2011.01.19

Алслагдсан болон говийн бүсийн нэмэгдэл олгохоор хуулийг ахин санаачлав

УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын  24 гишүүн Төрийн албаны тухай хууль, Боловсролын тухай хууль, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртөгийн албан татвар, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай багц хуулийн төслийг боловсруулж, Засгийн газраас санал авахаар явууллаа.

 

Алслагдсан болон говийн бүсийн нэмэгдэл олгох зорилгоор 2009 онд анх санаачлагдсан Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай энэ хууль нь өнгөрөгч 2010 оны УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэгдсэн ч олонхийн санал авалгүй унасан бөгөөд гишүүд дахин боловсруулж, багц хуулийн төсөл болгон дахин УИХ-д өргөн барихаар бэлтгэжээ.

 

Хуулийн ач холбогдол

Бүс нутгийн хөнгөлөлт, нэмэгдлийн тухай энэхүү багц хууль хэрэгжсэнээр алслагдсан болон говийн бүс нутагт ажиллаж, амьдарч буй иргэдийн амьжиргааг дэмжих, орлогыг нэмэгдүүлэх, амьжиргааны өртөгийг бууруулах, иргэдийн орон нутагтаа ажиллаж амьдрах нөхцөлийг сайжруулснаар нийслэлрүү чиглэсэн шилжилт хөдөлгөөн, хэт төвлөрөлийг сааруулснаар

1-рт. Улаанбаатар хотын гэр хорооллын тэлэлт, хэт ачааллаас үүдэлтэй агаарын бохирдол, утаа, замын түгжрэл, сургууль, цэцэрлэг, эмнэлэгийн үйлчилгээний хүртээмжгүй байдал /эмлэгийн ор олдохгүй коридорт нь хэвтдэг, сурагчид нэг ширээн дээр гурваараа сууж, 3 ээлжээр хичээллэдэг г.м /, ажилгүйдэл, ядуурал зэрэг олон асуудлыг шийдэх эдийн засгийн нэг хөшүүрэг болно

2-рт. Алслагдсан болон говийн бүс нутагт багш, эмч нар болон төрийн албан хаагчид тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл бүрдэж, тухайн бүс нутагт иргэдэд үзүүлэх нийгмийн үйлчилгээний чанар хүртээмж сайжирна. Нийслэлийг зорьж ирээд ажил олдохгүй, хашаа хатгах газар ч олдохгүй, ядууралд улам өртдөг байдал буурч хөдөөгийн иргэд маань нутаг орондтоо тогтвор суурьшилтай ажиллаж амьдарна.

3-рт. Өргөн уудам нутаг дэвсгэртэй Монгол Улсын маань зах хязгаарын бүс нутаг эзэнгүйрэхгүй байхад дөхөм болно.

4-рт. Амьжиргааны өртөг өндөр, байгаль цаг уурын хүнд нөхцөлтэй, нийгмийн үйлчилгээ сул хөдөө орон нутагт ард иргэдийг амьдрах нөхцлийг нь дэмжиж өгснөөр нийслэл хотын төвлөрөл саарч, хотын иргэд маань ч ая тухтай, сэтгэл хангалуун амьдрах нөхцөл бүрдэнэ.

 

Алслагдсан бүс нутгийг тогтоосон нь

Алслагдсан болон говийн бүс нутгийн нэмэгдэл олгох, хөнгөлөлт үзүүлэх бүс нутгуудыг Улсын Их Хурал тогтоохоор тусгасан. Нийслэлээс алслагдсан байдал, амьжиргааны өртөг, гол нэрийн бараа бүтээгдэхүүний өртөг, нийгэм, эдийн засгийн үзүүлэлт болон байгаль цаг уурын онцлогийг харгалзан тогтоосон.

 

Алслагдсан бүс нутагт Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд, Хөвсгөл, Баянхонгор, Сүхбаатар, Дорнод аймгийн алслагдсан 91 сумдыг, говийн бүс нутагт Говь-Алтай, Баянхонгор, Сүхбаатар, Өвөрхангай, Увс, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Өмнөговь, аймгийн 87 сумдыг оруулахаар хуулийн төсөлд тооцжээ.

Бусад эрх зүйн актад тусгагдсан байдал

 

Монгол Улсын Их Хурлаас 2001 онд “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-д  хүн амын, үйлдвэрлэлийн өнөөгийн зохисгүй бөөгнөрлийг задалж, хот, хөдөөгийн хөгжлийн ялгаа, аймаг, бүс нутаг хоорондын тэгш бус, тэнцвэргүй байдлыг багасгаж хөгжлийн түвшинг ойртуулах гэж тодорхойлсон байдаг.

Мөн “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний  хөгжлийн цогц бодлого”-д газар нутгийн алслагдалтын болон цаг уурын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан.

Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.5.7-д “Алслагдсан болон говийн бүсийн нэмэгдэл олгох оновчтой хэлбэрийг буй болгоно.” гэж заасан.

2009 онд баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2012 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэл”-ийн хавсралтын 168 дугаар хүснэгтэд “Говийн болон алслагдсан бүс нутгийн хүн амд хөдөлмөр, нийгмийн хамгааллын баталгаа болгоход чиглэсэн эрх зүй, эдийн засаг, бизнесийн орчныг бий болгож  бүсийн нэмэгдэл олгох, бүсийн нэмэгдлийг 20 хувиар тогтоох асуудлыг хуульчлах” гэж тусгасан.

 

 

Хуулиар зохицуулах заалтууд

 

Алслагдсан болон говийн бүс нутагт ажиллаж амьдарч байгаа төрийн албан хаагчдын цалин дээр 20%-ийн нэмэгдэл олгох, таван жил тутамд зургаан сарын цалинтай тэнцэх мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас олгох бөгөөд шаардагдах зардлыг нь тухайн жилийн төсөвт тусгах,

 

Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Дорнод, Говь-алтай, Сүхбаатар, Өмнөговь аймгийн нутаг дэвсгэр дэх боомтуудаар импортоор оруулж байгаа 1-р зэргийн гурил, шар болон цагаан будаа, элсэн чихэр, шахмал ногоон цайг Гаалийн болон Нэмэгдсэн өртөгийн албан татвараас 5 жилийн хугацаагаар чөлөөлөх, 90 хүртэл октантай автобензин, дизель түлшийн тухайд онцгой албан татваргүй байх.

 

 

 

 

 

 

 

 

 

Санаачилсан гишүүд

С.БЯМБАЦОГТ

П.АЛТАНГЭРЭЛ

Р.АМАРЖАРГАЛ

Х.БАДАМСҮРЭН

Х.БАДЕЛХАН

Д.БАЛДАН-ОЧИР

Ж.БАТСУУРЬ

Я.БАТСУУРЬ

Г.БАТХҮҮ

Ц.ДАВААСҮРЭН

Ц.ДАШДОРЖ

Х.ЖЕКЕЙ

Д.ЗОРИГТ

Х.НАРАНХҮҮ

Д.ОДБАЯР

Д.ОЮУНХОРОЛ

Р.РАШ

Ш.САЙХАНСАМБУУ

Ц.СЭДВАНЧИГ

А.ТЛЕЙХАН

Ц.ЦЭНГЭЛ

Б.ЧОЙЖИЛСҮРЭН

Ц.ШИНЭБАЯР

Ж.ЭНХБАЯР

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.