Г.Баярсайхан: УИХ марзан шийдвэр гаргасан, би үгээ хэлэх болно
Хамтарсан Засгийн газрын нэг сайдад хариуцлага тооцох гэж үзээд бүтэлгүйтсэн гурван гишүүн бухимдуухан сууна. Тэднийг “Сандал суудал ярих замаар олны анхаарлыг өөртөө татах арга сүвэгчилсэн” гэх мэт шүүмжлэл ч зэрэгцэн хөврөв. Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод хариуцлага тооцох асуудлыг хөндсөн гурван гишүүний нэг Г.Баярсайхантай ярилцлаа. Тэр бууж өгөхийг хүсэхгүй, хариуцлагын системийг тогтоохын төлөө байр суурьтай залуусаа төлөөлөх гэнэ.
-Д.Зоригт сайдыг огцруулах шаардлагаг үй гэж УИХ үзсэн. Түүнийг хангалтг үй ажиллаж байгаа гэж үзэж буйн хувьд Та одоо ямар алхам хийх вэ?
-Хамтарсан Засгийн газрын үед хариуцлага тооцох тухай ярих орон зай байдаггүй юм байна. Сүүлдээ асуудал хөндсөн гурван гишүүн буруудах шинжтэй. Миний хувьд хариуцлагын талаар цаашид ч ярина. Хамтарсан Засгийн газрыг анх байгуулахдаа хамтарч бүтээе гэж тохирсон. Харин хариуцлага тооцохгүй байя гэж тохироогүй биз дээ. Өмнөх хамтарсан Засгийн газрын үед сайдад хариуцлага тооцдог байсан. Хариуцлага тооцдоггүй тогтолцоо удаан оршихгүй байх. Д.Зоригт сайдыг бид долоон үндэслэлээр шүүмжилж байгаа. Үүнээс би УИХ-ын 57 дугаар тогтоолын хэрэгжилт, Налайх, орон нутагт байгаа “нинжа” нарт төрийн зохицуулалт үгүйгээс гэмт хэргийн уурхай болж, хүний амь үрэгдэж байгааг голлон авч үзсэн. Гэтэл монгол хүний эрүүл мэнд, амь насанд хамгийн их эрсдэлтэй уул уурхайн салбарыг хариуцсан сайд нь зүгээр хараад сууна. Байгаль орчноо хамгаалах талаар ч сул. Урт нэртэй хууль хэрэгжИхгүй байгаа асуудлаар иргэний ч, гишүүний хувьд ч байр сууриа илэрхийлсэн. Хамтарсан Засгийн газар сайдаа авч үлдсэн ч хариуцлагын асуудлыг цаашид гишүүд хөндөж л таарна.
-Танай Бүлэг дотроос та бүхнийг дарамталсан юм уу?
-Хэвлэлээр элдвээр л хэлж байна. Ойлгомжтой байна шүү дээ.
-Та гурав буруугүй сайдаар оролдож, улс төрийн шоу хийсэн юм биш үү. УИХ түүнийг хоёр дахь удаагаа “асуудалгүй ажиллаж байгаа” гэж үзлээ шүү дээ?
-Хамтарсан Засгийн газрын нүдээр харвал хамгийн сайн ажиллаж буй нь Д.Зоригт сайд, бид гурвын буруу болж байгаа юм. УИХ хачирхалтай шийдвэр гаргалаа. Хариуцлага тооцох сайд нэгээр барахгүй бий.
-“Нинжа” нарт төрийн зохицуулалт алга гэлээ. Та УИХ-ын гишүүний бүрэн эрхээ ашиглаад үүнийг зохицуулах хуулийн төсөл боловсруулах замаар шийдэж болох биш үү?
-Энэ асуудлыг хариуцсан яам байна. УИХаас гаргасан тогтоол, шийдвэрийг гүйцэтгэх засаглал хэрэгжүүлэх ёстой. ЭБЭХЯ-ны ажиллах бололцоог УИХ бүрэн хангасан. Ийм нөхцөлд эрсдэлийг харж чадахгүй байгаа нь тухайн яамны хариуцлагагүйтэй холбоотой.
С.Туул