2009.04.15

Долоон сумын долоон төрх

Их хурлын чуулган завсарлаж, эрхэм гишүүд орон нутгаар явж сонгогч иргэдтэй уулзан тэдний санал хүсэлт, шүүмжлэлийг сонсож, засаг төрийн бодлого шийдвэр тогтоомжийг сурталчлах ажилд идвэхийлсэн хэд хоногийн аянд ганзага дөрөө нийлэн явах хувь тохиолоо. Говь нутагт хаврын налгар өдрүүд үргэлжилж, өнгөрсөн өн, өвс ногооны шим татраагүй цагийн сайхан, салхины зөөлөнд бидний хэдэн нөхөд замын уртыг эвхэн олон хоногийг угтаж билээ.

Сайншандаас эртлэн гарсан биднийг Сайхандулаан сумын нутаг Хүрээтийн усан дээр нарнаар угтсан хүн бол Мандах сумын малчин Н.Батсуурь байлаа. Хэдэн малаа оторлуулж нүүдэл суудал хийж яваа улс гэнэ. Эхлээд эрхэм гишүүн амьдай Я.Батсуурийг төдийлөн таних янзгүй байснаа яриа хөөрөөнийх нь байдлаас сэжиг авч, гэнэт анзаараад сүрхий гэгч нь гар барьж, сүйд болон хөөрөлхөв.

Малчин түмнийхээ амьдрал ахуй, тохиолдоод байгаа хүндрэл бэрхшээл, бас ч гэж болж бүтэж байгаа зүйлийнхээ талаар дуржигнуулж гарав. Малчдын санааг зовоож байгаа ганц зүйл бол  нөгөө л ноолуурын үнэ хэт унасан байдал гэнэ. Үүнийг л нэг аятайхан аргаар шийдвэрлэж бидэндээ тусалбал өөр хүсэх юм алга гэж өгүүлнэ. Ямааны /нэг кг ноолуур тутам/ таван мянган төгрөг малчидын амьдралд бага ч болов нэмэр тус болсон гэнэ.

Мал ахуй цаг агаар, отор нүүдэл, ноос ноолуурын тухай яриа тэгсхийгээд өндөрлөж, дурсгалын патиар татуулсан бид аян холын замаа даган Сайхандулаан сумын төвд ирлээ.

"Алт"-тай сумын зовлон

Энэ сумын иргэдтэй тун саяхан уулзалт зохион байгуулсан тул элдвийн чирэгдэл үүсгэсэнгүй. Ил сенсаац дэгдээгээд байгаа алтны нинжа нарын байр байдал, байгаль орчныг хэрхэн сүйтгэж байгааг нүдээрээ үзэхээр сумын хурлын дарга н.Эрдэнэжаргал, байгаль орчны байцаагч Г.Бат-Эрдэнэ нарыг машиндаа чихэн суулгаад Өлзийт хайрхны ар хормой Задгайт хэмээх газраар бартаат саадыг туучин явав. Алтны сургаар хэдэн арван машин хөлхөлдөж, хэдэн зуун нинжа жалга судгаар үүрлэсэн, тэр ч байтугай нутгийн зарим малчдыг хахуульдан мөнгө төгрөг өгч овоо толгой дээр буулган, эргэлт шалгалтын хүмүүс ирвэл дохио зангаа өгүүлдэг гэх мэтчилэн үнэн худал нь үл мэдэгдэх үгсийг нутгийн иргэд хэлж байна. Тэр ч байтугай, лан алтны баяр, цэн алтны баяр тэмдэглэдэг хэмээн нэг нөхөр ихэд сүржигнэн ярив. Жалганд нуугдсан хоёр хүнийг байгаль орчны байцаагч "чихдээд" ирэв. Иргэний бичиг баримт гэх юм алга. Өөрсдийгөе Мандах сумын харьяат гэх боловч засаг даргаа таньдаггүй гэнэ.

