УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Баярсайхан: Өмнөговийн нийт ард иргэддээ баярын мэнд дэвшүүлье
УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Баярсайхан ӨМНӨГОВЬ АЙМГИЙН НИЙТ АРД ИРГЭДДЭЭ ШИНЭ ОНЫ МЭНД ДЭВШҮҮЛЬЕ
Шинэ оноо угтахаар халуун бүлээрээ баярын ширээгээ тойрон, үдэж буй оныхоо дурсамжаа хөөрөлдөж, угтан ирэх оныхоо хүсэл зорилгоо зөгнөн ярилцаж байгаа Говьчууд Та бүхэндээ шинэ жилийн баярын мэндийг чин сэтгэлийн ерөөлийн хамт өргөн дэвшүүлье.
2010 он Та бидэнд урам зориг нэмсэн амжилт ялалт, ухаарал бодрол зэрэгцүүлсэн сургамж эргэцүүлэл аль алиныг нь үлдээж улиран одож байна.Ерөөл билэгдлийг эрхэмлэдэг Монголчууд бидний хувьд 2011 он өсөж үржихийн билэгдэл болсон есөн цагаан хүсэл нь биелсэн жил болоосой гэж би хүсч байна. Иргэн бүр дор бүрнээ есөн цагаан хүсэл зорилгоо тээж, шинэ оноо өөртөө итгэлтэй угтан золгохыг ерөөе.
Ирээдүйн сайн сайхны төлөө итгэл төгс хөдөлмөрлөж буй Та бүхний минь зорьсон бүхэн сэтгэлчлэн бүтэж айл өрх, иргэдийн маань амьдрал ахуй өдрөөс өдөрт өөдлөн дэвжиж төрөлх говь нутаг минь цэцэглэж хөгжинө гэдэгт бүрэн итгэлтэй байна.
Ойрын үед орон нутагийнхаа эдийн засаг тэр дундаа дэд бүтэц, боловсролын салбарын ирээдүйн хөгжилд анхаарлаа хандуулж олон ч бүтээлч ажил өрнүүллээ.
Тухайлбал: УИХ-аар Төмөр замын талаар баримтлах бодлого батлагдаж Даланзадгад –Тавантолгой-Сайншанд чиглэлийн төмөр зам тавигдах эрх зүйн орчин бүрдлээ.Тавантолгойн орд газрыг ашиглах, Монгол Улсын иргэн бүрт хувьцаа эзэмшүүлэх, аж ахуй нэгж бүрт адил тэнцүү эрх олгох тогтоол батлуулахад хүчин чармайлт гаргасны хүчинд өнөөдөр ажил хэрэг болж байгаад баяртай байдаг.Даланзадгадын “Гурван Сайхан нисэх онгоцны буудал”-ыг олон улсын нисэх онгоцны буудал болгон өргөтгөх, Улаанбаатар - Мандалговь - Тавантолгой -Оюу толгойн 220 квт-ын шугам барих асуудлууд шийдвэрлэгдэж Ноён, Сэврэй сумын эрчим хүчний шугмыг барьж дуусгасан бөгөөд Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд, Манлай сумдын эрчим хүчний асуудал 2011 онд шийдвэрлэгдэхээр болж байна. Улаанбаатар- Мандалговь, Мандалговь -Даланзадгад, Тавантолгой- Гашуун сухайтын авто зам барих ажлууд эхэллээ.
Оюу толгой, Таван толгойн ордын ашиглалт эхэлж, дэд бүтцийн асуудлууд шийдвэрлэгдсэнээр Говь нутгийн бүтээн байгуулалт бодит ажил болж байгааг та бид харж байна. Миний бие Өмнөговь аймгийн орлогч даргаар ажиллаж байх үеэсээ орон нутгийн иргэдийн боловсролыг дээшлүүлэх чиглэлд анхаарч ирсэн. Тэр үеэс өнөөг хүртэл МУИС, Санхүүгийн эдийн засгийн дээд сургууль болон бусад их дээд сургуулиудад мэргэжлийн нутгийн боловсон хүчин бэлтгэх чиглэлээр анхаарч ажиллаж байна. Зөвхөн МУИС-д гэхэд эдийн засгийн чиглэлээр 80 гаруй хүмүүсийг бэлтгэсэн. Өнөөдөр 10-аад хүн МУИС-ийн эчнээ ангид суралцаж байна. Мөн Санхүү эдийн засгийн дээд сургуульд нягтлангийн дунд мэргэжлийн 70 гаруй хүнийг дээд боловсролтой болгосон.
Одоо энэ сургуульд хөдөө орон нутагт ажиллаж байгаа 10 хүнийг дээд боловсрол эзэмшүүлэхээр эчнээгээр суралцуулж байгаа зэрэг олон бүтээлч ажил өрнүүлсэн. Мөн 2008-2010 онуудад орон нутагт доорх ажлуудыг амжилттай зохион байгуулаад байна.
