П.Үржинлхүндэв: Бичил уурхайчид хуулийн төсөлд хэд хэдэн санал гаргасан
Швейцарын хөгжлийн агентлаг Төслийн үндэсний захирал П.Үржинлхүндэв
2013.02.28

П.Үржинлхүндэв: Бичил уурхайчид хуулийн төсөлд хэд хэдэн санал гаргасан

Швейцарын хөгжлийн агентлаг Төслийн үндэсний захирал П.Үржинлхүндэвтэй хуулийн төслийн талаар санал бодлыг нь сонирхлоо. Тус хөгжлийн агентлаг нь монгол улсын хэмжээнд бичил уурхайчдын эрхийг хамгаалах, тэдгээрийг чадваржуулах, нөхөрлөл байгуулахад нь туслалцаа үзүүлдэг байгууллага юм. Тиймээс П.Үржинлхүндэвээс бичил уурхайчдын асуудлыг хуулинд хэрхэн тусгах нь зүйтэй талаар ярилцлаа.

-Ашигт малтмалын шинэ хуулинд бичил уурхайчдын асуудлыг тусгаагүй байгааг та юу гэж харж байна вэ. Тусад нь зохицуулах нь зөв гэж үү?

Монгол улсын ерөнхийлөгчөөс санаачилж боловсруулсан Ашигт малтмалын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нийт ард иргэдээр хэлэлцэгдэж байна. Энэ хуулийн шинэчилсэн найруулгад бичил уурхайн

Монгол улсын хэмжээнд 60,000 бичил уурхайчин бий

холбогдолтой заалт тусаагүй байгаа. Гэхдээ хууль хэлэлцэгдэх шатандаа байгаа учраас цаашдаа тодорхой байдлаар тусгахыг үгүйсгэхгүй. Бичил уурхайчид энэ хуулийн төсөлд тун гомдонгуй байгаа нь яах аргагүй үнэн. Орон нутагт ажиллаж, амьдарч байгаа бичил уурхай эрхлэгчид янз бүрийн хэлбэрээр санал бодлоо илэрхийлж байгаа. Түүний дотор ажил хэрэг саналууд ч ирсэн. Тэд өөрсдөө хуульчдад хандаж, хуулийн төслийн саналаа ирүүлсэн. Тэрийг ерөнхийлөгчийн зөвлөхүүд болон хуулийн ажлын хэсгийнхэн, тамгийн газрын холбогдох албан тушаалтнуудад хүргүүлсэн байсан.

-Хуулийн хэлэлцүүлгийн үеэр бичил уурхайчдын асуудал нэг гарч ирээд дорхноо намдах байдлаар их чимээгүй өнгөрч байгаа.

Цаашдаа бичил уурхайчдын санал болгож байгаа санаа, оноонууд хэлэлцүүлгийн чухал сэдэв болно гэж бодож байна. Мэдээж өнөөдөр бичил уурхай дээр олон мянган хүн ажиллаж амьдарч байгаа шүү дээ. Тэд мөнгө хураахын тул ажиллаагүй. Харин өдөр тутмынхаа амьдралыг залгуулахын тулд, сургуулийн хүүхдийнхээ төлбөрийг төлөхийн тулд, эмнэлэгт очоод үзүүлэхийн тулд  л бичил уурхай дээр ажиллаж байгааг ойлгох хэрэгтэй. Аль ч улс орны хөгжлийн тодорхой үе шатанд, тодорхой учир шалтгааны улмаас бичил уурхайчид бий болдог. Зарим хүмүүс нинжа нарыг тодорхой хугацааны дараа алга болно гэж бодож байсан. Гэхдээ тийм биш гэдгийг харж байна. Тодорхой шатанд үргэлжлэх нийгмийн харилцаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэхүү харилцааг зохицуулалтгүйгээр орхиж болохгүй. Төр засаг үүн дээр анхаарч ажиллах байх.

-Өнгөрсөн 2010 оны 7 сард Ашигт малтмалын хуулинд бичил уурхайчдын асуудлыг нэмэлт оруулж зохицуулсан. Тодорхой эрх зүйгээр зохицуулахын тулд та бүхний зүгээс нилээн хүчин чармайлт гарсан нь ойлгомжтой.

Тийм ээ. Тухайн үед бичил уурхайчид, парламент засгийн газар бүгдээрээ ярьж хөөрч байгаад хуулинд тодорхой заалтыг суулгаж өгсөн. Тэр үед монгол улсын засгийн газраас бичил уурхайг зохицуулах журам баталсан нь өнөөдөр хэрэгжээд явж байна.

Тиймээс өнөөдөр ч гэсэн бичил уурхайчдын асуудлыг тодорхой хэмжээгээр хуулиндаа тусгах, эсвэл тогтоол, журам гаргаж шийднэ гэдэгт итгэлтэй байна. Зохицуулалтгүй орхино гэж бодохгүй байна.

Энэ талаар хуулийг хэлэлцэх явцад ямар нэгэн гаргалгаа олж л таарна.

-Хуулийн төсөлд тусгаагүй нь цаанаа ямар учиртай юм бэ?

Миний харж байгаагаар хууль маш өндөр шаардлагуудыг агуулсан хууль байгаа. Ялангуяа хариуцлагын тогтолцоог өндөржүүлсэн. Тийм нөхцөлд бичил уурхайчдыг адилтгаад аваад үзнэ гэхээр хэцүү. Тэгэхээр бичил уурхайчдын онцлогыг тусгасан, тэдний боломжийг бодитойгоор харгалзаж үзсэн хариуцлагын тогтолцоог  бодож олох шаардлагатай.  

-Бичил уурхайчдын боловсруулсан хуулийн төслийн санаа нь ямар чухал асуудлуудыг тусгасан бэ?

Хоёр чиглэл байгаа. Нэгдүгээрт шинэчилсэн найруулгын төсөлд тодорхой зүйл ангиудад нь таарч тохирох заалтуудыг тусгаж болох юм гэсэн санаа явж байгаа. Хоёрдох нь тусдаа  хуулиар юм уу, өөр ямар нэгэн аргаар зохицуулахыг санал болгосон.

Үүн дотроо бичил уурхайчдаас орлогын албан татварыг нь зохих хэмжээгээр авч байх бөгөөд тэд Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалд хамрагдах ёстой.

Өөрөөр хэлбэл бичил уурхайчдад таарч тохирох хариуцлагын механизмыг өнөөгийнхөөс нь харьцангуй өндөр түвшинд гаргаж тавих ёстой. Ийм ерөнхий концепцийн үндсэн дээр санал гаргасан.

-Бичил уурхайчдын асуудлаас гадна сүүлийн үед компаниудын сэтгэлийг түгшээж байгаа асуудал нь төрийн оролцоо юм. Хөрөнгө оруулалтыг шахсан байна гэж үзсэн. Энэ тал дээр таны бодол?

Хаанаас даа. Би энэ хуулийг их өргөн хүрээнд харж байгаа. Монгол улсын цаашдын хөгжилд, эдийн засгийн өсөлт хөгжлийн темпийг түргэсгэхэд гадны хөрөнгө оруулалт маш их хэрэгтэй. Ингэж байж л урагшилна.

Уул уурхайн салбар асар их хөрөнгө оруулалт шаарддаг. Риск дагуулсан салбар учраас  гадаадын хөрөнгө оруулалт зайлшгүй байх ёстой. Байх байхдаа чухал ач холбогдолтой орших ёстой. энэ утгаараа Засгийн газар үүнийг харахгүй байна гэж байхгүй.

Ярилцсанд баярлалаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.