Францчууд гомо гэр бүлийг гоомой гэж эсэргүүцжээ
Францын эрх баригчид ижил хүйстнүүдийн гэрлэлтийг албан ёсоор хүлээн зөвшөөрөх гэж байгааг эсэргүүцсэн 100 мянга гаруй хүн 70 гаруй хотод эсэргүүцлийн жагсаал хийв. Жагсаал гол төлөв тайван болсон ч зарим хотод ижил хүйстнүүдийн эрхийг хамгаалагч цөөн тооны эсэргүүцэгчийн эсрэг нулимс асгаруулагч хий хэрэглэсэн явдал гарсан аж.
Францын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Франсуа Олландын өгсөн амлалтын нэг чухал хэсэг нь бэлгийн цөөнхийг эрхийг нэмэгдүүлэх амлалт байв. Энэ амлалтаа биелүүлэх хүрээнд ижил хүйстнүүд хоорондын гэрлэлтийг уламжлалт гэр бүлтэй адил эрхтэй болгож, албан ёсоор хүлээн зөвшөөрөхийг Олланд “Нийгэм бүхэлдээ урагш алхсан хэрэг болно” гэж мэдэгдэж байсан юм. Нэгэнт амласан бол биелүүлэх хэрэгтэй учраас Францын Засгийн газар энэ сарын 7-нд ижил хүйстнүүд хоорондын хуримыг албан ёсоор хүлээн зөвшөөрөх, ижил хүйстэй гэр бүлд хүүхэд үрчлэхийг зөвшөөрөх хуулийн төслийг дэмжсэн.Үүнээс өмнө буюу 1999 оноос хойш Францын ижил хүйстэн хосууд эдэлдэг эрхээрээ илт цөөн иргэний холбоо гэгчээр л батлуулж болдог байсан аж.
Нийгэм, хүнийг бүрэлдэн тогтоход хамгийн чухал үүрэгтэй институцуудын нэг нь гэр бүл юм. Ийм чухал зүйлийг нийгмийн төдийгүй бэлгийн цөөнхийн ая талыг олох гэж яаран өөрчлөх нь тэнэг хэрэг, гоомой явдал гэж үзэх хүн олон, тэд ч мөн адил эсэргүүцлээ илэрхийлэх эрхтэй. Ингэж эсэргүүцэгчид нь дэлхийн бараг орон бүрт бий. Зарим улсад нь сул, заримд нь илүү нөлөөтэй гээд янз бүр.
Ижил хүйстнүүдийн гэрлэлтийг эсэргүүцэгчид нь хэдэн арван мянган жилийн түүхтэй “аав+ээж+хүүхэд= гэр бүл” гэсэн тогтолцоог өөрчилчихөөд, дараа нь ирээдүй үедээ яаж тайлбарлах юм гэсэн асуудал гаргаад байгаа. Жишээлэхэд, “
Эр+эр” эсвэл “эм+эм” гэсэн гэр бүл хүүхэд үрчилж авсан ч хүүхэд нь ухаан ороод хэнийг нь ээж, хэнийг аав гэх юм бэ? хэдэн арван мянган жилийн түүхтэй “аав+ээж+хүүхэд= гэр бүл” гэсэн тогтолцоог өөрчилчихөөд, дараа нь ирээдүй үедээ яаж тайлбарлах юм гэсэн асуудал гаргаж байгаа юм.
Ижил хүйстнүүдээс бүрдсэн гэр бүлд өссөн хүүхэд том болоод эсрэг хүйстнээ сонирхох уу? Хэрэв сонирхохгүй бол яах вэ? Европын уугуул иргэдийн дундах төрөлт жил ирэх тусам цөөрч, хөгшрөлт улам нэмэгдэж байгаад энэ байдал ямар нөлөө үзүүлэх юм бэ? гэсэн айдас байна.
Яван явсаар Европын уугуул иргэд нь байгалийн жам ёсоор төрөх чадваргүй дан ижил хүйстнүүдийн хос болж мөхөөд, гэр бүлийн уламжлалт тогтолцоог хадгалж үлдсэн, жам ёсны төрөлт өндөртэй, харьцангуй залуу харь газраас ирсэн хүмүүсийн орон болж хувирах юм биш байгаа гэсэн айдас ч яваа юм. Ингэж хүчтэй эсэргүүцэгчдийн эгнээнд хуучинсаг үзэлтэй эсвэл үндсэрхэг үзэлтэй намууд, томоохон шашны төлөөллүүд орж байгаа юм.