Сүүлдээ Өмнөговь аймгийн Манлай сумын хүмүүс болж хувирав. Шар будааны ширхэгийн чинээ алт олжээ. Түүнийгээ ч үзүүлж байна. Хаагуур орогнож, ямар багаж зэвсэг хэрэглэдэг, ямар унаагаар ирснээ хэлэхгүй юм. Ёстой есөн эрүү тулгасан ч улайхгүй янзтай.Сайхандулааныхан өөрсдөө "алт ухах" наад захын мэдлэггүй. Нөгөө цианит мөнгөн усаа хэрэглээд эхэлбэл нутаг ус хүн мал минь яах билээ гэсэн айдастай сууцгааж байна. Металл хайгч багаж хэд хэдийг хураан авсан ч төдөлгүй хямдхан зарж орхисон гэнэ. Алт хайн бусдын нутаг бэлчээрийг сүйтгэдэг "булаан эзлэгчидтэй" хэрхэн тэмцэх арга ухаанаа олохгүй хий л бухимдан ийш тийшээ утас цохиж байцгаадаг тухайгаа хурлын дарга залуу ярьж байна. Юутай ч эрхэм гишүүн энэ бүхнийг нүдээрээ харж асуудлыг судалж   үзэхээр   боллоо.   Туслах ажилтан нь бичиж тэмдэглэж авлаа. Алттай сумын зовлон Сайхандулаанд нүүрлэжээ.

Гэрэл гэгээг хүснэ

Мандах сумынхан энэ үгийг ирсэн явсан дарга толгойтой болгонд хэлдэг. Гэрэл цахилгаангүй бөглүү бүгчим байдал хүмүүсийн зүрх сэтгэлийг харлуулж, тэр ч байтугай оюун санааг нь харанхуйн айдсаар бүрхдэг бололтой юм. Улсын мөнгөөр тоглож гараа угаан байж босгосон салхин сэнсийг "гамшгийн сэнс" хэмээн нэрийдэх болжээ. Салхины хүч хэт ихэссэн тохиолдолд л энэ сэнс ажиллаж бага ч болов цахилгаан гаргадаг. Бусад үед нүдний булай болоод байж байдаг гэж Мандахчууд ярина.

Солонгос улсын хөрөнгө оруулалтаар нар салхины хүчийг хослуулсан томоохон байгууламж барьж ашиглалтад оруулна. Нуур цөөрөм бий болгож, хүлэмжийн аж ахуйтай болгоно, аймаг орон ч энэ тал дээр ихээхэн анхаарч байгаа, та бүхэн жаахан тэвч гэж учирлан хэлээд байхад нэг л итгэмж муутай нүдээр их хурлын гишүүнээ ширтэнэ. Гэрэл гэгээг хүссэн хүмүүсийн сэтгэлийн бачуурал, хуучин үзэл сурталд нэрвэгдээд тархи толгойгоо гашиглагасан байдал, коммунист маягийн амлалтад хууртагдсаар арга тасарсан сэтгэлгээ энд маш тод ажиглагдана. Аймгийн засаг дарга П.Ганхуяг сонгуулиас өмнө өөрийн нэр хүнд боломжийг ашиглан сургуулийн шинэхэн дотуур байртай болоход нь тусалж дэмжиж гүүр нь болж өгсөн.

Япон улсын засгийн газрын "Өвсний үндэс" хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлж буян үйлдсэн. Гэтэл үүнийг нэг их дурсаад байх дургүй гэнэ. Өөрсдөө мундаг сүрхийдээ хийчихсэн юм шиг ярьдаг гэж байгаа. Одоо энэ суманд биеийн тамирын заалны асуудал хүндэвтэр, дээрээс нь гар утасны сүлжээгүй, шуудан тээврийн үйлчилгээ тасарсан гээд зовлон их байна. Түүнчлэн эмнэлгийн багаж төхөөрөмж, хомсдолоос болж ажилладаггүй, эмч мэргэжилтнүуд лааны гэрэлд үзлэг үйлчилгээ хийдэг хэмээн гомдоллож байв. Сумын засаг дарга хөдөө орон нутгийг зориод эзгүй байв.

