Хотын дарга Э.Бат-Үүл мэдэгдэл гаргалаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл
2012.09.09

Хотын дарга Э.Бат-Үүл мэдэгдэл гаргалаа

Нийслэлд зөвшөөрөлгүй барилга барих, бүрэн бус машин техник, тоног төхөөрөмж ашиглах, хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааны хууль дүрмийг зөрчих явдал хавтгайрч, ойр ойрхон ноцтой осол гарсаар байна. Өнгөрсөн долоо хоногт Баянгол дүүрэгт зуурмаг шахагч автомашины хоолой унаснаас 13 настай хүүхэд дарагдан амь насаа алдсан. Тав хоногийн дараа Хан-Уул дүүрэгт өргөгч цамхаг нурж унаснаас жолооч нь бүхээгнээсээ үсэрч нас эцэслэв.

Уг нь сарын өмнө НИТХ-аас нийслэлийн хөрөнгө оруулалтаас бусад барилгын ажлыг зогсоох шийдвэр гаргасан. Гэвч хүйтний улирлаас өрсөх гэсэн мэт барилгын компаниуд ажлаа улам эрчимжүүлж, урьдын адил дараа нь зөвшөөрөл авдаг улигт аргаа хэрэглэхээр улайрсан юм. Гэвч аймшигт осол шил дараалан гарч, мэргэжлийн хяналтын улсын байцаагчидтай хуйвалдсан барилгын захиалагч, гүйцэтгэгч компаниудын удирдлагын булхай луйвар даравч дардайж, булавч бултайж байна.

Иймээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл энэ есдүгээр сарын 9-ний өдөр яаралтай мэдэгдэл гаргаж, зохих байгууллагуудад хүргүүллээ.          

                                                                   MЭДЭГДЭЛ

Сүүлийн өдрүүдэд нийслэлийн Баянгол, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа барилгууд дээр бүрэн бус техник ажиллуулсан, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм зөрчигдсөнөөс үүдэн дараалсан осол гарч хоёр хүний эрдэнэт амь эрсэдсэн эмгэнэлтэй хэрэг явдал гарлаа.

Барилгын захиалагч байгууллагууд болон гүйцэтгэгч компаниуд, тэдгээрийн эзэд төрийн хууль тогтоомжийг зөрчих, дур зоргоороо авирлах, үл тоомсорлох, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны наад захын дүрэм, журмыг биелүүлдэггүй байдал хавтгайрч, газар авснаас хүний амь нас хохирсон осол эндэгдэл гарсаар байна. Аливаа барилгын үйл ажиллагаанд төрийн нэрийн өмнөөс хяналт тавих үүрэгтэй барилгын салбарын бүтцийн байгууллагууд, Мэргэжлийн хяналтын албад, тэдгээрийн удирдлагуудын хуулиар хүлээсэн үүргээ бүрэн гүйцэд хэрэгжүүлдэггүй, асуудалд бөөрөнхий, зарчимч бусаар ханддаг хариуцлагагүй байдалтай мөн холбогдох нь ойлгомжтой. Гарсан ослын талаар хууль хяналтын байгууллагуудын дүгнэлт гарсны дараа буруутай этгээд, аж ахуйн нэгж, ажилдаа хариуцлагагүй хандсан албан тушаалтнууд хуулийн дагуу хариуцлага хүлээх ёстой.

Нийслэлийн Засаг дарга миний бие 2012 оны 09 дүгээр сарын 07-нд ”Зөвшөөрөлгүй эхэлсэн барилгын ажлыг зогсоох тухай” А/557 дугаар захирамжийг гаргасан бөгөөд энэхүү захирамжийн дагуу Нийслэлийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа нийт барилга байгууламжийн ажилд ашиглагдаж байгаа машин, механизм, тоног төхөөрөмж, өргөх байгууламжуудын хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны арга технологи, шаардлагыг хангаж байгаа эсэхийг шалгах, гэрчилгээжүүлэх ажлыг нэн даруй зохион байгуулахыг барилга угсралтын үйл ажиллагаа эрхэлж байгаа бүх шатны байгууллагын удирдлагууд, компаниудын эздэд үүрэг болгож байна. Хариуцлагагүй байдлаас үүдэж иргэд амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох явдлыг цаашид гаргуулахгүй байх, үүнийг таслан зогсоохын төлөө Нийслэлийн Засаг даргын зүгээс шийдвэртэй бүх арга хэмжээг авч, буруутай албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэн, шаардлагатай гэж үзвэл барилгын тухайн гүйцэтгэгч компанийн барилга барих тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авч шаардлагаа эрс өндөржүүлэн ажиллах болно.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

БӨГӨӨД УЛААНБААТАР

ХОТЫН ЗАХИРАГЧ                                                           Э.БАТ-ҮҮЛ

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.