2008.02.02

230 мянган хүүхэд "Итгэлийн 3000"-аа авчээ

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ц.Баярсайхан өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр Засгийн газрын 22 дугаар тогтоолын хэрэгжилт буюу тэтгэврийн зөрүүг арилгах болон олон хүүхэдтэйн тэтгэмж олголтын явцын талаар мэдээлэв. Сайдын хэлснээр, анх 3000 төгрөгийг 560 мянган хүүхэд авна гэж тооцож байсан. Энэ сарын 1-ний байдлаар тэтгэмжийн 3000 төгрөгийг 230 мянган хүүхэд аваад байна. Одоогоор олон хүүхэдтэйн тэтгэмж олгоход санхүүгийн хүндрэл гараагүй байна.

Дашрамд дурдахад бид тэтгэмж авах өрхийн амьжиргааны төвшинг тодорхойлохдоо орлогын бус аргыг хэрэглэж байгаа. Амьжиргааны төвшинг тодорхойлох энэ шинэ арга нь амьдрал дээр бодитой гэдэг нь харагдсан. Ер нь энэ тэтгэмжийг нийт хэчнээн хүүхэд авах нь дөрөвдүгээр сарын нэгэн гэхэд тодорхой болно. Мөн Засгийн газрын 22 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор тэтгэврийг нэмэгдүүлэн өөрчлөх аргачлал боловсруулсан. Үүнийгээ төв орон нутгийн нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлж, хоёрдугаар сарын 10-наас энэ сарын 5-ны өдрийг хүртэлх 20 хоногийн хугацаанд өөрчлөлтийг хийж дуусгалаа. Энэ ажлыг хийхэд манай салбарынхан ихээхэн хүчин зүтгэл гаргаж, нойр хоолгүй зүтгэснийг дурдах хэрэгтэй. Нийт 276,6 мянган тэтгэвэр авагчийн бүгдийнх нь хувийн хэргийг шалгаж шинээр бодолт хийж өөрчилсөн. Ингэхэд 10,3 тэрбум төгрөгийн нэмэгдэл хийлээ. Нэмэгдсэн хөрөнгийг дотор нь задалбал итгэлцүүрийн өсөлтөөр 3,2 тэрбум төгрөг, 7,5 хувийн нэмэгдлээр 7,1 тэрбум өгөх тооцоо гарч байгаа. Итгэлцүүрийн өсөлтөд тэтгэвэр авагчдын 12,5 хувь, харин 7,5 хувийн нэмэгдэлтэд 87,5 хувь нь хамрагдсан. Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр авч байсан хүмүүсийн тэтгэвэр 7,5 хувиар буюу 2400 төгрөгөөр өсөж 34400 төгрөг болж байна.

Итгэлцүүрээр бодоход 7,5 хувиар нэмсэн хэмжээнд хүрч чадахгүй 20,2 мянган хүн байсан. Энэ хүмүүсийн тэтгэврийг 7,5 хувийн нэмэгдэлд хүргэж өсгөхөд 747 сая төгрөг нэмэгдсэн. Одоогийн байдлаар нийслэлийн дүүргүүд дээрх итгэлцүүр болон нэмэлттэй тэтгэврийг бүрэн тавиад байна. Ер нь манай Засгийн газар итгэлцүүрийн одоогийн 60 хувь гэсэн хэмжээг ирэх жил 100 хувь болгоно гэж төлөвлөж байгаа. Ингэснээр тэтгэврийн зөрүү үндсэндээ арилах юм. Тэрчлэн өнгөрсөн амралтын өдрүүдээр Солонгосын Хөдөлмөрийн яамныхан Монголд ирсэн. Манай холбогдох албаны хүмүүс тэдэнтэй тус улсад ажиллаж буй иргэдээ Монголын хуулийн дагуу нийгмийн даатгалын шимтгэлд хамруулж байх талаар эхний тохиролцоог хийлээ. Ингэснээр тухайн иргэн хэдийгээр Солонгост хөдөлмөр эрхэлж буй ч төлсөн НДШ нь Монгол руу шилжиж ирэх юм. Үүнийг албан ёсны болгон тодорхой хугацааны дараа Монгол, Солонгосын Хөдөлмөрийн яамд албан ёсны гэрээнд гарын үсэг зурна гэлээ.
Б.ГАРДИ

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.