Соёлын төвийн хүйтэн танхимд цугласан иргэд их хурлын гишүүнтэйгээ чөлөөтэй ярилцаж бага ч болов "кайф" авав бололтой. Бас ганц нэгэн халамцуу нөхөд дургүйцлээ илэрхийлэн дэмий   балай асуулт тавин бяцхан "самуун" дэгдээх гэж оролдов. Манай аймгийн харанхуй сумдын манлайд нэр нь бичигдээд байгаа Мандах сумыг гэрэл гэгээтэй ирээдүй тосож байгаа гэдэгт итгэх хэрэгтэй. Байгалийн харанхуйг ч яахав ямар нэгэн байдлаар гэрэлтүүлж болно.Оюун санааны харанхуй, сэтгэлгээний ядуурлыг хэрхэн гэрэлтүүлэн гийгүүлэх вэ, хүмүүсийг яаж гэгээрүүлэх вэ гэдэг л атомын эрчим хүч гаргадаг үйлдвэрээс чухал юм биш үү.

Газрын баялагтаа шүтэж амьдарна

Бидний өртөөчлөн хүрсэн дараагийн сум бол Хатанбулаг. Мандах сумынхантай ижилхэн зовлонг иргэд нь ярьцгаана. Нөгөө л эрчим хүч, гэрэл цахилгаан. Шуудангийн үйлчилгээний доголдол. Бороо шороо гоожсон биеийн тамирын танхимын байдал. Гэхдээ дан бараан зүйлээс гадна гэрэлтэй сайхан ажил хийгдэж байгаа, хийж байгаа хүн энэ суманд цөөнгүй. Тэдний нэг нь сумын сургуулийн багш Цэрэнгийн Адьяасүрэн. Энэ уран гартай, үнэнхүү зүтгэлтэй багшийн ачаар хүүхдүүд авьяасаа хөгжүүлж, аймаг хот улсын чанартай уралдаан тэмцээнд амжилттай оролцдог байна. Тэдний хийсэн урласан зүйлс хаана ч гологдохгүй ямар ч үнэ хүрч мэднэ. Tor цахилгаангүй байх нэг талаар ашигтай юм, хүүхдүүд элдвийн тоног төхөөрөмж суурь машин дээр биш жинхэнэ авьяас мэдрэмжээрээ гар сэтгэл нүднийхээ ураар эдгээр бүтээлүүдийг туурвиж байгаа гэж Ц.Адьяасүрэн багш хэлж байна. Өөрийн гуч гаруй жилийн даамлуудын татаас түлхээсийн хүчээр амь хоргодон суухыг хичээдэг өнөө цагийн заримуудын дэргэд ясны багш хүний үлгэрийг үзүүлж яваа түүнд гавьяат багшийн эрхэм цол ч багадаж санагдсаныг нуух юун.

