Мэндчилгээ
УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Л.Гантөмөр
2013.02.04

Мэндчилгээ

Улс үндэстний хөгжлийн түлхүүр, ирээдүйн чиг хараа болсон. Эрхэм хүндэт эрдэмтэн багш нар, үе үеийн ахмад багш нартаа Монголын багш нарын 47 дахь өдрийн мэндийг өргөн дэвшүүлж, Засгийн газар, Боловсрол, шинжлэх ухааны яамны нэрийн өмнөөс болон хувиасаа шавиа хөгжүүлэх ариун үйлст тань амжилт хүсч, амьдралын сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Шавийн эрдэм багшаасаа хэмээх түүхэн уламжлалыг нандигнан хадгалж, үе үеийн эрдэмтэн багш нар шавиараа бахархан, урмаар тэтгэж, хөгжилд манлайлсан түүхийг мөнхөлсөн Монголын багш нарын баярыг 1966 оноос хойш тэмдэглэж ирсэн түүхтэй.

Монгол Улс салбар бүрээр хөгжин дэвжихийн үндэс нь гагцхүү багш шавийн барилдлагын нандин бүтээлч харилцаа юм. Иймээс цаашид хүүхэд нэг бүрийн хөгжлийг ирээдүйн амьдралын баталгаа нь хэмээн харж, үнэлсэн арга зүй, технологийг хэрэгжүүлж ирсэн ухаант багш нарынхаа хичээл зүтгэлийг дэмжин урамшуулж, түгээх ажлыг шинэ түвшинд гаргана гэдгээ амлаж байна.

2013 онд бид хамтдаа Монголын боловсролын салбарт чанарын шинэчлэлийг багш, оюутан, сурагч, хүүхэд нэг бүрийн хөгжидд чиглүүлэх өндөр үүрэг хариуцлагыг бодит ажил болгож чадна гэдэгт итгэж байна.

Та бүхэндээ эрүүл энх байж, эрдэм билгийн гэгээн гэрлээ түгээж явахын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.

Эрдэм ухаан дэлгэрэх болтугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН,
ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД
Л.ГАНТӨМӨР