Р.Бурмаа: Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг төрийн хамгаалалтад авна
УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Р.Бурмаа
2013.03.06

Р.Бурмаа: Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг төрийн хамгаалалтад авна

УИХ-ын гишүүн Р.Бурмааг “Ярилцах танхим”-даа урьж, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль болон цаг үеийн асуудлаар ярилцсан юм.

-Ерөнхийлөгчийн сон­гуу­лийн тухай хуу­лийг батлах гэж байх үед Ардын намынхан “Ардчил­сан намынхан Ерөн­хийлөгчийн сонгуулийн тухай хуулийг баталсны дараа УИХ дахь Ардын намыг бүлэгтэй болгоно гэдэг шантаажийг хийж бай­на. Энэ хууль нь одоогийн Ерөнхийлөгчид давуу байдал олгосон” гэж байсан. Та энэхүү хуулийн  төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн ахлаг­чаар ажиллаж байсан хүний хувьд үүнд ямар хариулт өгөх вэ?

-Баримттай л ярих хэрэгтэй шүү дээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн яг ямар заалт нь одоогийн Ерөнхийлөгчид давуу эрх олгоод байгаа юм. Ямар байдлаар бусад нэр дэвшигчийг ялгаад байгаа юм бэ. Мэдээж одоо ажлаа хийж байгаа Ерөн­хийлөгчид давуу эрх байгаа юу гэвэл тийм. Тухайлбал, төрийн тусгай хамгаалалт болон төрийн хангамжийг эдэлж байгаа. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэрс албан ёсоор тодорч, үнэмлэхээ гардаж авсных нь дараа төрийн тусгай хамгаалалтад авах тухай заалтыг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд тусгасан.

Энэ нь нэр дэвшигчдэд тэгш  эрхийг олгох гэснийх. Мөн төрийн албан хаагчдыг сонгуулийн сур­талчилгаанд оролцуулж болохгүй гэсэн заалт оруулсан нь одоо Ерөнхийлөгчийн албан тушаал хашиж байгаа хүний эрх мэдлийг хязгаарлахаас гадна өрсөлдөгчдөд нь ижил боломж олгож байгаа нэг хэлбэр юм. Өмнө нь нэр дэвшигчдэд ийм боломж байгаагүй. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль өмнө нь байгаагүй сайн хууль болсон гэж үзэж байгаа.

-Тухайлбал, намуудын УИХ-д авсан суудлын тооноос хамаарч саналын хуудас дээр нэр дэвшигчдийг жагсаах тухай асууд­лыг жишээ болгож байсан?

-УИХ-ын сонгуулийн тухай хуу­лийн дагуу нэр дэвшигчид болон намыг саналын хуудаст жагсаахдаа Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллыг нь харгалздаг. Ерөн­хийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэр дэвшигчдийг саналын хуудаст жагсаахдаа намынх нь УИХ-д авсан суудлынх нь тооноос хамаарч эрэмбэлэхээр заасан бай­гаа. Энэ нь харин ч намуудад боломж олгож байна гэж үзэж байгаа. Тухайлбал, энэ удаа Ардчилсан намаас нэр дэвшигч саналын хуу­даст нэгдүгээрт жагслаа гэхэд дараагийн удаа аль намын нэр дэвшигч нэгдүгээрт бичигдэхийг хэн ч хэлж мэдэхгүй. Учир нь сонгуулийн үр дүнг урьдчилан таамаглах боломжгүй шүү дээ.

Дараагийн сонгуулиар аль ч нам УИХ-д олонхи болж болно. Нөгөөтэйгүүр, саналын хуу­дас дээрх нэр дэвшигчийн нэрийн урд фото зураг нь байхаар хуульд тусгасан учир хэддүгээрт бичигдсэн нь санал хураалтад тийм ч их нөлөөлөхгүй байх гэж бодож байгаа. Ардын намынхан энэ бүх­нийг шүүмжилж байгаагаас нь харахад олонхи байхдаа өөрсдөдөө ашигтай хууль баталдаг байсан юм болов уу. Тиймээс биднийг өөрсөд шигээ санаад хардаад байх шиг байна гэсэн бодлыг төрүүлж байгаа шүү.

-Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацах сурталчилгаанд ямар зохицуулалт хийхээр тусгасан юм бэ?

-Өмнө нь нэг талыг илт дэмжсэн аль эсвэл хэт муулсан шинжтэй, “эзэнгүй” сурталчилгаанууд маш их байсан. Ерөнхийлөгчийн сон­гуу­лийн тухай хуулиар энэ асууд­лыг нарийн зохицуулж өг­сөн. Нэгдүгээрт, бүх сурталчилгаа хариу­цах эзэнтэй, эргэж буцах хаягтай байх ёстой. Ийм сурталчилгаа нь хэрэв Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль зөрчсөн гэж үзэх юм бол тухайн нэр дэвшигчийг нэр дэвшүүлж байгаа нам, нэр дэвшигч сурталчилгааныхаа хариуцлагыг хүлээнэ. Энэ тохиолдолд тухайн нэр дэвшигчийн нэрийг эргүүлэн татах хүртэл арга хэмжээ авахаар хуульд тусгасан байгаа. Хэрэв хариуцах эзэнгүй, эргэж буцах хаяггүй сөрөг сурталчилгаа цацсан тохиолдол гарвал хэвлэл мэдээллийн бай­гууллага хариуцлага хүлээнэ.

Мөн­гөн торгуулиар асуудалд хандах нь хариуцлага хүлээлгэх хэлбэр болж чадахгүй байгаа нь өмнөх жилүүдийн сонгуулийн үед батлагдсан учир энэ тохиолдолд тухайн хэвлэл мэдээллийн байгууллагын тусгай зөвшөөрлийг гурав хүртэлх сараар түдгэлзүүлэхээр хуульд тусгасан. Гэсэн ч энэ асуудлыг давтаж, шийдвэрийг үл тоомсорлосон тохиолдол гаргасаар байх юм бол Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг нь хураах хүртэл арга хэмжээ авах юм.  Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд хууль зөрчсөн тохиолдолд хэн, хэрхэн хариуцлага хүлээх вэ. Хэн, хэн хяналт тавих вэ гэдгийг нь маш тодорхой тусгаж өгсөн гэсэн үг.

-Хяналтыг хэн, хэрхэн тавих юм бэ?

-Төрийн бус байгууллагуудад хяналт тавих маш том эрхийг өгсөн. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах тухай заалтыг уг хуульд онцгойлон тусгаж өгсөн.  Энэ бүхний хэрэг­жилтийг хэрхэн хангасан эсэхэд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгэмлэгүүд хяналт тавих боломжтой. Бусад төрийн бус бай­гууллагууд нэрийн жагсаалтыг гаргахдаа хэн нэгний нэрийг давхардуулж, дутуудуулсан байна уу. Саналын хуудсыг зөв хэвлэж байна уу зэргээс эхлээд анхан шатнаас нь хяналт тавих эрхтэй. 

-МАН, МАХН гэсэн хоёр нам Ерөнхийлөгчийн сонгуульд эвсэж оролцож, цаашлаад нэгдэх тухай асуудлыг ярина гэж байгаа. Үүнийг та хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Намууд эвсэх, нэгдэх үзэгдэл байнга үргэлжилж байдаг. Тиймээс үүнийг болно, болохгүй гэж хэлэх субъект нь би биш. Гэхдээ Засгийн газарт орохдоо намуудын удирдлагуудын хийсэн гэрээ байгаа гэдгийг санах хэрэгтэй байх. Хэрэв гэрээ цуцлагдах юм бол ямар үр дагавар гарах вэ гэдгийг улс төрийн хүчнүүд мэдэж байгаа байх гэж бодож байна. Ер нь бол мөнхийн гэрээ гэж байдаггүй ч асуудалд хариуцлагатай хандах хэрэгтэй.