Хатанбулаг суман дахь агаараас эсэргүүцэн хамгаалах цэргийн 090-р ангиар орлоо. Мөрдөс дээрээ гурван шоргоолжтой нөхөр ангийнхаа үйл ажиллагаа үүрэг зорилтыг их хурлын гишүүндээ яв цав илтгэж байна. Энэ ангийнхан эх орныхоо агаарын хилийг "дайснаас" хамгаалж ирсэн дайчин уламжлалтай гэнэ. 300 км-ийн радиуст цель илрүүлэх хүчин чадалтай. Гэвч нөгөө локатор гээч нь түлш шатахууныг ёстой мангас шиг залгидаг болохоор байнга эргэлдүүлээд байх боломжгүй юм байна. Зөвхөн 2 цаг ажиллуулахад л дор хаяж 35 цель илрүүлдэг гэсэн. Харин салхины хурд 20 м/сек хүрэхэд таг зогсоод яаж чаддаггүй, үүрэг хүлээсэн харуулынхан нүдээ дуран болгон ашиглаж дээшээ тэнгэр ширтэн нисэн өнгөрөх онгоцыг тоолж алхдаг гэж байгаа. Хатанбулаг сум газрын баялаг ашигт малтмалаараа аймагтаа толгой цохиж магадгүй сураг дуулдсаар.олон хүнд горьдлого төрүүлсээр, хэн хүний анхаарлыг татсаар. Энэ чиглэлээр олон зүйл хийгдэхээр яригдаж байгаа, гадна дотнын хүмүүсийн ирж буцдаг их хөлийн газар болжээ. Ард түмэнд наалдацтай тэдний амьдрал ахуйд хэрэгтэй юу юу хийгдэх нь одоогоор мэдрэгдсэн юм алга. Гэвч нэг л сонин хүлээлт, яахав ийхэв гэсэн яриа сул үгс чихнээс чихэнд нисэн буусан янзтай байна.

Эвээ нэгтгэж иргэдээ дээдлэх нь чухал

Хөвсгөл сум Дорноговь аймгийн харанхуй долоо сумын нэгд багтаж байсан нь саяхан. Гэвч өндөр хүчдэлийн шугам тавигдаж, гэрэл цахилгаантай болоод жарган сууцгаана. Засаг даргын тамгын газар нь шинэ байранд орчихсон ихээхэн тав тухтай. Соёлын төвийн том танхим бас халуун дулаан агаар амьсгалтай. Амралтын өдөр байсан ч их хурлын гишүүн ирэх сургаар дарга удирдлагууд нь хөдөлж зар түгээж иргэдээ цуглуулжээ. Хүмүүсийн идэвхи ч дажгүй. Цаг агаар аятай сайхан байгаа тухай ам амандаа л ярьж байна. Харин жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх, ажилгүйдлийг багасгах, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх асуудал чухал байна гэсэн     жижүүрийн      маягийн  үг хошгируулдаг яс хаядаг нөхдүүд цөөнгүй байдаг сурагтай. Намчирхан туйлшралгүй, төрдөө жинхэнэ ёсоор зүтгэж иргэдээ дээдэлж эвтэй найртай ажиллаж амьдрахыг их хурлын гишүүн маань ярианыхаа завсар хавчуулаад авна билээ.

түхгэр байдаг ч Ардчилсан намынх болохоор нь арай өөрөөр хандах янзтай. Жинхэнэ намчирхалын солиорол хөдөө сумдад л байдаг юм байна гэж бодож суулаа. Энэ сумыг өмнөх сонгуулийн хугацаанд өөр өөр намынхан удирдаж байсан. Тэр нөхөд нь иргэдээ хөөрхөн хашраагаад бас ардчиллын нэр хүндийг бага ч үгүй унагаагаад авсан гэлцэнэ. Нэгэн нутаг ус жалга довны хүмүүс ингэж их улс төржөөд юугаа хийнэ дээ гэж бодовч цаанаас нь егөөдөж дэгээдэж хошгируулдаг яс Хаядаг нөхдүүд цөөнгүй байдаг сурагтай. Намчирхан туйлшралгүй, төрдөө жинхэнэ ёсоор зүтгэж иргэдээ дээдэлж эвтэй найртай ажиллаж амьдрахыг их хурлын гишүүн маань ярианыхаа завсар хавчуулаад авна билээ.

