АН-ын «Дүнсгэр мөрөн»
Цэвэлмаагийн Баярсайхан 1996 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан холбоо эвслээс, 2004 онд "Эх орон-Ардчилал" эвслээс, 2008 онд Ардчилсан намаас нэр дэвшин ялалт байгуулан гурав дахь удаагаа парламентад сууж байгаа туршлагатай улстөрч.
Эдийн засагч мэргэжилтэй тэрбээр Өмнөговь аймгийн АДХГЗ-ны Статистикийн хэлтсийн мэргэжилтнээс хөдөлмөрийн гараасаа эхлэн албан тушаалын шатаар ахиж дэвшсээр аймгийн Засаг даргын орлогчийн албыг ч хашаад амжсан. Чухамдаа ингэж төрийн албаны туршлага суусан Ц.Баярсайхан шиг хүч ардчиллынханд аманд орж ирсэн шар тос л гэсэн үг. Тиймээс 1996 онд Ардчилсан холбоо эвслийн нэрийн өмнөөс сонгуульд өрсөлдөх эрх тун ч амархан түүнд ирсэн. Тэр ч итгэлийг хөсөрдүүлэлгүй ялалт байгуулж чадсан.
Ардчиллынхан олуулаа байсан парламентад ч удаах хоёр ч УИХ-д тэрбээр зан ааш, зангараг тангарагийн хувьд бусдаас ялгарч сондгойроод байсангүй. Тэр холоос хааяахан шиддэг жинтэй үгнүүддээ л жаахан харам байсан байх.
Ц.Баярсайханы намтарт УИХ-ын гишүүнээс гадна “Говь интернэшнл" группийн Ерөнхийлөгч, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаар ажилласан он жилүүд дурайж бий. Улс төрийн угшлаараа МҮДН гаралтай Ц.Баярсайхан одоогийн парламентад Эдийн засгийн байнгын хорооны даргын албан тушаалтай.
Өмнөговийн унаган хүү түүнийг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг батлахад арын фронтын идэвхтэй дайчны нэг байсан хэмээн улстөрчид "харддаг" юм билээ. Ямартай ч ил улс төрийн элдэв хорд хутгалдаад, албан тушаалаас зууралдаад байдаггүй Ц.Баярсайхан намынхаа удирдлагын халуун тогоонд буцалж буй журмын нөхдөдөө голлон тоглогч байж эв эвийг хичээхийг хамгийн ихээр захидаг гэлцдэг. Үнэндээ ч саяхан болсон ҮЗХ-ны хуралдааны өмнөх намын даргын суудлын төлөөх ширүүн тулааны үеэр ичиж үхэх шахахдаа бүлгийнхээ хурал дээр "Ардчилсан нам алалцах тусмаа тарж бутардаг шүү" гэсэн хатуухан угийг чулуудаж чамгүй бухимдаад амжсан юм билээ.
Ц.Баярсайхан Монгол-Британи, Монгол-Герман, Монгол-Камбож, Монгол-Канад, Монгол-Люксембург, Монгол-Орос, Монгол-Хятад, Монгол-Японы парламентын бүлгийн гишүүн гэсэн гадаад харилцааны өргөн цар хүрээтэй.
Эрхэм гишүүн өөрөө жилд 17.9 сая төгрөг төгрөг олдог бол гэр бүл нь 2.5 сая төгрөгийн орлоготой гэнэ. Мөн тэрбээр 42 саяар үнэлэгдэх хоёр машинтай, хадгаламжиндаа ердөө 26.6 сая төгрөгтэй хэмээн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тэмдэглүүлсэн байна билээ. Харин Ц.Баярсайхан гишүүн орон сууц, ажил үйлчилгээний гурван барилгатай бөгөөд эдгээр нь нийлээд 263 сая төгрөгийн өртөгтэй бол Говийн өндөр" ХК, "Говь интернэшнл"ХХК зэрэг компаниудын 57595 ширхэг хувьцаа нь 20 саяын үнэтэй гэхээр бэл бэнчингээр бусдын дор ороод байхааргүй л нэгэн юм билээ.