Я.Батсуурь: Хятадтай өрсөлдөхүйц хэмжээний экспортлогч орон болох боломжтой
Олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын эргэн тойронд
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Я.Батсуурь:
-Аливаа эрдэс баялаг, түүхий эдийг ашиглах, экспортлохдоо хэд хэдэн зарчим баримтлах ёстой. Нэгдүгээрт олон зах зээлд борлуулж, хооронд нь өрсөлдүүлж баялгаа үнэд хүргэх юм. Энэ талаар Ашигт малтмалын хууль болон бусад эрх зүйн баримт бичгээр зохицуулахдаа дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадвараа хадгалах нь чухал байна. Сүүлийн үед уул уурхайн салбарт олон шинэ хууль тогтоомж батлагдаж, татвар хураамж нэмэгдсэн. Хэрэв эрх зүйн орчин чанга болчихвол хөрөнгө оруулагчид Монгол бус дундад Азийн орнууд руу шилжих аюултай. Тиймээс эрх зүйн орчноо чангалахдаа өрсөлдөх чадварынхаа хэмжээнд. тохируулах хэрэгтэй.
Бид иймэрхүү стратегийн ач холбогдол бүхий тодорхой түүхий эд дээр төрийн тусгай бодлого
баримтлах шаардлагатай. Газрын ховор элементээр дэлхийд Хятадтай өрсөлдөхүйц хэмжээний экспортлогч орон болох боломжтой. Тэгвэл дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнийг тогтооход нөлөө үзүүлнэ гэсэн үг. Түүхий эдийг экспортлох хэмжээндээ хязгаар тогтоох замаар дэлхийн зах зээлийн үнийг тогтооход нөлөө үзүүлэх боломж нээгдэж байна. "ОПЕК"-ийн гишүүн орнууд буюу нефть экспортлогч улс нийлээд дэлхийн зах зээл дээрх нефтийн үнийг тодорхойлдог шиг олон улсын хэмжээнд хамтарсан, зөвшилцсөн бодлого явуулах нь зүйтэй гэж үзэж байгаа.
Монголын бизнесийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Жим Двайер
-Үйлдвэрлэлийн дэвшлийг нүүрсний уурхайд нэвтрүүлэх нь зөв. ASX, Харанга, Хүннү coal, Aspire, НКЕХ зэрэг компани Монголын эрчим хүч, тэр дундаа өмнийн говьд Монголын давуу талыг ашиглан томоохон хөрөнгө оруулалт хийнэ. Эрчим хүчний нөөц баялагт тулгуурлаж "Cedgman Consulting" 200 сая ам.долларыг нүүрсний уурхайд эргэлтэд оруулна. Хятад болон дээрх нүүрсний таван том компани хөгжил дагуулна. Эдгээр нь ирэх онд хэлэлцээр хийнэ. "Айвенхоу Майнз"-ын Роберт Фрийдлэнд хэлэхдээ "Монголыг нүүрс Саудын Арабын хөгжилд хүргэнэ" гэсэн. Дашрамд дурьдахад, Монголын нүүрсний асуудлаарх "COAL MONGOLIA-2011" анхдугаар олон улсын хурал ирэх сарын 24-25-нд Улаанбаатарт болно.
УИХ-ын гишүүн Д.Энхбат
-Манай улсын эдийн засгийн хөгжлийн ойрын болон дунд үеийн ирээдүй нүүрсний экспортын орлогоос хамаарах төлөвтэй байна. Гэхдээ уул уурхайг дагаад мал аж ахуй, байгаль орчин, аялал жуулчлал зэрэг олон салбарыг унагаж болохгүй. Ялангуяа Монгол усны нөөцөөр ховор орон. Нүүрсний салбар нь усны нөөцөд халтай. Тиймээс залуу үеийнхээ амьдрах орчныг сүйтгэх замаар мөнгөтэй болж болохгүй. Үүнд анхаарлаа ихээхэн хандуулах хэрэгтэй юм.
Бидний тооцоолж байгаагаар ойрын 15 жилд нүүрс борлуулалттай байна. Цаашид дэлхийн дулаарал, агаарын бохирдолттой холбоотойгоор нүүрсний үйлдвэрлэлд олон улсын татвар, дарамт шахалт орж ирнэ. Ер нь дэлхийн олон орон нүүрснээс татгалзана. Нүүрсийг зөвхөн химийн үйлдвэрүүд байгальд халгүй түлшний хэлбэрээр, бусад химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хэрэглэнэ. Тэгэхээр бид нүүрс үргэлж орлого авчирсаар байна гэж бодож болохгүй. Саяхан Австрали яваад ирлээ. Тус улс дэлхийн томоохон нүүрс эскпортлогч орон юм. Нүүрснийхээ экспортыг зогсоовол эдийн засагт яаж нөлөөлөх вэ гэдэг асуудлыг парламентаараа хэлэлцэж эхэлжээ. Ер нь ойрын 10 жилд зогсох хандлага байгааг ярьж байсан. Тиймээс бид «үүрсний салбарт маш нарийн төлөвлөгөөтэй, шаталсан байдлаар өнөөдрийн зах зээлийн хэрэгцээнээс хамааруулж салбараа өргөжүүлэх хэрэгтэй.