Улаанбадрахын удирдлага залуужжээ

Улаанбадрах сумын малчид усаар гачигдахын туйлд хүрч магадгүй байгаа гэнэ. Сум орон цөлжилт элсний нүүдэлд нэрвэгдэх айдастай гэж дарга нар нь тайлбарлаж байна. Хурлын дарга Ц.Эрхэмболд, Засаг дарга Б.Ганзориг гэж хоёр сайхан залуу нутаг орноо удирддаг юм байна. Ямар ч түвшний ямар ч зиндааны хүнтэй ажил хэргийн яриа өрнүүлж асуухаа асууж хариулахаа хариулж чадах боломжийн яриа хөөрөөтэй залуус аж. Нэгэн сумыг өмчлөөд авчихсан юм шиг хуучин кадрууд эзэгнэн ширээ сандал тамга тушаалаа бие биендээ ээлжлэн өгөлцөж авалцан цагийг өнгөрөөж суудаг үе ул болоо юу даа гэж энэ залуусыг хараад бодож суулаа. Урьдын Улаанбадрах сум өөр болжээ. Байшин барилга ч нэмэгдэж, хүмүүсийн амьдрал ч гайгүй дээшлэх хандлагатай болж.

Шинээр гаргасан олон худаг ундаргаа татаж тоног төхөөрөмж нь эвдэрч хэмхрээд малчин түмний уур цухлыг хүргэдэг тухай яриа өрнөж байна. Харин манай аймгийн "Усжуулагч" компанийхан арай чанартай юм хийдэг, нүд хуурч аргалдаггүй жинхэнэ сэтгэл гаргадаг гэж магтаж байна. Бас эмнэлгийн барилгынхаа дээврийг шувуун нуруутай болгочихвол өөр бараг асуудал алгаа гэцгээх юм.. Сумын төвийн багийн засаг дарга н.Сугаржав хэмээх эр дунд насны хүн унаа мориндоо шурхийн мордоод л зар түгээж иргэдийн төлөөлөгчдөө соёлын танхим дүүрч сандал суудал хүрэлцэхгүй болтол нь цуглуулж орхих нь содон санагдана. Нээрээ сумын төвийн багийн дарга нар мотоцикль унаж тос бензин шатааж байснаас морио унаад давхиж явахад болохгүй гэх газаргүй мэт. Туулах газар богино уулзах хүн цөөн юм чинь.

Ураны хайгуулын томоохон баг энэ суманд ажиллаж байна. Эрэл хайгуул нь амжилттай байж магадгүй гэсэн сэжиг таавар дээр ерөнхий сайд С.Баярын Франц улсад хийсэн айлчлалаар бараг "энэ сумынханы ирээдүйн тухай" ярилцсан юм шиг цуу үг тархах маягтай. Үнэхээр уран үйлдвэрлэлийн толгой компанитай хэл амаа ололцсон гэсэн сураг чимээг хэвлэл мэдээллийн хэрэгсэлээс авсан болохоор аргагүй шүү дээ. Улаанбадрах суманд ураны том уурхай үйлдвэр ашиглалтад орж бурхнаас заяасан энэ ховор баялгаасаа ашиг хүртэн жарган суух ч юм бил үү. Юмыг яаж мэдэх вэ. Манай говийнхон ч амны хишигтэй улс шүү гэсэн бодол тээсээр Замын-Үүд сумын зүг жолоо сунгалаа.

Газрын баялагтаа шүтэж амьдарна

Замын-үүд  сумын хөгжлийн ирээдүй тодорхой, хөрөнгө оруулалтын томоохон бодлого хэрэгжих шатандаа явагдаж байна. Хилийн шалган нэвтрүүлэх анги, гааль, мэргэжлийн хяналт, төмөр зам, бусад төр төсвийн байгууллагуудын үйл ажиллагаа хэвийн гэсэн танилцуулгыг эндхийн эрх бүхий хүмүүс хийж байлаа. Ардчилсан нам энэ суманд ялалт байгуулж засгийн эрхийг гартаа авсан гэх боловч хуучин бууны хугархай хувьсгалт намын нөхдүүд эв түнжингүй байдал дээр нь тоглолт хийж ардчиллынханыг хооронд нь хөөрхөн сөргөлдүүлж яс хаяад нэр хүндийг нь унагаах "хятад" маягийн бодлого явуулж байгаа гэж уулзсан учирсан хүн бүхэн ярих юм. Ялж ялагдаж сураагүй, төрийн албыг арилжаа наймаа авлага өглөгийн хэмжээнд ойлгодог ашиг сонирхлын зөрчилтэй улсын арчаагүй байдлаас болж  жирийн   иргэд   хохирох  вий гэсэн болгоомжлол эрхгүй төрнө.

