Монгол оронд өрнөсөн Ардчилсан хувьсгалын хорин жилийн ойд зориулан
УИХ-ын гишүүн ЭЗБХ-ны дарга Ц. Баярсайханаас төрөлх говь нутгийнхаа ард иргэд та бүхэндээ мэндчилж байна
Монголчууд бид Анхдугаар Улсын Их Хурлаа хуралдуулж
Бүрэн эрхэт Ард түмэнтэй, Эрх зүйт Төр засагтай, Туурга тусгаар Монгол улсаа, Анхны Үндсэн хуулиараа баталгаажуулан дэлхий дахинд Тунхаглан зарласны түүхт 85жилийн ойн баярын мэндийг төрөлх говь нутгийн ард иргэд та бүхэндээ өргөн дэвшүүлж байна. Сайхан баярлаарай
Одоогоос хорин жилийн өмнө яг энэ цаг мөчид Ардчилал, Нийгмийн шударга ёс, Хүний эрх чөлөөний төлөө өрнөсөн Цагаан морин жилийн Ардчилсан хувьсгалын үр дүнд хуучин тогтолцооноос чөлөөлөгдөж, Монгол орон, Монголчуудын амьдрал, аж байдлыг өөрчлөх түүхэн боломж олдсон билээ.
Хуучин тогтолцоо буюу Коммунист дэглэмийг түлхэн унагах зорилго бүхий олон нийтийн анхны байгууллага болох Монголын ардчилсан холбоо цуглаан хийж, байгуулагдсан тухайгаа албан ёсоор зарлаж, улс эх орноо хүний эрх, эрх чөлөөт байдал, улс төрийн ардчилал, зах зээлийн эдийн засагт тулгуурласан нийгмийн тогтолцоонд шилжүүлэхийн төлөө тэмцлээ эхэлсэн юм.
Энэхүү тэмцлийн үр дүнд нийгмийн байгуулал тайван замаар бүхэлдээ өөрчлөгдөж, Монголчууд бид хөгжлийнхөө тулгуур зарчмыг хүний эрх, эрх чөлөөт байдал, ардчилал, шударга ёсыг дээдлэн хүндэтгэж хэрэгжүүлэхэд оршино хэмээн үзэж, Үндсэн хуулиндаа эрх зүйн хувьд баталгаажуулсан юм.
Өнөөдөр Монголчууд бид бүх нийтээрээ баярлан тэмдэглэж байгаа цагаан морин жилийн Ардчилсан хувьсгалын ач буянаар Монгол хүн түүхэндээ хүн төрлөхтөний соёл иргэншлийн үнэт зүйлс хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн хүний эрх, эрх чөлөөг жинхэнэ утгаар нь эдлэх боломжтой болоод зогсоогүй, хүн шиг амьдарч, улс гэрээ өөд татах гэснийхээ төлөө шийтгэгддэг байсан ёс бус үзэл номлол, харгис хатуу залхаан цээрлүүлэлтээс ангижирсан юм. Үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө, өмч хөрөнгөө арвижуулсныхаа төлөө, шүтлэг бишрэлээ ил үйлдэснийхээ төлөө хэн ч хэзээ ч яллагдахгүй болж байна гэдгээ мэдэрсэн юм. Төрийн сүр, цэргийн хүч, диполмат ёс, уламжлал үйлээрээ дэлхийд гайхуулж, соёл иргэншлийг бүтээж, бүтээлцэж дэлхийн гүрний эзэд явсан өвөг дээдсээ санан дурсах, тэдний үйл хэргийг үргэлжлүүлэх эрхтэй болсон. Монгол хүн Монголоороо бахархаж бүрэн эрхт, эрх чөлөөт Монгол улсын Иргэн гэдгээ хаана ч, хэнд ч хэлэх нүүртэй болсон. Монголчууд бид олон зуунаар хэмжигдэх түүхэн хөгжлийнхөө шинэ гарааг эхэлж, соёлт хүн төрлөхтөний халуун ам бүлд хүндтэй гишүүн нь байж чадахаа олон улс оронд нотлон харуулж байна.
Энэ түүхэн цаг үед Өмнөговь нутагт жирийн сэхээтнээс ажилчин, нам бусчууд, нийгмийн янз бүрийн давхаргын хүмүүс энэхүү үйл явцыг талархан дэмжиж, өөр хоорондоо, найз нөхдөөрөө нэгдэн цуглаж, энд тэнд гэр орноороо улс төрийн яриа хөөрөө өрнүүлж шинээр төлөвшиж байгаа үзэл санаа, шинэчлэлт өөрчлөлтийг дүгнэн цэгнэж Ардчилсан хөдөлгөөнүүдийг нутагтаа эхлүүлж байсан. Өмнөговь аймагт анх удаа улс төрийн бус үйл ажиллагаа явуулах зорилготой говь хөдөлгөөн 1990 оны 3-р сард байгуулагдаж, өргөн олны цуглааныг Т Борын талбайд хийж санаачлагчид үг хэлж говь нутгаа хөгжүүлэх талаар уриалга гаргаж сонордуулж байсан юм. 1990 оны хавар аймгийн МХЗЭ-ийн Залуус танхимд аймгийн МоАХ-ны салбар зөвлөл байгуулах анхны хурлаа хийж байсан. Ийнхүү аймгийн МоАХ-ны салбар зөвлөлийн ерөнхий зохицуулагчаар прокурор Д. Пүрэвбаатар зохицуулагчдаар Г. Цэвэг, С. Борхүү нарыг сонгож байсан. Мөн энэ үеэр Монголын үндэсний дэвшил, Социал демократ, Сэргэн мандал зэрэг хөдөлгөөн холбоодууд бий болж эдгээр байгууллагуудын удирдагч манлайлагчид идэвхи зүтгэлтэй оролцогч Б Равжир, Чинзориг, Б. Ганбаатар, Ц. Төмөртогоо, М. Батаа,С. Бямбаа Ч. Мөнхжаргал, Эрдэнэсүх, Д. Бямбасүрэн, Д. Даян, Баттөр, О, Лодон, Ч. Идэрцог, Д. Шараа, Лханаа, Ядамсүрэн, Б. Цэцэгсүрэн, Р. Бадамжунай нарын зэрэг олон журмын нөхөд та бүгдээрээ бахархаж байдаг.
Өмнөговьчууд- нутаг нэгт ахан дүүс, сонгогч олон түмэн Та бүхэндээ Ардчилсан хувьсгалын 20-жилийн ойн баярын мэндийг хүргэж, түмэн олныхоо амар тайван аж амьдралыг цогцлоох, төрөлх нутгийнхаа тогтвортой хөгжлийг хангах, ардчилал, хүний эрх, эрх чөлөөний үнэт зүйлсийг эрхэмлэн хамгаалах үйлстээ шинэ шинэ амжилт олохын ерөөл дэвшүүлье.