Эдгээр хүчнийг дэмжигчдийн тоо харьцангуй цөөн, сүүлийн жилүүдэд элдэв үндсэрхэг үзэл, хэт туйлшрал зэрэг нь олон нийт, улс төрийн тавцанд моодноос гараад байгаа. Наад захын жишээ нь, сая АНУ-д болсон Ерөнхийлөгчийн сонгууль. Гэр бүлийн уламжлалт тогтолцоог хадгалахын төлөө гэсэн Ромни нь ижил хүйстнүүдийн эрхийг нэмнэ гэсэн Обамад ялагдлаа. Америкийн зургаан мужид ижил хүйстнүүдийн гэр бүлийг албан ёсоор батлахыг зөвшөөрдөг бол бусдад нь зөвшөөрдөггүй. Гэр бүлийн институцийг уламжлал ёсоор хадгалахын төлөө Бүгд Найрамдах нам хүчтэй тэмцдэг.
Ижил хүйстнүүд тоогоор цөөн ч дэмжигчид нь улс төрийн нөлөө ба идэвхээрээ хамаагүй илүү. Сонгуулиар сонгогчдоос олон санал авах гэсэн улстөрчид ба гаргасан “CD”-гээ олон хувь борлуулах, шоу тоглолтодоо олон хүн хамруулах гэсэн урлагийн одууд бараг л уламжлал ёсоор бэлгийн цөөнхийн эрх ашгийг хамгийн цогтой хамгаалагчид болоод байгаа.
Жишээлэхэд, Францын эрх баригчид ижил хүйстнүүдийн гэр бүлийг эвгүй байдалд оруулахгүйн тулд төрийн бүх бичиг баримтанд “эцэг”, “эх” гэсэн үгийг ашиглахыг хориглосон. Эмэгтэй хүнийг “эх” гэж дуудах нь зөвхөн хүүхэд төрүүлж асардаг онцлогийг нь харуулан бэлгийн шинжээр гадуурхана гэж үзжээ. Европын холбооны парламент бүх гишүүддээ ижил хүйстэн хоорондын гэрлэлтийг албан ёсоор баталж, уламжлалт гэр бүлд байдаг эрх эдлүүлэхийг уриалсан.
Одоогоор, Европын холбооны Нидерланд, Бельги, Испани, Норвеги Швед, Дани зэрэг улсад энэ уриалгыг дэмжин албан ёсоор зөвшөөрөөд байгаа.
Улмаар энэ бодлогыг Европын холбоотой нягт хамтран ажиллах эсвэл тусламж авахыг хичээж байгаа орнуудад их эвтэйхэн тулган хүлээлгэдэг.
Жишээлэхэд, Молдавын парламент олон нийтийн дургүйцлийг үл хамааран бэлгийн цөөнхийн эрхийг хуульчлан баталсны төлөө НАТО-той хамтрах хөтөлбөрт илүү өргөн хүрээтэй оролцох эрхийг Молдавт өгсөн тухай мэдээ гарсан. Белоруссийг бэлгийн цөөнхийн эрхийг шамшигдуулах замаар хүний эрхийг ноцтой зөрчиж байна гэж үзээд Европын олон орон хориг арга хэмжээ аваад байгаа. Гэтэл, газрын тос, бүс нутаг дахь нөлөө, зэвсгийн том зах зээл гээд олон зүйлээр стратегийн маш том түнш байгаа лалын шашинт зарим оронд ижил хүйстэнтэйгээ бэлгийн харьцаа хийсэн нь тогтоогдвол цаазаар авах ялтай ч хар цагаан дуугүй байдаг.
Цөөнхийн эрхэд хүлээцтэй, тэвчээртэй хандах гэсэн ардчиллын үндсэн зарчмуудын нэг хэр хэрэгжиж байгааг хамгийн тод илтгэдэг зүйл бол бэлгийн цөөнхийн эрх ашгийг хамгаалах, хүлээн зөвшөөрөх явдал гэж барууны орнууд үзэж байна. Тэгэхээр Барууны маягийн ардчилал газар авахын зэрэгцээ ардчилал шинэ тулгар хөгжиж буй орнууд бэлгийн цөөнхийн эрх ашгаар далимдуулсан, шалтагласан улс төр, эдийн засгийн дарамттай бүр олон таарах нь гарцаагүй бололтой.