2008.07.14

Ерөнхий сайд Өмнөговьд....

Ерөнхий сайдын ахалсан ажлын хэсэг Өмнөговь, Говь-Алтай, Завхан, Баянхонгор аймагт ажиллаад ирлээ. Тэдэнд хамрын үзүүрт тулсан асуудал бэрхшээлийг яаж давах вэ, цахилгааныг найдвартай болгохын тулд юу хийх вэ, жижиг зээл, бизнест хамрагдах арга юу байна гэдэг асуултууд байна. Тэдэнд "Ногоон хэрэм", хүүхдийн мөнгө, тэтгэврийн зөрүү, засаг захиргааны хуваарийн шинэчлэлд өгөх санал, хуруу нэмэх хүсэл байна. Өмнө говийнхон хүндхэн өвлийг үдэж байгаа. Малын хорогдол харин ч тооцоолсноос бага гарсан юм байна. 337 га талбайг ойжуулжээ. Өмнөд Солонгосын Ротари клубын хандив 340 мянган долларын санхүүжилтээр говьд ногоон төгөл халиурах ёстой. Засгийн газар өөрийн хариуцах 50 мянган доллараа ч удахгүй гаргана. Эдний шүдний өвчин бол Даланзадгадын эрчим хүчний зогсох дуртай үйлдвэр.

Дөрөвхөн жилийн өмнө тууз хайчилсан энэ үйлдвэр их завсарлага, эрчимт эмчилгээнээс ер салаагүй. Асуудалтай газар дээр нь танилцаж, бодитой шийдэлд хүрэхийн тулд ирсэн. УИХ-аас баталж өгсөн Засгийн газрын нөөц хөрөнгө хэмжээтэй хязгаартай ч төсвөөс ихээхэн мөнгө гаргасан. Асуудлаа нухацтай ярьж танилцуулах нь чухал байгааг, нээгдсээр байгаа газрын баялгаа ашиглаж, уул уурхай, аялал жуулчлалаа хөгжүүлбэл төвөөс татаасгүй амьдрах нөөц боломжтой аймаг гэдгийг Ерөнхий сайд хэлсэн. Оюутолгой, Тавилангууд уурхайг монголчууд эрчим хүчээр хангах талаар хөрөнгө оруулагчидтай ярьж тохирч байгаа. Японы Малжицгаа, Аванхай Майнз, Засгийн газар гурав 250мвт-аас доошгүй эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр барьж байгуулах талаар яриа хэлцэл өрнүүлж байгаа юм. Аялал жуулчлал хөгжих нөөц боломж ихтэй аймаг гэдгийг ЗАЙЦ-ын сайд Г.Батхүү батлан хэлсэн.

Ирсэн нэг жуулчныг дараа жил нь тавуулаа, арвуулаа болоод ирхүйц өндөр сэтгэгдэл төрүүлэхийн тулд чанартай үйлчлэх хэрэгтэй. ЗТАЖЯамны боловсруулж байгаа стандартыг мөрдөөд эхэлбэл ирсэн гийчин сэтгэл тэнэгэр буцаж, эргээд орлого авчрах боломж нэмэгдэх юм. Олон улсын нисэх онгоцны буудлыг шууд барих боломжгүй. Төсөв нь УИХ дээр танагдаад батлагдчихсан. Эхлээд АН-24 хүлээж авч, дотоод нислэгээ бүрэн хангадаг болчихвол дараа нь өргөтгөөд олон улсынх болгочих сууриа цутгалаа гэсэн үг юм байна. Тэгвэл Өмнөговь руу олон улсын шууд нислэгийн шугам нээгдэнэ. Жуулчны тоо ихсэж, өртөг зардал үлэмж багасна. Ухас гээд барьчихгүй ч Өмнөговийг Чойр, Зүүнбаянгийн аль нэгээр төмөр замтай холбох чиглэл барьж байгаа гэж Г. Батхүүг хэлэхэд аймгийн удирдлагуудын нүд сэргэж, ард иргэд нь бүр алга нижигнүүлсэн юм. Төмөр замаар холбогдоно гэдэг нь Тавилангууд нүүрсийг хойд урд хөршид экспортлох боломж хамт орж ирж байгаа гэсэн үг юм. Аймгийн төр захиргааны байгууллагын удирдлагуудтай хийсэн уулзалтад Нийгмийн' хамгааллын, хөдөлмөрийн сайд Ц.Баярсайхан бас оролцлоо.

