Н.Баярсайхан:Олон улсын стандартад нийцсэн хууль батлах хэрэгтэй
“Хил хязгааргүй алхам” ТББ-ын тэргүүн, багш судлаач Н.Баярсайхан
2013.02.28

Н.Баярсайхан:Олон улсын стандартад нийцсэн хууль батлах хэрэгтэй

“Хил хязгааргүй алхам” ТББ-ын тэргүүн, багш судлаач Н.Баярсайхантай ашигт малтмалын хуулийн талаар ярилцлаа. 

-Ашигт малтмалын шинэ хууль дээр иргэний нийгмийн байгууллагын саналыг хэр тусгасан бэ. Хуулийн талаарх таны санаа бодол?

Өнөөдөр ашигт малтмалын хуулийн өөрчлөлт, шинэчлэлтийн дөрөв дэх хэлбэр хэлэлцэгдэж байна. Өмнөх гурван хуулиудад иргэний нийгмийн байгууллагын саналыг тусгадаггүй байсан. Санал орлоо гэхэд бүрхэг байдлаар тусдаг байсан.

Гэхдээ энэ удаагийн ерөнхийлөгчөөс санаачилсан хуулийн төсөл дээр анхнаас нь бидний саналыг авч, сонсч судалж байгаад талархалтай байгаа. Энэ нь ерөнхийлөгчөөс санаачилсны давуу тал байх. Хоёрдугаарт ашигт малтмалын хууль нь үндсэн хуулийн түвшинд үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал байдаг учраас зайлшгүй бүх нийтээр хэлэлцүүлэх шаардлагатай. Тэгэхээр үүнд оролцогч, сонирхогч олон талуудын эрх ашгийг тэнцвэртэйгээр хангаж өгөх ёстой. Бүх талууд тодорхой хэмжээгээр эрхээ сонирхлоо хязгаарлуулахгүй байх үүрэгтэй. 2 сая 700 мянган хүний эрх ашгийн төлөө л энэ ашигт малтмалыг олборлож байгаа гэдэг утгаараа ашигт малтмалын хуулиндаа хүний эрхийг зөрчихгүй байх ёстой.

-Хууль боловсруулагчдын зүгээс иргэдийн оролцоо, сум орон нутгийн оролцоог хангахыг зорьсон гэж байсан. Та үүнтэй санал нийлэх үү?

Тодорхой хэмжээгээр орсон. Гэхдээ нарийвчлах асуудлууд нэлээд бий. Ялангуяа уул уурхайн бүсийн нөлөөлөлд өртөж байгаа малчин иргэдийн асуудлыг тусгаж өгөх ёстой. Малын бэлчээр дээр уул уурхайн үйлдвэрлэл явуулж байгаа малчдын саналыг аваач гэдэг саналыг их оруулж байгаа. Энэ утгаараа олон улсын хэм хэмжээ, стандартад нийцсэн хууль батлах нь зүйтэй. Оюутолгой компани гэхэд Өмнөговийн

Өмнөговь аймагт хөдөлгөөнт хүн амтайгаа нийлээд 63 мянган хүн ам амьдарч байна

иргэдийг уугуул иргэн гэж үзэхгүйгээр эмзэг иргэд гэсэн статусаар амь аргацаасан хуучин, актлагдсан зүйлсээр тусламж үзүүлж, нөхөн олговрыг олгож байна. Гэтэл олон улсын стандартаар уугуул иргэн гэсэн статусаар явбал Өмнөговьчуудад их хэрэгтэй. Илүү урт хугацааны даацтай, амьжиргааны түвшин дэмжсэн төсөл хөтөлбөрүүдэд хамруулах ёстой юм. Үүнийг хуулиндаа ч тусгах өгөх хэрэгтэй. Түүнчлэн өөр нэг оруулах санал нь мэдээллийн ил тод байдал. Өнөөдөр уул уурхайн компаниуд вэб сайт дээр хэдэн мэдээлэл тавьснаа ил тод байдал гэж байгаа нь дутагдалтай байна. Хичнээн хэмжээний нөөц тогтоож, олборлож байгаа юм, хэдийг нь боловсруулж, гаргасан бэ гэдгээ ил тод мэдээллэх хэрэгтэй. Засгийн газар ч гэсэн үүн дээр нь хяналт тавьж мэдээллийг нийтэд мэдээлэх ёстой.

Ил тод байдал дээр мөн лицензийн асуудлыг орхигдуулж болохгүй. Уг нь манай улс олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагад нэгдээд долоон жил болж байна.

Гэхдээ үүнийхээ үр дүнг хараахан гаргаагүй. Тиймээс үүнийг хуульчлах шаардлагатай.

-Та түрүүн ашигт малтмалаа ашигласнаар 2,7 сая Монголчуудын амьдрал сайжрах ёстой гэж хэлсэн. Өнөөдөр хэр сайжирсан бол?