УИХ-ын гишүүн, ЭЗБХ-ны дарга Ц.Баярсайханы тойрогтоо 2008-2010 онуудад санаачлан зохион байгуулсан ажлын талаар
1. 2009 оны 5 дугаар сарын 13, 14-ны өдрүүдэд Засаг даргын Тамгын газрын Сүлд танхимд “Өмнөговь аймагт ЖДҮ хөгжүүлэх сургалт, зөвлөгөөн”-ийг зохион байгуулж бүх сумдад Өмнөговь аймагт хэрэгжүүлэх боломжтой 20 төрлийн ЖДҮ-ийн загварчилсан гарын авлага, материал өгч ЖДҮ-ийн сангаас 700,0 сая орчим төгрөг хуваарилав.
Өмнөговь аймагт ЖДҮ-ийг дэмжих хүрээнд хийгдсэн ажлын үр дүнд:
2009 онд Өмнөговь аймагт Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр ЖДҮ-ийн хөгжлийн сангаас нийт 2,350,400,000.0 төгрөгийн өртөг бүхий 90 ААН, иргэд зээл хүсэн төслөө ирүүлсэнээс 57 ААН, иргэд шалгарч 787,094,000.0 төгрөгийн өртөг бүхий зээл олгосон байна. Нийт дүнгээр авч үзвэл 179 ажлын байр шинээр бий болсон.2010 онд Өмнөговь аймагт Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр ЖДҮ-ийн хөгжлийн сангаас нийт 2,118,300,000.0 төгрөгийн өртөг бүхий 106 ААН, иргэд зээл хүсэн төслөө ирүүлсэнээс 37 ААН, иргэд шалгарч 658,510,000.0 төгрөгийн өртөг бүхий зээл олгосон байна. Нийт дүнгээр авч үзвэл 57 ажлын байр шинээр бий болсон байна.
ЖДҮ-ийг хөгжүүлэх хүрээнд 2010 онд дэмжигдсэн төсөл, санхүүжилтийг сумдаар харуулбал: /сая.төг/
№ | Сум | Зээлийн тоо | Зээлийн хэмжээ | Хувь |
1 | Даланзадгад | 19 | 477,3 | 51% |
2 | Ханхонгор | 2 | 13,4 | 5% |
3 | Баяндалай | 1 | 15 | 3% |
4 | Булган | 1 | 7 | 3% |
5 | Цогтцэций | 2 | 30 | 5% |
6 | Номгон | 1 | 4,9 | 3% |
7 | Цогт-Овоо | 1 | 12 | 3% |
8 | Мандал-Овоо | 1 | 20 | 3% |
9 | Баян-Овоо | 1 | 2,6 | 3% |
10 | Ноён | 2 | 4,5 | 5% |
11 | Ханбогд | 2 | 30 | 5% |
12 | Гурвантэс | 4 | 41,8 | 11% |
Нийт | 658,5 | 100% |
2. 2009 оны 10 дугаар сарын 10-нд ӨМӨЗО-ны Альшаа аймгийн засаг дарга Бао Чан Чиний урилгаар Баян хотноо албан ёсны уулзалт хийж хоёр аймгийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцсон билээ. Тус уулзалтын үеэр Өмнөговь аймгийн нийт нутгаар ган гачигтай өнгөрч зуд болох төлөвтэй байгаа учир өвөлжилтийн бэлтгэлийг хангах зорилгоор Альшаа аймгийн удирдлагуудад тойргийнхоо малчиддаа зориулж 1000 тонн өвс, 1000 тонн тэжээл авах хүсэлт тавьсанаар эхний хэсгийг Шивээхүрэнгийн боомтоор, үлдсэн хэсгийг 2010 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Хүрмэн сумын “Жаал шанд” орчмын хилийн тэмдэгтээр хилийн түр цэг нээн БНХАУ-ын ӨМӨЗО-ны Альшаа аймгаас буцалтгүй тусламжаар өгч буй 2000 тн өвс, тэжээлийг оруулж ирэх зөвшөөрлийг хоёр улсын төр захиргааны байгууллага харилцан тохиролцсоны үндсэн дээр оруулах ажлыг санаачлан, зохион байгууллаа.
3. 2009 оны 10 дугаар сарын 3, 4-ны өдрүүдэд сумдын эрүүл мэндийн салбарын эмч, сувилагчдын дунд ”Өмнөговь аймгийн эрүүл мэндийн салбарын хөгжлийн өнөөгийн байдал цаашдын зорилт” сэдэвт зөвлөгөөнийг Эрүүл мэндийн сайд С.Ламбаагийн хамт зохион байгуулж нийт багын эмч нарт эрүүл мэндийн анхан шатны үзлэгийн багаж, хэрэгслийг гардуулж Аймгийн нэгдсэн эмнэлэгт нэн шаардлагатай 500.0 сая төгрөгийн тоног, төхөөрөмжийн санхүүжилтийн асуудал, өрхийн 3 эмнэлэгт шаардлагатай байсан 3 автомашин, ЭХО аппарат болон Аймгийн нэгдсэн эмнэлгийн засварын ажлын санхүүжилтийг тус тус шийдвэрлэв.
