Ц.Баярсайхан: Иргэд зээлийн түүхтэй болсноор муу зээлийн хэмжээ багасах боломжтой
Зээлийн мэдээллийн сангийн тухай хуулийн төслийн талаар Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Баярсайханаас тодруулсан юм.
-Зээдийн мэдээллийн сангайн тухай хуулийн төсөл байнгын хороогоор гишүүдийн санал асуултгүйгээр дэмжигдлээ. Тус хуулийн төслийн үр дүн болон ач холбогдлын талаар тодруулбал?
-Хүн бүр зээлдэгчийн түүхтэй байх ёстой. Зээлтэй хүн гэдэг бол нэг үе өртэй гэж ойлгодог байсан бол одоо үүнийг эрүүлээр авч үзэх ёстой. Зээлээ цаг хугацаандаа төлөөд байвал зээлийн мэдээлэл эерэг түүхтэй болно. Эерэг түүхтэй болсноор банк өөрөө итгэлцлийн байгууллага учраас ямар нэг барьцаа хөрөнгө шаардахгүйгээр зээл олгодог тогтолцоо руу шилжинэ. Тийм учраас бусад орнууд ярьдаг, хүн бүхэн зээлийн түүхтэй байдаг, ийм байдал бизнесийн хүрээнд чухал. Энэ хууль батлагдсанаар зээлийн давхардал арилна, олон шат дамжлага байхгүй болж, муу зээл багасна. Түүхтэй болсноор хүмүүс маань эдийн засгаа зөв мэдэрдэг, зээлээ зөв удирддаг болно.
-Муу зээл хэдэн хувьтай байгаа бол, Зээлийн мэдээллийн сантай холбоотойгоор хувь хүний нууцыг хэрхэн зохицуулж хамгаалах вэ?
-Зээлийн мэдээллийн санг гол нь зээлдүүлэгч буюу банкууд өөрсдөө бий болгоно. Банк бус санхүүгийн байгууллагууд өөрсдөө бий болгоно. Гэхдээ зээлдэгч нартайгаа тодорхой гэрээ хийсний үндсэн дээр энэ мэдээлэл бий болно. Зээлийн мэдээллийн төвтэй харилцаж, мэдээлэл авах байгууллага нь зээлдүүлэгч буюу банк. Хоёрдугаарт зээлдэгч буюу хувь хүн. Гуравдугаарт, төрийн байгууллага буюу хууль хяналтын байгууллага байх юм. Тодорхой нөхцөл байдлын үндсэн дээр мэдээлэл авах юм. Түүнээс биш хувь хүн энэ мэдээллийн санд ороод нөгөө хүнийхээ мэдээллийг авах бололцоо байхгүй.
-Муу зээлийн хэмжээ?
-Манайд хугацаа хэтэрсэн гэдэг юм уу, муу зээлийн хэмжээ эдийн засгийн хямралтай холбоотойгоор тодорхой хэмжээгээр өсч ирсэн. Гэхдээ тодорхой төвшинд байна. Эдийн засаг сайжрахын хэрээр муу зээл багасна. Банкнаас янз бүрийн зээлийг давхардуулж авдаг олон банкнаас зээл авдаг томоохон зээлдэгч нарын талаар олон нийт тодорхой ойлголттой байгаа. Өөрөөр хэлбэл, нэг банкнаас томоохон хэмжээний зээл авчихаад давхардуулаад дахиад өөр нэг банкнаас зээл авдаг байдал арилна. Өмнөговь аймгийн хувьд иргэд хөдөлмөрчидтэй уулзаж байхдаа зээлийн картын үйл ажиллагааг сэргээх хэрэгтэй гэж үзсэн.
Төсвийн байгууллагын албан хаагчид цалингийн карттай байгаа. Тэгвэл зээлийн карттай байя, энэ нь авч байгаа цалингийнхаа 80 хувьтай тэнцэх хэмжээний байх. Тэтгэвэр авч байгаа ахмадууд тэтгэврийн зээл авна гэж ярьдаг, түүний оронд зээлийн карттай байя. Хадгаламжтай иргэд мөн 80 хувьтай тэнцэх зээлийн карттай байж болно. Тойрогт хүрээд очиход оюутны сургалтын төлбөрөө хийх боллоо, гэнэт нэг хүн маань өвдлөө, хүнээс мөнгө зээлэх гэхээр олддоггүй, баахан хүнээс мөнгө гуйдаг. Зээлийн карттай байвал түүнээсээ төлбөрөө хийчихээд дараа нь бололцоотой үедээ төлдөг энэ механизм Зээлийн мэдээллийн тухай хууль батлагдсанаар бий болно.
-Зээлийн батлан даалтын тухай хуулийн төсөл яригдаж байгаа. Барьцаагүй зээл олгох боломжийг хэр хангах бол?
-Бид зээлийн батлан даалтын тухай хуулийн төсөл дээр ажиллаж байна. Франц, Германд Зээлийн баталгааны сан сайн хөгжсөн орнуудын туршлагыг судалж байна. Цаашдаа Зээлийн мэдээллийн сангийн тухай хуулийн төслийг баталсны дараа Зээлийн батлан даалтын тухай хуулийн төслийг санаачилж, УИХ-д өргөн барина. Банк бол ямар нэгэн зээлийн төслийг аваад барьцаа хөрөнгөд нь тааруулаад зээл өгдөг, эс бөгөөс "боломжгүй" гэсэн хариу өгдөг. Гэтэл энэ дотор жаахан л барьцаа хөрөнгө байх юм бол зээл олгочих бололцоотой төслүүд байдаг. Тийм учраас тэр бололцоотой хэсэг дээр ялангуяа жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр Зээлийн батлан даалтын тухай хуулийн төслийг гаргана. Зээлийн батлан даалтын тухай хуулийн төсөлд дээд хязгаарыг зааж өгнө. Жишээ нь, 50 сая төгрөг ч юм уу.
Одоо жижиг, дунд үйлдвэрийг дэмжих чиглэлээр улсаас жил тутамд 30 орчим тэрбум төгрөг гаргаад. үүнийгээ банкуудаар дамжуулаад, тэгээд банкууд нь төслийг харгалзаж үзээд, өөрийнхөө тодорхой хувийг нэмээд явж байна. Тэгэхээр 30 тэрбум төгрөгийг улсын төсвөөс гаргахгүйгээр 30 тэрбумаар баталгаа гаргачихаж болно. Тэгвэл төсвөөс 30 тэрбум төгрөг гаргахгүй, баталгааг үндэслээд банкууд зээлээ олгоно, зээл эргээд төлөгдөхгүй нөхцөлд тодорхой эрсдэлийг банк хариуцна, зээлийн баталгаа гаргадаг тодорхой байгууллага хариуцна, төр бас хариуцна. Ингэвэл жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд маш том алхам болно. Энэ ондоо багтаагаад хуулийн төслийг өргөн барина гэсэн чиглэлээр ажиллаж байгаа.