1993 онд алт хөтөлбөр хэрэгжсэнээс хойш монголчуудын амьдрал

Алт хөтөлбөр хэрэгжиж эхлэхээс өмнө Монгол Улс жилд дунджаар 720-800 кг алт олборлож байв

сайжирсан уу гэвэл тодорхой төвшинд сайжирсан. Бэлэн мөнгө их тараалаа. Гэхдээ монгол улсын гадаад өр нэмэгдсэн. Уул уурхай ашигт малтмалаа олборлоод эдийн засаг өсөлттэй гарч байгаа. Энэ үед гадаадын өр яагаад нэмэгдээд байна вэ гэдгийг эргэж хармаар байна. Үнэхээр бодит өсөлт мөн гэж үү гэдгийг цогцоор нь авч үзэх хэрэгтэй.

-Хуулийн хэлэлцүүлэг сүүлийн нэг сарын хугацаанд хэд хэд зохион байгуулагдлаа. Хэлэлцүүлгээс ямар санал санаачилгууд гарч байна вэ?

Өчигдөр гэхэд Иргэний танхимд хуулийн хэлэлцүүлэг өрнөсөн. Эндээс харж байхад манай улс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогоо эхэлж гаргах нь зүйтэй гэдэг бүгд санал нэгдсэн. Ерөнхийлөгч энэ тал дээр анхаарч, бодлогын судалгааг даацтай хийж ажиллахаар болсон байгаа. Өнөөдөр монгол улс заавал бүх ордоо ашиглах шаардлагатай юу, нэг аймагт хэдэн орд ашиглах вэ, нэг бүсэд хэдийг ашиглах вэ, хаана нь мал аж ахуйгаа хөгжүүлэх вэ, газар тариалангаа аль газар нь хөгжүүлэх вэ гэдгээ энэ бодлогоо гаргаж байж шийдэх бололцтой болох юм. Тиймээс бодлого гартал ашигт малтмалын хуулийг хаврын чуулганд оруулахаа түр азнахаар болсон.  Үүнийг дэмжиж байгаа.

-Эдийн засагч, эрдэмтдийн зүгээс гадны хуулийг хуулах шаардлагагүй. Монголын өөрсдийн жишгийг бий болгосон хууль байх ёстой гэдгийг хэлж байгаа?

Тийм ээ. Санал нэг байна. Хоёр жилийн өмнө ерөнхийлөгч уул уурхайн салбарт гарсан сургамжийн жагсаалтыг гаргая гэдэг санаачилга гаргасан. Тэр сургамж дээр үндэслээд хуулиндаа алдаа оноогоо засаад явья гэсэн. Гэтэл засгийн газраас тийм сургамж гарч ирсэнгүй. Бидэнд уг нь арав гаруй жилийн туршлага байгаа шүү дээ. Амьдрал дээр гарсан алдаа сургамжийг түшиглэснээр чамбай хууль гарч ирнэ.

-Иргэний нийгмийн байгууллагууд уул уурхайн нөхөн сэргээлтийн асуудал дээр нэлээдгүй тэмцэж байж урт нэртэй хуулийг батлуулсан. Гэтэл өнөөдөр энэ хууль хэрэгжсэнгүй. Одоо гарах ашигт малтмалын хуулинд байгаль орчны нөхөн сэргээлтийг хэрхэн зөв зүйтэй тусгасан гэж та харж байна?

Нөхөн сэргээлтийн асуудал нилээн сайн тусгагдсан байгаа нь сайшаалтай. Нөхөн сэргээлт хариуцлагагүй байдгаас болж урт нэртэй хууль гарсан түүхтэй.

Энэ удаагийн хуулинд нөхөн сэргээлтийг тодорхой бүлэг болгоод орон нутгийн хяналт тавих оролцоог чангатгасан байсан. Гэхдээ л эцсийн дүндээ нөхөн сэргээлт хийгээгүй орхисон компанийг яах вэ. Хэн хариуцах вэ гэдэг нь асуудал үүсгэхэд бэлэн байгаа. Төр барьцаа авснаараа нөхөн сэргээлтийг хийнэ гэдэг нь хэцүү. Компани орлогоо худлаа мэдүүлж, нөхөн сэргээлтийн санд жилд 100 мянган төгрөг өгвөл яах вэ. Дараа нь 100 саяын нөхөн сэргээлт хийгдэх асуудал босч ирвэл төр өөрөө л хохирно гэдгийг бодолцох хэрэгтэй. Тэгэхээр хяналт, хариуцлагын тогтолцоог чангатгах шаардлагатай.

Хариуцлагын тогтолцоог дулимаг хийснээс болж урт нэртэй хуулийг хэрэгжүүлнэ гэхээр төрөөс маш их хэмжээний нөхөн олговрыг нэхэж байгаа юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.