Замын-Үүдэд бугшсан проблемуудыг дурдаад тоочоод байх юм бол, үзэг цаас үл хүрэлцэнэ. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан олон  асуудал биеллээ олж, хөрөнгө оруулалт нэмэгдээд ирвэл эрх биш хүмүүсийнх нь амьжиргаа дээшлэх байх гэсэн битүү таамаг горьдлогоор л тэжээгдэж суугаа улс. Дээрээс нь газар газрын янз янзын ааш араншинтай хүмүүс шуудайд хийсэн үхрийн эвэр шиг толхилцож олны итгэлийг хөсөрдүүлэх вий гэсэн айдас ч хаана хаанаа байна. Их хурлын гишүүн энэ талаар нухацтай ярилцаж эе эвээ хичээхийг эрх бүхий хүмүүст хашир дипломатчийн ёсоор сургаж захиж байлаа. Замын-Үүд хорон шүлсээ савируулсан, авах идэхийн дондоо хөтлөгдөн төр түмнийг үймүүлсэн этгээдүүдийн шургалах газар хоргодох байр биш гэдгийг нухацтайхан хэлчихэд илүүдэхгүй болов уу. Я.Батсуурь гишүүн Эрээн хотын зарим удирдлагатай уулзан хоёр улсын хилээр дайран өнгөрч байгаа хүмүүсээс авдаг татвар хураамжийг багасгах аль аль талдаа хэлэлцэж ярилцах, олон улсын гэрээ конвенцийг хүндэтгэн үзэх зарчмын талаар унаган мэргэжлээ ашиглан тодорхой санал зөвлөмж өгсөн. Хэд хэдэн байгууллага аж ахуйн нэгжээр орж, төр засгийн бодлого шийдвэр, их хурлын үйл ажиллагаа, хууль тогтоомжийн талаар яриа таниулга хийсэн. Олон ч сонгогчидтой биечлэн уулзсан. Телевизийн шууд нэвтрүүлэгт орж, иргэдийн асуултад тодорхой хариулсан. Ажлынхаа гурав хоногийг энд өнгөрөөгөөд Эрдэнэ сумыг зорьсон юм.

Газаргүй ногоочид гайхшаа барж байна

Эрдэнэ суманд тогтоосон “эхийн эрхэт ёс” халагдаж эрчүүд удирдлагын суудал сэнтийд заларчээ. Засаг дарга н.Хүрэлтогтох гэж тогтож ядсан ихээхэн хөдөлгөөнтэй байрын лам харыг хослуулсан нөхөр байдаг гэж олон түмэн ярих. Цагаан сараар сан уншлага үйлдэж бусдыг гайхшруулсан гэж байгаа. Бас зурхай мурхай оролддог гэсэн. Биднийг очиход 18-ын худаг дээр ногоо тарих хүсэлтэй хүмүүсийг цуглуулаад хуралдаж байв. Төр төсвийн байгууллагынханд нэг га газрыг эзэмшүүлэх юм байх. Үүнээс илүү газрыг харж хамгаалж тордох хүч хүрэлцэхгүй гэсэн юм ярьж байна. Ногоо тарих хүсэлтээ гаргасан хүн олон байгаа. Бүгдэд нь найр, тавиад өгчихвөл усныхаа нөөцийг дуусгаад харангадаж үхэж магадгүй ухааны юм хэлж байх юм. Уул нь жирийн хүмүүсийн амьдрал ахуйг дээшлүүлнэ гэж уран гоёмсгоор донгодон байж дарга болсон хүн иймэрхүү үгийг хэлээд сууж байх учиргүй баймаар.

