2009.12.10

Газрын тосны салбарт төрөөс баримталж буй бодлогын талаархи асуултын хариу

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН П.АЛТАНГЭРЭЛ ТАНЫ 13/38 ТООТ АСУУЛТЫН ХАРИУ
Газрын тосны салбарт төрөөс баримталж буй бодлогын талаар:
1991 онд Монгол Улсын Газрын тосны тухай хууль, газрын тосны тухай хууль хэрэгжүүлэх журам батлагдаж, "Газрын тос" хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр газрын тосны салбарт гадаад, дотоодын хөрөнгө оруулалт хийгдэх эрх зүйн орчин бүрэлдсэн.

Газрын тосны салбарт төрөөс баримтлах бодлого, 2015 он хүртэлх үйл ажиллагааны үндсэн чиглэлийн баримт бичгийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна.

Энэхүү баримт бичгийн үндсэн зорилго нь Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хангах ач холбогдол бүхий газрын тосны хайгуул, судалгааны ажлыг эрчимжүүлэх, ордыг ашиглалтанд шилжүүлэх, олборлолтыг нэмэгдүүлэх, боловсруулах үйлдвэрийг байгуулах, газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээг тогтвортой хангах явдал юм.

Уг төрөөс баримтлах бодлогод газрын тосны геологийн судалгаа, хайгуулын ажлыг эрчимжүүлж, газрын тосны нөөцийг тогтоох, ордыг ашиглалтанд шилжүүлэх, олборлолт, борлуулалтыг нэмэгдүүлэх, тээвэрлэлтийг зохицуулах, боловсруулах үйлдвэр байгуулах, газрын тос дамжуулах хоолой барих, газрын тосны бүтээгдэхүүнээр тогтвортой хангах, газрын тосны салбарын хууль, эрх зүйн орчинг сайжруулах, газрын тосны салбарын мэдээллийн иж бүрэн сан бүрдүүлэх, газрын тосны салбарын үндэсний боловсон хүчин бэлтгэх, мэргэшүүлэх зэрэг өнөөгийн салбарт тулгамдаж буй олон чухал асуудлуудыг тусгаж оруулсан болно.
Дээрх зорилтыг хэрэгжүүлэх хууль эрх зүйн орчин нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Газрын тосны тухай хууль, түүнийг хэрэгжүүлэх журам, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж хүрээнд хэрэгжиж байна.

Монгол Улсад газрын тосны хайгуул, олборлолтын үйл ажиллагааг Монгол Улсын Засгийн газрын баталсан Бүтээгдэхүүн хуваах гэрээ (БХГ)-ний дагуу явуулж байна. БХГ-ний үндсэн зарчим нь Гэрээлэгч компаниуд газрын тосны үйл ажиллагаанд зарцуулах хөрөнгө оруулалтаа өөрсдөө 100 % гаргаж, эрсдэлээ бүрэн хариуцдаг ба хэрэв тос олж, олборлосон тохиолдолд байгалийн нөхөн сэргээгдэшгүй баялаг ашигласны төлбөр (роялти) Монгол Улсын Засгийн газарт төлдөг. Үлдсэн тосны 40 хүртэлх хувийг Гэрээлэгч хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд зарцуулсан зардлаа нөхөх, түүнээс үлдсэн тосыг Монгол Улсын Засгийн газартай БХГ-нд тохирсон нөхцөлөөр хоногийн олборлолтын хэмжээнээс хамааруулж хувааж авдаг.
Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй БХГ-нд тусгагдсанаар Монгол Улсын Засгийн газарт ногдох хувь 40-н хувиас эхлээд хоногийн олборлолтын хэмжээ нэмэгдэх тутам 60 хүртэл хувь өсөх юм. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй болон шинээр байгуулагдаж буй БХГ-нд тусгагдсан роялтийн дундаж 9,4 хувь байна. 1991 онд батлагдсан газрын тосны салбарт баримталж буй хууль, түүнийг хэрэгжүүлэх журам болон бусад баримт бичгүүд нь 2000 он ба түүнээс хойш батлагдсан, шинэчлэн найруулсан хууль, тогтоомжуудтай зөрчилдөх болсон тул газрын тосны тухай хуулийг шинэчлэх, уялдаа холбоог сайжруулах зайлшгүй шаардлага тулгараад байгаа болно. Иймд Эрдэс баялаг, эрчим хүчний яамнаас дараах арга хэмжээнүүдийг авч эхлээд байна.
Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар:
Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн хуралдааны 56 тэмдэглэлд Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын намрын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн. ЭБЭХ-ний сайдын 2009 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 243 тоот тушаалаар Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг шийдвэрлэхээр ажлын хэсгийг томилсон ба Газрын тосны тухай хуулийн төслийн үзэл баримтлал, Газрын тосны тухай хуулийг бүхэлд нь шинэчлэн найруулж, яамдуудаас санал авахаар бэлэн болгоод байна.
Газрын тосны тухай хууль, Бүтээгдэхүүн хуваах гэрээ нь одоогийн мөрдөж байгаа хууль, тогтоомжтой зөрчилдөж буй байдлын талаар:
Газрын тосны тухай хууль, Газрын тосны тухай хуулийг хэрэгжүүлэх журам нь 1991 онд батлагдсанаас хойш өөрчлөлт ороогүй болно. Бүтээгдэхүүн хуваах гэрээний заалтууд нь уг хууль, журмаар зохицуулагдаж ирсэн нь сүүлд батлагдсан хуулиудын зарим заалтуудтай зөрчилдөж байгаа болно. Тухайлбал Татварын ерөнхий хуулийн 3.1, 3.2 -д заасан татвар, төлбөр тогтоох, чөлөөлөх зэрэг харилцааг зохицуулахтай холбогдсон заалттай* "Газрын тос олборлосны төлбөр"-ийг "байгалийн нөхөн сэргээгдэшгүй баялаг ашигласны төлбөр" хэлбэрээр ойлгон хэрэгжүүлж ирсэн, газрын тосны тухай хуулийн 13.1-д "Газрын тостой холбогдсон үйл ажиллагааны явцад үүссэн эд хөрөнгийн маргааныг газрын тосны тухай гэрээнд өөрөөр заагаагүй бол БНМАУ-ын шүүх БНМАУ-ын хууль тогтоомжид заасны дагуу хянан шийдвэрлэнэ." гэж заасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хууль тогтоомжын дагуу олгогдсон шүүхийн бүрэн эрхийг хязгаарласан, зэрэг зөрчилдсөн асуудлууд байгаа. Мөн Бүтээгдэхүүн хуваах гэрээний 16.1-д "Газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулахад гэрээлэгчид шаардлагатай бүх зүйл оруулахыг зөвшөөрөх бөгөөд эдгээр зүйлд гэрээлэгчээс гаалийн татвар төлөхөөс чөлөөлнө" гэх мэт татвараас чөлөөлсөн заалтууд байгаа болно. Газрын тосны хайгуулын талбайнууд нь ашигт малтмалын тухай хуулийн дагуу олгогдож буй тусгай зөвшөөрлийн талбай болон нүүрсний давхаргын метан хийн хайгуулын талбайтай, стратегийн орд газруудын талбайтай давхцаж байгаа нь үйл ажиллагааны болоод эрх зүйн зөрчил үүсгэх нөхцөлийг бүрдүүлж байна.

Иймд газрын тосны салбарт мөрдөж буй хууль эрх зүйн баримтуудыг одоо мөрдөгдөж байгаа хуулийн заалтуудтай нийцүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа болно.
ЭРДЭС БАЯЛАГ, ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.