Л.Баатар: Хуулинд 30 гаруй цоорхой байна
Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын засаг дарга Л.Баатартай ярилцлаа.
-Танай суманд хичнээн уул уурхайн компани үйл ажиллагаа явуулж байна вэ. Ямар зөрчлүүд харагдаж байна?
-Манай суманд ашигт малтмалын лицензтэй 22 компани байна. Үүнээс
Цоорхойтой хуулийн заалтууд
ашиглалтын 11, хайгуул 11 компани байгаа юм. Засаг дарга болсноосоо хойш эдгээр байгууллагуудтай харилцдаг гэрээ контрактыг олж авч чадсангүй. Энэ мэдээлэл нууц байдаг гэнэ. Суманд бүлээн цусаа харуулахгүй мөртлөө хорин жил үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж өчнөөн байна. Тийм компани байдаг эсэхийг байгаль орчны байцаагч маань ч мэддэггүй. Яг үнэндээ лицензтэй 22 компани байгаа боловч ашиглалтын лицензтэй 3 компани, хайгуулын 3 компани үйл ажиллагаа явуулж, сумын удирдлагатай үлгэн салган харилцаж байна. Үйл ажиллагаа явуулахгүй мөртлөө лицензээ хав дараад суугаад байгаа тэдгээр компаниуд баян хужаад зарж, наймаа хийх сонирхолтой байгаа юм.
-Ашигт малтмалын хуулийн төслийн талаар таны санаа, бодол юу байна вэ?
Шинэ ашигт малтмалын хуулиар сумын засаг даргад ямар ч эрх мэдэл байхгүй болсон байна лээ. Ашигт малтмалын хуулийн төслийн 20.1-д зааснаар сумын засаг даргад хоёрхон эрх байгаа. Эндээс үзэхээр нутгийн захиргааны байгууллага уул уурхайн компанитай, уул уурхайн асуудалтай харилцах эрхгүй болчихсон.
Түүнчлэн багийн нийтийн иргэдийн хурлын төлөөлөгчдийн оролцоо ердөө алга. Оны өмнөхөн “Арвихих мандах” гэдэг компани худаг гаргах нэрийдлээр асуудал үүсгэж манай суманд бараг дайн болсон. Сумын төвөөс гурван километрт оргилж байгаа ганцхан булгийг минь ширгээж, үйлдвэрлэлийн зориулалтаар гурван том гүний худаг гаргах гэж байсныг бид түр болиулчихаад байгаа. Одоогийн байдлаар тэд өндөр хүчдэлийн шонгоо зоочихсон байна лээ. Би шийдэх ухаанаа олохгүй байна. Гэтэл шинэ хуулиар надад ямар ч эрх байдаггүй.
-Одоогоор хууль хэлэлцэгдэж байгаа болохоор дутагдалтай талууд байгаа байх. Сайн тал нь юу байна вэ?
Орон нутгийн хөгжлийн сан гээд шинэ нэр томьёо оруулсан байсан нь сайшаалтай санагдсан. Гэхдээ миний харснаар хуулинд 30 гаруй цоорхой байгаа. Тухайлбал хуулийн 18, 18.1, 18.2.1, 18.3, 18.4, 19, 20 зүйлийн заалтууд цоорхойтой гэж үзэж байна.