4. 2009 оны 10 дугаар сарын 5, 6-ны өдрүүдэд Засаг даргын Тамгын газрын Сүлд танхимд орон нутгийн төрийн захиргааны байгууллагын ажилтнууд болон иргэдэд уурхайн циклийн тухай мэдлэг олгож, уурхайтай холбоотой маргаан шийдвэрлэх арга механизм, төлөвлөлт зэрэг асуудалд тэдний оролцоо, хүлээх үүргийн талаархи ойлголтыг нь дээшлүүлэх зорилгоор “Уул уурхайн цикл ба орон нутгийн төрийн захиргааны байгууллага, иргэдийн харилцаа” уулзалт, зөвлөгөөнийг зохион байгууллаа.
5. 2010 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр тойргийнхоо малчдад туслах зорилгоор 100 тонн хүчит тэжээл бэлтгэж эхний ээлжинд өвөлжилт хүнд байгаа Булган, Хүрмэн, Цогт-Овоо, Ханхонгор сумдад хуваарилаж хүргүүллээ.
6. 2010 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Аймгийн нутаг дэвсгэрт хэрэгжиж буй уул, уурхайн томоохон төсөл, хөтөлбөр, хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд орон нутгийн бизнес эрхлэгчдийн оролцоо, хамтын ажиллагааг өргөжүүлэх, шаардагдах ажлын байрны захиалгад иргэдээ бэлтгэж, сурган мэргэшүүлэх ажлыг эхлүүлэх зорилгоор “Өмнөговийн бизнесийн зөвлөлийн зөвлөлдөх уулзалт”-ийг зохион байгуулж “Өмнөговийн бизнесийн зөвлөл” байгууллагын үйл ажиллагааг эхлүүлэв.
7. 2010 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Хилийн эргүүл хамгаалалтыг сайжруулах зорилгоор Иж-Планета мотоциклыг мөн энэ үеэр иргэдийн эрүүл мэндийн энхийн манаанд зогсдог эмч сувилагч нараас тавьсан хүсэлтийн дагуу Сэврэй сумын 2 багт мотоцикл гардууллаа.
8. 2010 оны 6 дугаар сарын 22-нд Аймгийн малчдын зөвлөгөөнд оролцож 2010 онд “Цөөн малтай өрхийг малжуулах төсөл”-ийг 250.0 сая.төг-ийн сантайгаар эхлүүлэв. Аймгийн хэмжээнд малжуулах шаардлагатай нийт 938 өрх байгаагаас эхний ээлжинд 10 сумын 150 малчин өрхөд тус бүр 2 сая төгрөгийн /50 толгой хээлтэгч/ бог мал малжуулахад олгохоор шийдвэрлэн 300 сая төгрөг зарцуулаад байна.
Малжуулах төсөлд хамрагдах өрхийн судалгаа
1. 2010 оны 6 дугаар сарын 19-ны өдөр “Энержи ресурс” компанийн дэмжлэгтэйгээр, “Голбал удирдагч сан”-тай хамтран орон нутагт сурч боловсорч байгаа хүүхэд залуучуудыг англи хэл, компьютрын үнэгүй сургалтанд хамруулж шалгарсан 2 хүүхдийг Тайванийн их сургуульд 100 хувийн тэтгэлэгтэйгээр суралцуулах боллоо.
10. 2010 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Бүгд Найрамдах Чех Улсын ЭСЯ-тай хамтран Хүрмэн сумын Жанжин багт төвөөс алслагдсан багийн иргэдэд эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээ үзүүлэхэд чухал ач холбогдолтой бага оврын зөөврийн эмнэлэг барьж өглөө. Цаашид бага оврын зөөврийн эмнэлгийг сумдын 20 багт барихаар төлөвлөн ажиллаж байна.
Энэхүү бүтээн байгуулалт, хөгжлийн ажилд хүн бүр оролцох боломж гарч, үр ашгийг нь хүртэх бололцоо бүрдлээ.
Энэ бүхнийг шийдэхэд Та бидний хамтын ажиллагаа, эв нэгдэл эрхэм чухал үүрэг гүйцэтгэсэн билээ. Ингээд,
Улиран одож буй хуучин он танд
Ухаарал баяслыг хайрлажУгтан авч буй шинэ он танд
Урам зориг, амжилт бүтээл, аз жаргалын дээдийг бэлэглэг.
Шинэ оны мэндийг хүргэе!
Та бүхэн сайхан баярлаарай.
Хүндэтгэсэн, УЛСЫН ИХ ХУРЛЫНГИШҮҮН Ц.БАЯРСАЙХАН