Гэхдээ миний тооцоолж байгаагаар дунд хугацаанд нүүрсний аж үйлдвэр эдийн засагт ашиггүй болно. Тиймээс нүүрснээс газ, бензин гаргах зэргээр гүн боловсруулах чиглэлээр ажиллах хэрэгтэй, Түүхий нүүрсийг экспортлохыг ойрын жилүүдэд хязгаарлах нь зөв.
Монгол Улс эдийн засгийн хөгжлийнхөө хүрээнд зөвхөн нүүрсийг тусад нь ярьж болохгүй. Нүүрсийг дагасан аж үйлдвэрийг хөгжүүлэх хэрэгтэй. Тэр нь гүн боловсруулалт юм. Мөн хамгийн чухал зүйл нь нүүрсийг тойрсон байгаль орчны бохирдлын асуудлыг 21 дүгээр зууны түвшинд шийдэх хэрэгтэй. Хятадад нүүрс гаргах нэрээр хуучин, хоцрогдсон техник технологийг оруулж ирвэл дараа нь маш их хохирол учруулна. Өнөөдөр Хятад улс байгалийн бохирдлоос болоод нүүрснийхээ уурхайнуудыг хааж байна.
“Aspire mining” компанийн захирал З.Ган-Очир
-Дэд бүтцийн асуудал чухал байна. Иймээс төрийн бодлого энэ хэсэгт түлхүү чиглэх ёстой. Ер нь дэд бүтцийг асуудлыг шийдэх нь бүс нутгийн хөгжлийг дэмжиж буй чухал хэлбэр юм. Үүнээс гадна цаашид нүүрсээ угааж гаргах нь чухал. Харин кокс үйлдвэрлэх тийм ч амар зүйл биш байх. Манай улс нүүрсээ урагш гаргаж байна. Ойрын хэдэн жилдээ л ийм байх болно. Хэрэв цаашид экспортыг нэмэгдүүлэх бол хилийн хүчин чадал, тээвэрлэлтийн асуудалд бэрхшээл учрах эрсдэл бий. Иймээс урагш чиглэсэн төмөр замыг хөгжүүлж, хилийн боомтыг олон болгож нэвтрүүлэх чадварыг сайжруулах хэрэгтэй байна.
УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу:
-Эрчим хүч үйлдвэрлэх хамгийн гол түүхий эд нь нүүрс. Тиймээс Засгийн газраас нүүрсний талаар баримтлах нэгдсэн бодлого яаралтай оруулж ирж батлуулах ёстой. Одоогоор тодорхой, ямар нэгэн төрийн бодлого алга. Өмнө нь зэс рүү анхаарлаа хандуулж, нүүрсийг тоодоггүй байсан. Ойрын таван жилдээ Хятадад нүүрс экспортолно. Тиймээс тус улсын нүүрсний бодлоготой уялдуулах хэрэгтэй. Таван толгой яригдаж буй энэ үед Төрөөс баримтлах төмөр замын бодлогыг баталсан. Нүүрсний салбарт ч үүнтэй адил баримт бичиг батлах цаг болсон. Ер нь Таван толгойг онцлоод байгаа болохоос биш үүнээс илүү нөөцтэй нүүрсний орд байгаа. Үүнийг хөрөнгийн бирж дээр яаж гаргах, төрөөс хувийн компаниудыг хэрхэн дэмжих нь тодорхойгүй байна. Мөн төр татвар хураамжаа яаж авах, түүнийгээ иргэддээ ямар зохицуулалтаар өгөхийг тодорхой болгох хэрэгтэй.
Голден трайнгле"компанийн гүйцэтгэх захирал Г.Ганбаяр:
-Би Таван толгой дээр заавал гадны компани оруулах шаардлагагүй гэж боддог. Манайд бэлээхэн дотоодын компаниуд байна шүү дээ. "МАК", "Энержи Ресурс", нүүрсний чиглэлээр олон жил ажилласан "Шарын гол" зэрэг олон компани байна. Тиймээс заавал гаднаас хөрөнгө оруулагч хайх хэрэггүй. Дотоодын компаниудаа л дэмжээд явчих хэрэгтэй гэж бодож байна.
Нүүрсний салбарт зайлшгүй хөндөх хэд хэдэн асуудал бий. Үүний нэг нь түүхий эдээ яаж үнэ хүргэх вэ гэсэн асуулт юм. Бид коксжсон, түлшний хэрэгцээний нүүрс л гэж яриад байна. Гэтэл коксжсон нүүрс 6-7 төрөлд хуваагдаж байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл, бүтэн, эсвэл хагас коксжих юм уу гэх зэргээр бараагаа чанараар нь ялгах хэрэгтэй. Таван толгойн орд нь бүтэн коксжих юм уу, Нарийн сухайтын нүүрсний хэдэн хувь нь коксжих юм гэдгийг ялгасны дараа зах зээл дээр гаргаж чанарт тааруулсан худалдан авагчаа олох ёстой. Тэгж байж бид нүүрсээ үнэ хүргэнэ. Хоёрдугаарт нүүрсээ боловсруулах хэрэгтэй. Хэрэв бид боловсруулж чадахгүй бол нүүрс үнэ хүрэхгүй. Өсөн нэмэгдэж буй нүүрсний салбарт эдгээр асуудлыг чухлаар хөндөж тавиасай гэж хүсэж байна.