“Говь нутгийн ард түмэндээ Улс тунхагласны баярын мэнд хүргэе”
2010.11.29

“Говь нутгийн ард түмэндээ Улс тунхагласны баярын мэнд хүргэе”

УИХ-ын гишүүн, ЭЗБХ-ны дарга Ц.Баярсайхан

Говь нутгийн ард түмэндээ Улс тунхагласны баярын мэнд хүргэе”


Нутаг нэгт ахан дүүс та бүхэндээ Улс тунхагласны баярын мэнд хүргээд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна.

 

Ирээдүйн сайн сайхны төлөө итгэл төгс хөдөлмөрлөж буй Та бүхний минь зорьсон бүхэн сэтгэлчлэн бүтэж айл өрх, иргэдийн маань амьдрал ахуй өдрөөс өдөрт өөдлөн дэвжиж төрөлх говь нутаг минь цэцэглэж хөгжинө гэдэгт бүрэн итгэлтэй байна.

 

Ойрын үед орон нутагийнхаа эдийн засаг тэр дундаа дэд бүтэц, боловсролын салбарын ирээдүйн хөгжилд анхаарлаа хандуулж олон ч бүтээлч ажил өрнүүллээ. Тухайлбал:  УИХ-аар Төмөр замын талаар баримтлах бодлого батлагдаж Даланзадгад –Тавантолгой-Сайншанд  чиглэлийн төмөр зам тавигдах эрх зүйн орчин бүрдлээ.

 

Малжуулах төсөл маань хагас тэрбум орчим төгрөгийн сантайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байна.

 

Тавантолгойн орд газрыг ашиглах, Монгол Улсын иргэн бүрт хувьцаа эзэмшүүлэх, аж ахуй нэгж бүрт адил тэнцүү эрх олгох тогтоол батлуулахад хүчин чармайлт гаргасны хүчинд өнөөдөр ажил хэрэг болж байгаад баяртай байдаг.

 

Даланзадгадын “Гурван Сайхан нисэх онгоцны буудал”-ыг олон улсын нисэх онгоцны буудал болгон өргөтгөх, Улаанбаатар - Мандалговь - Тавантолгой  -Оюу толгойн 220 квт-ын шугам барих асуудлууд шийдвэрлэгдэж Ноён, Сэврэй  сумын эрчим хүчний шугмыг барьж дуусгасан бөгөөд Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд, Манлай сумдын эрчим хүчний асуудал 2011 онд шийдвэрлэгдэхээр болж байна.

 

Улаанбаатар- Мандалговь, Мандалговь -Даланзадгад, Тавантолгой- Гашуун сухайтын авто зам барих ажлууд эхэллээ.

 

Оюу толгой, Таван толгойн ордын ашиглалт эхэлж, дэд бүтцийн асуудлууд шийдвэрлэгдсэнээр Говь нутгийн бүтээн байгуулалт бодит ажил болж байгааг та бид харж байна.

 

Миний бие Өмнөговь аймгийн орлогч даргаар ажиллаж байх үеэсээ орон нутгийн иргэдийн боловсролыг дээшлүүлэх чиглэлд анхаарч ирсэн. Тэр үеэс өнөөг хүртэл МУИС, Санхүүгийн эдийн засгийн дээд сургууль болон бусад их дээд сургуулиудад мэргэжлийн нутгийн боловсон хүчин бэлтгэх чиглэлээр анхаарч ажиллаж байна. Зөвхөн МУИС-д гэхэд эдийн засгийн чиглэлээр 80 гаруй хүмүүсийг бэлтгэсэн. Өнөөдөр 10-аад хүн  МУИС-ийн эчнээ ангид суралцаж байна. Мөн Санхүү эдийн засгийн дээд сургуульд нягтлангийн дунд мэргэжлийн 70 гаруй хүнийг дээд боловсролтой болгосон. Одоо энэ сургуульд хөдөө орон нутагт ажиллаж байгаа 10 хүнийг дээд боловсрол эзэмшүүлэхээр эчнээгээр суралцуулж байна.

 

Мөн оюутан залуучуудын гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэхийн тулд энэ оны 6 дугаар сард “Энержи ресурс” компанийн дэмжлэгтэйгээр, “Голбал удирдагч сан”-тай хамтран орон нутагт сурч боловсорч байгаа хүүхэд залуучуудыг англи хэл, компьютрын үнэгүй сургалтанд хамруулсан байгаа. Энэ нь аймгийн хүүхэд залуучуудын англи хэл, компьютрын мэдлэгийг дээшлүүлэхээс гадна хүссэн мэргэжилээрээ өндөр хөгжилтэй орнуудын их, дээд сургуулиудад суралцах гарцыг нээж өгснөөрөө чухал ач холбогдолтой билээ. Цаашид ч энэ чиглэлээр олон бүтээлч ажил хийх төлөвлөгөө байгаа. Тухайлбал ижил төстэй сургалтуудыг зохион байгуулахаас гадна ирэх оны эхээр орон нутгийн нийт сурагчдын дунд Англи хэлний олимпиад зохион багуулж залуучуудын гадаад хэл сурах сонирхлыг нэмэгдүүлэхийг зорьж байна.

 

Мөн өөрийн багцаас хөрөнгө оруулалт хийж Хүрмэн суманд хүүхдийн 70 ортой цэцэрлэгийг ашиглалтанд орууллаа. Өмнө нь соёл спортын төвийн барилгыг мөн өөрийн багцаас санхүүжүүлж бариулж байсан билээ. Энэ удаа цэцэрлэгийн барилгыг байгуулан ашиглалтанд оруулж байна. Мөн өөрийн санаачлагаар тус сумын Жанжин багт 6 дугаар сард Бүгд Найрамдах Чех Улсын Хөгжлийн хамтын ажиллагааны тусламжаар бага оврын зөөврийн эмнэлэг барьж өгсөн билээ. Тус бага оврын зөөврийн эмнэлэг нь төвөөс алслагдсан багийн иргэдэд эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээ үзүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Цаашид ч энэ үйл ажиллагааг улам өргөжүүлэн сумдын 20 багт бага оврын зөөврийн эмнэлэг бариулахаар ажиллаж байна.

 

2009 оны 10 дугаар сард сард Эрүүл мэндийн сайд С.Ламбаагийн хамт орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудаар ажиллаж бодит байдалтай танилцуулж байсан. Тус салбарт шаардлагатай хөрөнгө оруулалтын нэг нь эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмжийн шинэчлэх асуудал байлаа. Гишүүнийхээ багцаас 300 орчим сая төгрөгийг гарган санаачилж  хөрөнгө оруулалт хийн нэгдсэн эмнэлгийн цусны төвийн тоног төхөөрөмжийг бүрэн шинэчилж, гурван өрхийн эмнэлэгт авто машин, эхо аппаратаар хангасан билээ.

 

Мандал-Овоо сумын соёл, спортын төвийг өөрийн багцаас хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж бариулж байна. Удахгүй энэ билэг дэмбэрэлт өдөр нээлтээ хийхээр төлөвлөөд байна.

Энэхүү бүтээн байгуулалт, хөгжлийн ажилд хүн бүр оролцох боломж гарч, үр ашгийг нь хүртэх бололцоо бүрдлээ.

 

Энэ бүхнийг шийдэхэд Та бидний хамтын ажиллагаа, эв нэгдэл эрхэм чухал үүрэг гүйцэтгэсэн билээ.

 

Та бүхэн элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.

 

Сайхан баярлаарай.

 

Говь нутаг маань цэцэглэн хөгжих болтугай.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.