2008.05.14

Хөгшид төрийн ордныг гороолж, сайд шуурхай мэдээлэл хийв

Засгийн газар ээлжит мэдээллээ өчигдөр гэнэт зарлаж, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ц.Баярсайхан тэтгэврийн зөрүүг арилгах явц ямар байгаа талаар шуурхай мэдээлэл хийв. Энэ нь Төрийн ордныг тойрч тэтгэврийн хөгшид өчигдөр цуглаан хийсэнтэй холбоотой байлаа. Сайд мэдээлэлдээ "Энэ жилийн төсөвт цалин, тэтгэврийг 7.5 хувиар нэмэхэд 13 орчим, тэтгэврийн зөрүүг арилгахад 4.7 тэрбум гаруй төгрөг сууж өгсөн байгаа. Хууль батлагдсан тул энэ чиглэлээр ажлын хэсэг гарган ажиллаж байгаа бөгөөд ажлын хэсэгт Тэтгэвэр авагчдын эрх ашгийг хамгаалах түр хорооноос ч хүн байгаа. Удахгүй саналаа Засгийн газарт оруулж хэлэлцүүлэх болно. Гэтэл ажлын хэсэгт орж ажиллаж байгаа мөртлөө энэ өвлийн хүйтэн, хальтаргаа гулгаатай үед машин зам бөглөн цуглаан зохион байгуулж байгаа нь их хариуцлагагүй явдал болж байна.

Ер нь тэтгэврийн асуудлаар бидэнтэй болон ажлын хэсгийнхэнтэй уулзаж мэдээлэл авах нээлттэй байгаа шүү дээ. Гол нь тэтгэврийн зөрүүг арилгах асуудал яригдаж байна. Өмнө нь бүрэн тэтгэврийн доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж 32 мянган төгрөг болгосноор бага тэтгэвэр авагчдын тэтгэврийн зөрүү багагүй хэмжээгээр арилсан байгаа. Өнөөгийн байдлаар тэтгэврийн зөрүүг бүрэн арилгахад 22-44 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо бий" гэв. Сайдыг мэдээлэл хийсний дараа сэтгүүлчид сонирхсон асуултдаа хариулт авлаа.
-Энэ жилийн батлагдсан төсвөөс Онцгой албан татварын хуулийн зарим заалтад тавьсан Ерөнхийлөгчийн хоригоос болж найм гаруй тэрбум төгрөг дутах болсон. Энэ үеэр Сангийн сайд тэтгэвэр болон тэтгэврийн зөрүүг арилгах асуудал хүндхэн боллоо гэж мэдэгдсэн. Тэгэхлээр тэтгэврийн зөрүүг яг хэдийнээс олгох вэ?
-Төсөвийг орж ирэх байсан тодорхой хэмжээний нэмэлт орлого буурсан тул дутагдахыг үгүйсгэхгүй. Гэхдээ Засгийн газар нийгмийн чиглэлээр амласан амлалтаасаа буцахгүй гэсэн байр суурийг баримталж байна. Тодорхой хэмжээнд бонд гаргаж асуудлыг шийдвэрлэхээр болж байгаа. Тэтгэврийн зөрүүг арилгах болон тэтгэврийг ирэх дөрөвдүгээр сарын 1-ээс нэмнэ
-Цуглаан зохион байгуулж буй иргэд тэтгэврийн зөрүүгээ цагаан сараас өмнө авъя гэсэн шаардлагыг тавьж байгаа. Зөрүүтэй тэтгэвэр авагчийн тэтгэвэр ямар хувь хэмжээгээр, яг хэдэн төгрөгөөр нэмэгдэх юм бэ?
-Нийт 280 мянга гаруй тэтгэвэр авагч байдаг. Бүх хүний тэтгэврийг дахин бодох юм. Тэгэхээр яг тэдэн төгрөг гэж хэлэхэд хэцүү. Тэтгэврийн зөрүүгээ арилгуулах гээд байгаа тэтгэвэр авагчид нь нийт тэтгэвэр авагчийн 20 орчим хувь байдаг. Зөрүүг арилгахдаа анх тэтгэврээ тогтоолгосон цалинг нь л барьж тооцох болно.

М. Баатар

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.