2007 оноос хойш 70 гаруй үндэсний хөтөлбөр баталжээ
УИХ, Засгийн газар асар том төсөл хөтөлбөр батлаад байна, гэтэл үр дүн алга гэж иргэд их хэлдэг, тэгэхээр тоо баримттай тодорхой болгох хэрэгтэй. 2007 оноос хойш 70 гаруй үндэсний хөтөлбөр баталсны тал нь байгаль, орчны чиглэлээр байгаа. Тэгээд үр дүн нь хаана байна. Ийм асуулт, шүүмжлэлийг УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл баасан гаригийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэх нь үеэр хэлж байлаа. УИХ-ын Р.Буд гишүүн ч энэ хөтөлбөрт шүүмжлэлтэй хандаж, бид их олон төрлийн хөтөлбөр баталдаг ч хэрэгжилт тааруу байдаг. Танай яаманд үүнээс өөр ямар хөтөлбөр байгаа бол, хэрэгжилт нь ямар байна вэ гээд гэж хөтөлбөрийн төслийг танилцуулсан БОАЖ-ын сайд Л.Гансүхээс асуугаад зарим зүйлд үг, үсэг агуулгын хувьд анхаарах зүйл байгааг онцоллоо.
БОАЖ-ын сайд Л.Гансүх хэлэхдээ, говьд Засгийн газрын хурал хийсэн, байнга янз бүрийн түвшинд илтгэл зэрэг ажлууд байна, үүний үр дүнд олон улсын хэмжээнд санхүүгийн дэмжлэг авах ёстой гээд бүх уул уурхайн газруудаар шалгалт хийсэн талаараа ч хэлж ярьж байлаа.
Энэ үеэр О.Чулуунбат гишүүн, манай улс ийм хөтөлбөртэй болох нь зөв. Гэхдээ энд нийгмийн ухамсартай үйл ажиллагаатай холбоо бүхий зүйлүүд бага тусгагдсан байна гээд байгаль орчинтой ухаантай, соёлтой харьцах асуудал манайд үгүйлэгддэг, энэ талаар ямар бодолтой байна гэсэн асуултад нь Л.Гансүх сайд, 100 хувь нэг саналтай гэдгээ дурдаад, төсөл хөтөлбөрүүдэд энэ чиглэлээр нэлээд зүйл туссан байгаа. Иргэний нийгмийн байгууллагууд болон иргэдтэй хамтарч ажиллах, иргэдэд зөв мэдээлэл өгөхөд анхаарах нь чухал гэлээ. УИХ-ын гишүүн Х.Жекей хэлэхдээ, Монгол Улс дэлхийн хүн төрөлхтний өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд ийм хөтөлбөртэй байх нь зүйтэй.
Гэхдээ батлан хамгаалах системээ бид энэ чиглэл рүү ашиглах ёстой. Манай сум болгонд ажилгүй хүмүүс их байна.
Иймд тэр хот хөдөөгүй ажилгүй байгаа улсыг дайчлан цэргийн албыг дүйцүүлэх хэлбэрээр алба хаалгаж, мод тариулах, цөлжсөн газрыг аврах талаар ажил өрнүүлэх чиглэлээр Байнгын хороо ажиллах хэрэгтэй гэж байв.Сайд Л.Гансүх хэлэхдээ, манай мал аж ахуй эрсдэлд орох нөхцөл бүрдээд байна, тэгэхээр мал эргээд монгол хүмүүсийн амь зуулгатай холбоотой тул бид асуудлыг дандаа энэ талаас нь тавьж байгаа гэлээ.Гишүүд хөтөлбөрийг багагүй шүүмжилсэн ч хэлэлцэх нь зүйтэй гэж үзэн дэмжсэн юм.