2011.04.27

127.5 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай тогтоолын төсөл өргөн барилаа

Сангийн сайд С.Баярцогт өнөөдөр /2011.04.26/ Засгийн газраас санаачлан боловсруулсан УИХ-ын тогтоолын  төслийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн мэдүүллээ. Сангийн сайд С.Баярцогтын өргөн барьсан УИХ-ын тогтоолын эхний төсөл нь Улсын төсвийн алдагдлыг нөхөх, төрийн албан хаагчид болон иргэдэд олгох орон сууцны урт хугацаат зээлийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор 2011 оны төсвийн жилд нийт 127.5 хүртэлх тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаас гаргаж арилжаалах эрхийг Засгийн газарт олгох тухай байв. Улсын төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор 2011 оны төсвийн жилд арилжаалах Засгийн газрын үнэт цаасны хэмжээг 55.5 тэрбум хүртэлх, төрийн албан хаагчид болон иргэдэд олгох орон сууцны урт хугацаат зээлийн эх үүсвэрийг бүрдүүлэх үнэт цаасны хэмжээг 72 хүртэлх тэрбум төгрөг байх нь зүйтэй хэмээн Засгийн газар үзсэн ажээ.

 

Тогтоолын төсөл батлагдсанаар хөрөнгө оруулалт нэмэгдэх, үнэт цаасны зах зээлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх зэргээр эдийн засгийн өсөлтөд эерэгээр нөлөөлнө гэж тооцсон байна. Түүнчлэн төрийн албан хаагчдын нийгмийн баталгаа шийдэгдэх, санхүүгийн зах зээл дэх орон сууцны зээлийг нэмэгдүүлэх, орон сууцны зээлийн хүүг бууруулах, банкны салбарт дэмжлэг болох ач холбогдолтой гэж үзэж байгаа юм байна.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.