2011.04.27

Засгийн газар ноолуурын салбарыг дэмжин 110 тэрбум төгрөгийн бонд хөнгөлөлттэй нөхцөлөөр гаргах саналтай байна

Сангийн сайд С.Баярцогт өнөөдөр /2011.04.26/ Засгийн газраас санаачлан боловсруулсан УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн мэдүүллээ.


Монголын ноолуур боловсруулах үндэсний үйлдвэрлэгч “Говь”, “Гоёо”, “Ээрмэл”, “Буян”, “Алтай Кашимер”, “Эрдэнэт хивс” зэрэг 12 компанийн удирдлага хэлэлцэн тохирч, “Монгол ноолуур” нэгдлийг энэ оны гуравдугаар сард байгуулжээ. Тус нэгдэл нь үйлдвэржилтийн хоршил, төрөлжилтийг гүнзгийрүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилготой юм байна.

 

Манай улс сүүлийн жилүүдэд жилдээ дээд тал нь 7000 орчим тонн ноолуур бэлтгэж байгаагийн 2.8 мянган тонныг эцсийн бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэх хүчин чадал суурилагдсан боловч ноолуурын үйлдвэрүүд эргэлтийн хөрөнгийн дутагдлаас шалтгаалан ноолуурын 20 орчим хувийг гүн боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй аж. Ноолуур  боловсруулах салбарт эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх 13, анхан шатны боловсруулалтын 25, дагнасан сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 30 орчим үйлдвэр, өрхийн 200 гаруй жижиг болон бичил үйлдвэр, цехэд 6000 гаруй хүн ажиллаж байгаа юм байна. Энэхүү үйлдвэрүүдийг жилийн турш сул зогсолтгүй ажиллуулахад түүхий эдийн нөөц, түүнийг худалдан авах эргэлтийн хөрөнгө шаардлагатай болжээ.

 

Тиймээс Засгийн газраас ноолуур боловсруулах хүчин чадлын ашиглалтыг нэмэгдүүлэх, гадаад зах зээлд өрсөлдөх чадварыг сайжруулах, ажлын байр шинээр бий болгох “Монгол ноолуур” нэгдлийн зорилгыг дэмжих зорилгоор Засгийн газрын 110 тэрбум төгрөгийн бонд хөнгөлөлттэй нөхцлөөр гаргаж, ноолуур гүн боловсруулах үйлдвэрүүдэд түүхий эд бэлтгэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор “Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” УИХ-ын тогтоолын төсөл боловсруулжээ.

 

Ноолуурын салбарыг дэмжих зорилгоор гаргах Засгийн газрын 110 тэрбум төгрөгийн бондыг хямдруулан арилжаалж, хөрөнгийг нь татан төвлөрүүлэн ноолуурын салбарт үйл ажиллагаа эрхэлдэг үндэсний үйлдвэрлэгчдийг “Монгол ноолуур” нэгдлээр дамжуулан санхүүжүүлэх аж.

 

Ноолуурын салбарт энэхүү дэмжлэгийг үзүүлснээр тус салбарын одоо ажиллаж байгаа 6000 гаруй ажлын байр хадгалагдаж, шинээр 1600 гаруй ажлын байр бий болон, 250 гаруй тэрбум төгрөгийн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, үүний 80 орчим хувийг экспортод гаргах боломжтой гэсэн тооцоог гаргажээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.