2008.02.02

Гадаадад ажиллаж байгаа хүмүүс тэтгэврээ эх орондоо сайн дураараа даатгуулна

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ц.Баярсайхан "Нээлттэй засаг" вэб хуудасны ярилцлагад оролцсон юм. Тэрбээр энэ удаа ард иргэдийн сонирхсон асуултад хариулсан юм. Энэ ярилцлагаас товчлон хүргэж байна.
-Та сайдын ажлаа аваад ямар ажил шинээр эхлүүлж байна вэ?
-Өнөөдрийн байдлаар бол хөдөлмөр, нийгмийн гурван талт хэлэлцээрийг эхлүүлээд явж байна. Энэ хэлэлцээрт Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Ажил олгогч эздийн холбоо оролцож байгаа. Учир нь дотоодод хөдөлмөрийн зах зээлд сул чөлөөтэй ажлын байр бага байгаа тул хүмүүсийг гадаад зах зээлд гарч ажиллахыг дэмжиж байгаа. Иймд тодорхой орнуудад дадлагажигч гаргаж байна. Харин гадаадад гарч байгаа хүмүүсийн хувьд мэргэжил олж эзэмшихийг өөрсдөө анхаарч ажиллахыг хүсэж байна.
-Тайвань уруу 200-гаад хүн гаргана гээд олон хүнийг хятад хэлний дамжаанд сургачхаад одоо хүртэл сураггүй байна. Энэ талаар та мэдсэн үү?
-Өнөөдөр явуулж буй хүмүүсийн хувьд тухайн оронд очоод гэрээгээр ажиллах ажлын байраа орхих, оргох, архи уух, түүнчлэн эрүүл мэндээр тэнцэхгүй хүмүүс явж байгаа нь бидний санааг зовоож байна. Урьд нь Зуучлах товчооны шугамаар Тайвань уруу явуулахаар гэрээ хийж нэлээд олон хүнийг бүртгэсэн. Үүнээс 100 гаруй дадлагажигч гаргасан боловч тодорхой тооны хүн буцаж ирсэн. Учир нь Тайванийн талын цалин хөлс бага, шимтгэл нь их байснаас мөн бусад хүчин зүйлээс болоод одоогоор хүн гаргахгүй байгаа. Эдгээрт бүртгүүлсэн хүмүүсийг Солонгос улсад дадлагажигчаар явуулахаар шийдвэрлэсэн байгаа. Өнгөрсөн онд Солонгосын Хөдөлмөрийн яамтай манай яам ажиллах хүч гаргахаар гэрээ байгуулсны дагуу одоогийн байдлаар 5000 гаруй хүнийг Солонгосын хөдөлмөрийн биржид бүртгүүлээд байна. Эдгээрээс 450 гаруй хүн өнөөдрийн байдлаар дадлагажигчаар ажиллаж эхлээд байгаа. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг уг ажлыг эрчимжүүлэхээр энэ оны эхэнд Солонгост айлчлаад ирсэн. Ташрамд сонирхуулахад, Солонгост гэрээгээр ажиллаж байгаа хүмүүс эрүүл мэнд, ослын даатгалд тэндээ хамрагдана. Харин өндөр насны тэтгэврийн даатгалд эх орондоо сайн дураараа даатгуулж болно.
-Манайхаас ажиллах хүч ямар улсад ямар компани гаргаж байгаа вэ?
-Япон улсад үйлдвэрийн дадлагажигч явуулах долоон компани, БНЧУ-д хоёр компани, БНСУ-д ажиллах хүчийг зуучлах товчоо, дадлагажигчийг "Монгол ньюс" компани зуучилж байгаа. 2004 он хүртэл 20 гаруй компани ажиллах хүч гаргахаар зөвшөөрөл авсан юм. 2004 оны 10 дугаар сараас нэмж зөвшөөрөл олгоогүй байна.
-Тэтгэвэр нэмэх, тэтгэврийн зөрүүг арилгах асуудал хэрхэн шийдэгдэж байна вэ?
-Эхний ээлжид 2005 оны төсөвт тусгагдсан хөрөнгийн хэмжээнд багтааж тэтгэвэр тогтоох, цалин хөлсний итгэлцүүрийг тооцсон замаар 1995 оноос өмнөх цалингаар тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийг нэмэгдүүлж зөрүүг ойртуулах арга хэмжээ авна.
-1960 оноос хойш төрсөн хүмүүс тэтгэвэр авахгүй байхаар хуульчилсан байгаа. Тэгэхээр яг одоо ажил хөдөлмөр эрхэлж буй залуус нийгмийн даатгал төлөх хэрэг байна уу?
-Ер нь хүн тэтгэврийнхээ талаар бодох л ёстой. Манай орны хувьд 1960 оноос хойш төрсөн хүмүүсийг хамарсан тэтгэврийн шинэчлэлийг хийж байна. Эдгээр хүний хувьд, таны төлсөн шимтгэл зөвхөн таны нэрийн дансанд хуримтлагдаж та үүнийгээ тодорхой хүүтэйгээр тэтгэвэр болгон буцааж авах юм. Хэрэв та өнөөдөр ямар нэг нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй бол ирээдүйд мөн ямар нэгэн тэтгэвэр авахгүй гэсэн үг. Товчхон хэлбэл, таны нийгмийн хамгааллын баталгаа алдагдах юм. Цаашид нийгмийн даатгалын тогтолцоог сайжруулж, шат дамжлагыг багасгах, нэг цэгийн үйлчилгээг үзүүлэх чиглэлээр хууль эрхзүйн өөрчлөлтүүд хийнэ. Мөн тэтгэврийн одоогийн тогтолцоог хагас хуримтлалын тогтолцоонд шилжүүлэхээр төлөвлөөд байна.
-Заавал гадаадад ажиллах хүч гаргалгүйгээр дотооддоо ажиллах хүчний тоог нэмэгдүүлж болдоггүй юм уу?
-Тантай санал нэг байна. Ер нь дотоодод хөдөлмөрийн зах зээлд ажлын байр хангалтгүй байна. Өнөөдөр дотоодын хөдөлмөрийн зах зээл дээрх ажилтны тоог нэмэгдүүлэх бодлого барьж байгаа. Жил тутам 40 мянган хүний ажлын байр бий болгоно. Ингэхийн тулд мэргэжлийн түр сургалт явуулах замаар ажилчин бэлтгэж болно.
Т.Баярмаа
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.