Цахилгаан эрчим хүчний дутагдал их байдаг, хэмжилт хийж үзэхэд 194 киловаттыг заадаг гэнэ. Түүнээс болоод гэр хорооллын оршин суугчид телевиз үзэж чаддаггүй, бас компьютер ашиглахад хүндрэл гардаг, гэмтэж шатдаг аж. Хамгийн гол нь ус ундаар гачигдах магадлал өндөр. Иймэрхүү бэрхшээлийг сонссон эрхэм гишүүн иргэдтэйгээ уулзан санал бодлоо хуваалцлаа. Сумын соёлын төв хүнээр дүүрчээ. Хилийн отрядын захирагч хурандаа Х.Ранжинням цэрэг толгойтой бүхнээ жагсааж суулгахыг нь суулгаж, зогсоохыг нь зогсоочихож. Их хурлын гишүүнээс үг дуулж, төрийн бодлогын тухай мэдээлэл аваг гэж бодсон бололтой. Энэ отрядыг олон жил толгойлж, их зүйл хийсэн, аж ахуйч, арвич хямгач, наймаа арилжаанд сайнаар нэрд гарсан түүнд Монгол улсын хөдөлмөрийн баатар цол олгох хэрэгтэй гэж нэгэн буурал хилчин босож үг хэлж байсан.

Болох бүтэх талаас нь дэмжинэ гэж Их хурлын гишүүн хариуллаа. Хөдөөгийн сумын иргэдэд байдаг бүхий л зовлон энэ суманд бий. Тэр бүхнээ шавайгаа ханатал хэлж, уулзалт хэдэн цаг болоод өндөрлөв. Үнэхээр хаана ч явсан манай иргэдийн идвэх өндөр болжээ. Урьд цуглуулах гэж үйл тамаа цайдаг цаг алга    болсон шиг. Үнэхээр  төрийн цоо шинэ сонголт Дорноговь нутагт болсон нь ч суман дээр мэдрэгдэж байна. Иргэд маань үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө иймэрхүү янзаар илэрхийлж чадаж байвал, ардчилалд суралцаж байгаагийн нэг жишээ төдийгүй.

Нэг шат ахьсан үг. Хилийн цэргийн 0129-р ангийн удирдлага их хурлын гишүүнийг хүлээн авч, хилийн цагийн байдал, хилчин дайчны амьдрал ахуй, анги байгууллагынхаа цаашдын  үйл ажиллагааны талаар тов тодорхой илтгэлээ. Өнгөрсөн жилийн дүнгээ манай хилчид 200 гаруй зөрчил илрүүлжээ. Ингээд бодохоор нэг тайван амгалан суугаад байдаг биш, үнэхээрийн нэр хүндтэй ч хэцүү алба юм хэмээн хүндэтгэж үзэх мэдрэмжийг хэн бүхэнд төрүүлнэ. Я.Батсуурь ч өөрөө хилчин байлдагч байж энэ отрядад хугацаат албаа хаасан, хилийн цэргийнхний амьдралын тухай гүнзгий мэдлэгтэй хүн юм. Х.Ранжинням хурандаа хурлын гишүүнээ манай отрядаас төрөн гарсан төрийн түшээ гэж үзэж билэгшээн Хөвсгөлийн цагаан заг их тайгын нэрсний чанамалаар дайлж цайлаад үдэж мордуулав.

УИХ-ын гишүүн Яйчилын Батсуурь сонгогдсон тойргийнхоо иргэдтэй уулзаж тэднийхээ санал бодлыг сонсох, харилцан ярилцах, эдийн засгийн хямрал бэрхшээлийн үед хэрхэн ажиллаж амьдрах, төрийн хууль тогтоомж бодлого шийдвэрийг таниулах зэрэг төлөвлөсөн ажлаа ийнхүү өндөрлөлөө. 10 шахам хоногийн аялалаас түүвэрлэсэн тэмдэглэлийг уншигч олондоо хүргэлээ.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.