2010.01.19

Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх зөвшөөрлийн талаархи асуулт

НИЙГМИЙН ХАМГААЛАЛ, ХӨДӨЛМӨРИЙН САЙД Т.ГАНДИ ТАНАА
Асуулт тавих тухай
УИХ-ын гишүүн П.Алтангэрэл миний бие Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7-дугаар зүйлийн 7.1.13 дахь заалтад заасан бүрэн эрхийнхээ хүрээнд "Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хууль" болон уг хуулийн 9.5 дахь заалтын дагуу Засгийн газрын 2001 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 139 дүгээр тогтоолоор батлагдсан "Ажлын байрны төлбөр авах, хөнгөлөлт үзүүлэх, чөлөөлөх" журмын хэрэгжилт ямар байгааг эргэн харахад уг хууль болон тухайн журмын хэрэгжилт туйлын хангалтгүй бөгөөд гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх зөвшөөрлийг хэт хавтгайруулан олгож, эмх замбараагүй байдалд хүргэсэн ноцтой зөрчлүүд ажиглагдаж байна. Үүнтэй холбоотой ганцхан жишээ дурдахад Засгийн газрын 2008 оны 04 сарын 02-ны өдрийн 125 дугаар тогтоолоор Дорнод аймгийн Матад суманд газрын тосны хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа Петро Чайна Дачин Тамсаг компанийн 1810 хятад ажилчдыг, 2008 оны 07 сарын 09-ний өдрийн 283 дугаар тогтоолоор мөн компанийн 1800 хятад ажилчдыг ажлын байрны төлбөрөөс тус тус нөлөөлжээ. Гэтэл хуулийн дагуу уг төлбөрийг авсан бол 6 тэрбум гаруй төгрөг "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан"-д төвлөрч зориулалтын Дагуу зарцуулагдах боломжтой байлаа. Энэ мэтчилэн удаа дараа Засгийн газрын тогтоол гарч Монголд ажиллаж байгаа гадаадын ажилчдыг ажлын байрны төлбөрөөс чөлөөлсөн нь хууль хэрэгжих боломжгүйд хүргэжээ. Иймд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Танд дараах асуултыг тавьж байна.

  1. Ажиллах хуч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай" хууль болон ' Ажлын байрны төлбөр авах, хөнгөлөлт үзүүлэх, чөлөөлөх" журмын хэрэгжилтийн байдал;
  2. 2008-2009 онуудад хичнээн хүнийг ажлын байрны төлбөрөөс чөлөөлж, хэдий хэмжээний хөнгөлөлт үзүүлсэн;
  3. Уг хууль, журмын дагуу 2008-2009 онуудад     "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан"-д хичнээн төгрөг төвлөрсөн, түүний зарцуулалт;
  4. Ажлын байрны төлбөрөөс чөлөөлсөн шийдвэрүүд нь холбогдох хууль, тоггоол, журамд хэрхэн нийцэж байгаа;
  5. Дээрх хууль, тогтоолыг цаашид шинэчлэх, өөрчлөх талаар ямар саналтай байгаа зэрэг асуултад хариулт өгнө үү.
Хариуг УИХ-ын тухай хуульд заасан хугацаанд бичгээр ирүүлж улмаар Байнгын хорооны хуралдаанд сонсгохыг хүсье.

Хувийг: Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт.

Хүндэтгэсэн,
УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН П.АЛТАНГЭРЭЛ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.