Сайд гишүүнийхээ үүргээ биелүүлж тойргийн сумдаараа яваад иржээ. Тэрбээр тэтгэвэрийн зөрүүг багасгасан, нэмэгдүүлсэн шийдвэр, хүүхдийн мөнгө олголтын явц, цас зудны байдлын талаар мэдээлэл, тайлбар хийлээ. Хүүхдийн мөнгө олголт онцын хүндрэлгүй, хамрагдаагүй үлдэгсдийн тоо бага байгаа аж. Өрхийн амьжиргааг тодорхойлох шинэ аргачлал амьдрал дээр сайн хэрэгжиж байгаад Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд тун олзуурхаж байв. Тэтгэврийн зөрүүгийн талаарх ойлголт ард иргэдийн дунд зарим талаар зөрүү ташаа байгааг боломжийн хэрээр залруулж явжээ. Зөрүү л гэхээр бүх тэтгэвэр авагчид ажилласан жил, авч байсан цалин, үнэлэмжийг үл тооцож бүгд яг адилхан хэмжээний тэтгэвэр авах юм байна гэж ойлгосон тохиолдолтой сайд нэг бус таарчээ. Зудны хохирол тийм ч баярлахаар бага биш гэнэ. Зарим сумын 400 малчин өрхийн 250-иас илүү нь 100 хүрэхгүй малтай болжээ. Өмнөговьд малын хорогдол их, төл цөөн бойжиж байгаа тул малын хөлийн татварыг тооцох аргачлалыг шинэчлэх, болж өгвөл чөлөөлөх нь чухал байгаа тухай тэрбээр УИХ-ын гишүүний хувьд Ерөнхий сайдад дуулгалаа.
Ерөнхий сайдын ирсний гол зорилго бол "Засвар-Эвдрэл" гэсэн горимыг өөрчилж, зөв гольдролд нь оруулах. Даланзадгадын дулааны цахилгаан станцын үйл ажиллагаатай газар дээр нь танилцах. Бодитой шийдвэр гаргахад шаардлагатай мэдээлэл авах. Бүр 1993 онд БНСУ-ын банкны зээлийн хөрөнгөөр энэ станцыг барьж ашиглах шийдвэрийг гаргасан байна. "Ерөнхий нөхцөл хэлэлцээр", "Гүйцэтгэгчийн гэрээ", "Зээлжүүлэх хэлэлцээр"-ийг Солонгосын талтай манай яамд 1997 онд байгуулжээ. Солонгосын "Хьюндай инженеринг" компани гүйцэтгэгчээр ажиллаж, 1999 онд ашиглалт оруулах хугацаагаа биелүүлэлгүй бүтэн жилээр хойшлуулснаас энэ станцыг тойрсон асуудал эхэлсэн байна. Уурын зуух нь Хятадынх, турбин нь Японых, хэмжүүрийн тоноглол, ус бэлтгэлийн төхөөрөмжийн ихэнх нь Солонгосынх, үлдсэн хэсэг нь урд хөршийнх. Газар газраас нийлүүлсэн адуу шиг хураагддаггүй янз бүрийн орны төхөөрөмжөөс бүрдсэн үйлдвэр. Эхлээд Дэд бүтцийн хөгжлийн яам, удаад нь Эрчим хүчний удирдах газар хяналт тавьж, ашиглалтад улсын комисс хүлээн авчээ. Хянаад, хүлээж аваад байсан үйлдвэр нь ажиллаж эхлүүтээ л зэсээ цухуйлгаж эхэлж. Нэг ч зогсохгүй гэсэн нэг жилийн баталгаатай үйлдвэр эхний ондоо 7 удаа зогсжээ. 2001 онд 25, 2003 онд бүр 43 удаа зогсож, Даланзадгадынхаа хөлдөөх дөхсөн. Ашиглалтад орсноосоо хойш 113 удаа зогссон байна. Өнгөрсөн оны зардал нь 2,7 тэрбум. Орлого нь 600 сая.

Алдагдал нь 2,1 тэрбум. Үүний 1,1 тэрбум нь ханшин зөрүү, зээлийн хүүгийнх. Анх Солонгосын воноор зээлийн гэрээ байгуулснаас алдагдлын дийлэнх нь гарч байна. Улсын төсвөөс жил бүр 550-700 сая төгрөгийн татаас олгодог. Энэ жил өгсөн татаас 700 сая. Засгийн газар нөөц хөрөнгөөсөө 175 сая төгрөг бас өгсөн. Цахилгааны квт тутмаас 119 төгрөгийн алдагдал хүлээж байна. Түлш, эрчим хүчний яамнаас доголдлын шалтгааныг тодруулж, үнэлэлт дүгнэлт өгөх, асуудлыг шийдвэрлэх санал боловсруулах ажлын хэсэг ирээд ажиллаж байгаа. Хамгийн гол шалтгаан нь өндөр илчлэгтэй Тавилангууд нүүрсэнд тохирсон зуух сонгоогүйгээс болсон. Нүүрс тохирдоггүйн улмаас зуухнууд шатаж, хэт халж эд тоноглол нь сунаж мурийн гэмтдэг. Засвар Эвдрэл гэсэн "горим" баримталдаг. Боловсон хүчнээ дадлагажуулж сургаагүй. Удирдлага менежментийн ур чадвар ч онцгой анхаарах асуудал. Бусад олон шалтгаан бий. Станцыг барьж байгуулахад тавьсан хяналт, ханшин хэлбэлзэлтэй воноор зээл авсан, ажилчдыг сургаж бэлтгээгүй зэрэг хариуцлагагүй байдал өнөөдрийн бэрхшээлийн суурь шалтгаан болсныг Ерөнхий сайд анхааруулсан юм. Орой нь Ерөнхий сайд, сайд нар, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, НХХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын ХЭГ-ын дэд дарга аймгийн иргэдтэй уулзлаа. Эрчим хүчний үйлдвэрийн доголдлыг арилгах талаарх асуулт, хүсэлт уулзалтын гол сэдэв байв. Ардын санаачилгыг хөхүүлэн дэмжих өрхийн амьжиргааг дээшлүүлэх төсөлд хэрхэн хамрагдах, бичил зээл авах, хүнд суртлыг багасгах, өглөгийн ядуурлаас өөрсдөө гарах талаар иргэд санал бодлоо Ерөнхий сайдтай хуваалцлаа.

Д.БОЛДХУЯГ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.