ч бас үүнийг хүлээн зөв-шөөрсөн мэт үүнээс илүү танах сонирхол байсан гэж ярилаа?
- 2011 оны төсвийг 2012 онтой харьцуулаад, дээрээс нь 2002 оноос хойшхи бүх төсвийг хянаж үзсэн. Ингэхэд төсвөөс зах зээл рүү урсах мөнгө жил бүр 60-70 хувь нэмэгдэж байна билээ. Төсөв хэлэлцэхэд инфляцад нөлөөлөх зүйл байсан, нуухгүй. Төсвийн хөрөнгө оруулалт л гэхэд 2011 оныхтой харьцуулахад дахин ихээр батлагдлаа.Уг нь бол өнгөрсөн оны төвшиндөө баригдах ёстой шүү дээ. Гэтэл одоо баахан бэлэн мөнгө тараах гэж байна. Хэрвээ иргэд нэг сая төгрөгтөө хошуурчихвал инфляц хоёр оронтой тоо pyy ороод л явчихна. Энэ мэтээр сонгуулийн үеэр инфляц хөөрөгдөх нь гэж тооцоолсон хэрнээ яах ч арга байгаагүй.
-Таны хэлэх гээд буй зүйл товчхондоо, "Иргэдээ хувьцаагаа аваачээ. Ингэвэл төрдөө ч, иргэн танд ч ашигтай" гэсэн үг байх нь?
- Монгол бол 2.8 сая хүний л орон . Бид бэлэн мөнгө тараавал инцяцад хөмрөгдөх нь  гэдгийг парламентийн гишүүд  ч ард түмэндээ маш сайн ойлгуулах хэрэгтэй. Ер нь бол ашигт малтмал байгаагүй бол монголчууд цалин тэтгэврээрээ л амьдарна биз  дээ. Тиймээс энэ ашигт малтмалаа үр ашигтай ашиглаад улс орноо ч бод, өөрийгөө ч бод гэдгийг ой'лгуулмаар байна. Манайх чинь үйлдвэрлэл хөгжөөгүй, түүхий эдийн орон. Дээрээс нь эдийн засгийн хувьд хэт хараат орон. Тийм учраас улс төрчид ч , иргэд ч ганцхан жил амьдрахгүй гэдгээ ойлгох хэрэгтэй.
-Нэг асуудал байна л даа. 1072 хувьцааг анх 536 хэмээн ярих үед иргэдэд үнэгүй олгох нь, дээрээс нь намуудын амласан бэлэн мөнгийг авах нь гэж хүмүүс ойлгосон. Гэтэл одоо энэ хоёрыг нэг зүйл мэт ярих боллоо гэж шүүмжлэх нэгэн байна?
-Энэ тухай бид ярьсан л даа. Таван толгойн хувьцааг хүмүүс хоёр салгаж ойлгох хэрэгтэй. "Эрдэнэс МГЛ" компанийн хувьцаа бол хурдан хугацаанд хөдөлгөөнд оруулж, ашиг олох зорилготой. Таван толгойн төрд үлдэж буй 50 хувь нь зардагтүй, эргэлдүүлдэггүй, зөвхөн иргэддээ ноогдол ашиг хүртээх зорилготой хувьцаа. Үүнийгээ давуу эрхийн, эсвэл алтан хувьцаа гэж нэрлэж байгаа.
-Цалингийн нэмэгдлийг хойшлуулахад төрийн албан хаагчид бухимдаж, хувийн хэвшлийнхэн алгаа ташсан. Гэхдээ хоёр, гуравхан сараар ийнхүү хойшлуулах нь мөн л арга ядсан хэрэг биш гэж үү?
-Цалингийн нэмэгдлийг дөрөвдүгээр сарын 1 , аравдугаар сарын 1 гэж хойшлуулснаар 100-гаад тэрбум төгрөг хэмнэлээ. Өнөөдөр Монголд төрийн албан хаагч 210 мянгад хүрчээ. Үүнийг 10 мянган  хүнээр нэмэгдүүлэхээр  төлөвлөсний 80 хувийг нь шууд танасан. Гэхдээ л бодсондоо хүртэл хасч чадсангүй. Дээрээс нь, анхны хуулийн төслөөр бол өрийн хэмжээг 10 их наядад хүргэхээр тусгасан. Үүнийг бид 5.7-гоор баталлаа. Яахав, бид сонгуульд ялах гээд бэлэн мөнгө тараахаар нэг удаа төсөвт зоочихъё. Тэгвэл инфляцид хөмрөгдчихнө шүү дээ.
- Аль болох инфляцаас зугтах боломж хайснаа та  тайлбарлалаа. Гэхдээ 2012 оны төсвийг бүтээн байгуулалтаас татгалзаж, нийгмийн халамж руу тэмүүллээ гэж дүгнээд шүүмжлэлтэй хандах нь ч бас байна?
- Бидний айж буй гол зүйл нь инфляц хөөрөгдөх. Одоо бол биднийг хоёр зүйл хамнийн их зовоож байна . Энэ нь мах, барилгын материал хоёр. Махаа гадаад руу их хэмжээгээр гаргадгаас болж үнэ нь буурдаггүй. Махны үнэ бол айл ерх бүрийн амьжиргааг шийддэг зүйл. Нөгөө нэг зүйл нь цемент, арматурын үнэ. Цемент, төмрийн түүхий эд Монголд бий мөртлөө ашиглаж чаддаггүй. Тэгэхээр цементээ өөрсдөө үйлдвэрлэе, төмөрлөгийн үйлдвэр байгуулъя, төмөр зам барья гэх мэтээр ярьж л байна. Бүтээн байгуулалтын ажилд зориулах төмөр, цементийн үнэ бол 2011  оныхтой харьцуулахад 2012 онд дахин нэмэгдэж төсөвт суусан. Энэ мэтээр үнийг нь буулгах боломжтой хэрнээ одоохондоо хийж чадахгүй зүйл бий.
-Инфляцад нөлөөлдөг хамгийн гол зүйлийг нефть гэж бид ойлгодог. Гэтэл та мах, цемент, арматур гэлээ?
-Нефть цементээс илүү хүчтэй нөлөөлдөг л дөө, суурь инфляц юм чинь. Гэхдээ хамгийн гол нь нефтийн үнэ ойрын хугацаанд харьцангуй тогтвортой байна гэж тооцоолсон. Нэмэгдсэн ч хүчтэй биш байх. Бид Онцгой албан татварыг тэглэх гэx мэтээр бага зэргийн нэмэгдлийг туулах арга хэмжээ аваад л байна.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.