-Засгийн газарт хамтарч байгаа нам, эвслүүд гэрээ бай­гуулахдаа “Орон нутгийн хурлын болон Ерөнхийлөгчийн сонгуульд хамтарч оролцоно” гэдэг заалтыг тусгасан ч Ардчилсан намынхан эхэлж Засгийн газрын гэрээг зөрчиж, орон нутгийн хурлын сонгуульд дангаараа оролцсон гэдэг тайлбарыг МАХН-ынхан хэлж байна билээ?

-Орон нутгийн хурлын сон­гуулиар улс төрийн төв намууд орон нутаг дахь намууддаа заа­варлах эрхгүй. Орон нутагт эвсэх үү, хамтрах уу гэдэг нь орон нутгийн намуудын шийдэх асуудал байсан. Түүнээс биш “Засгийн газар байгуулахдаа орон нутгийн хурлын сонгуульд хамтарч оролцоно гэдэг гэрээ хийсэн учир та бүхэн орон нутгийн хурлын сонгуульд хамтар” гэсэн бол энэ нь Үндсэн хуулийг зөрчих болон орон нутгийн өөрөө удирдах байгууллагын эрхэд халдсан хэрэг болох байсан.

Тиймээс энэ тохиолдолд ямар нэгэн зөрчил гаргасан зүйл байхгүй гэж харж байгаа. Зарим орон нутагт Засгийн газрын бүрэлдэхүүнд орсон намуудын салбар байхгүй байсан шүү дээ. Тэгээд ч Засгийн газрын бүрэлдэхүүнд орсон намууд энэ тохиолдлыг гэрээ зөрчсөн гэж албан ёсоор мэдэгдээгүй. Хувь хүмүүс л тэгж ярьж байна шүү дээ. Хувь хүмүүс юу ч гэж тайлбарлаж болно.

-УИХ болон орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуу­лийг нэгтгэж, энэ хоёр сонгуулийг хамтад нь зохион байгуулах бэлтгэл ажил эхэлсэн гэсэн. Энэхүү ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа хүний хувьд энэ талаар  тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-УИХ болон орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуу­лийг нэгтгэсэн хуулийн төсөл бо-ловсруулах ажлын хэсэгт УИХ-д суудалтай намуудын төлөөлөл болон сонгууль зохион байгуулахад гар бие оролцдог байгууллагуудын төлөөллүүдийг багтаасан байгаа. Нэгдсэн сонгуулийн тухай хуультай болохоор УИХ болон орон нутгийн хурлын сонгуулийг нэг өдөр зохион байгуулах боломж нээгдэх юм. Ажлын хэсгийн ахлагчийн хувьд парламентад суудалтай намууд болон төрийн бус байгууллагуудад хандаж хуулийн төсөлд ямар санал тусгах хүсэлтэй  байгааг нь авах зорилгоор захидал илгээж байна. Иргэд маань ч энэ хуулийн төсөлд саналаа тусгуулах эрхтэй.  Энэхүү хүсэлтээ УИХ-ын Өргөдөл гомдлын байнгын хороонд хаяглаж ирүүлбэл бид саналыг нь хуулийн төсөлд тусгахаар ажиллах болно.

-Ямар учраас УИХ болон орон нутгийн хурлын сонгуулийг нэгтгэж, дээрх хоёр сонгуулийг нэг өдөр зохион байгуулах гээд байгаа юм бэ?

-Нэгдсэн сонгуулийн тухай хуулийг баталснаар сонгогчдын нэрийн жагсаалтыг хэн, яаж хэрхэн гаргах вэ гэдэг нь ойлгомжтой болно. Сонгуулийн хороодын ажил үүргийн хуваарь болон сонгуулийн маргааныг шийдэх тухай асуудал ч маш тодорхой болох юм. Өмнө нь нэрийн жагсаалтыг Улсын бүртгэлийн ерөнхий газар, Статистикийн үндэсний хороо, Засаг даргын Тамгын газар зэрэг байгууллагууд гаргадаг байснаас болж маш их асуудал үүсдэг байсан.

Тухайлбал, УИХ болон Орон нутгийн хурлын сонгууль дөрвөн сарын зөрүүтэй болж байхад нэрийн жагсаалтад бичигдсэн хүний тоо нь 104 мянгаар зөрж байх жишээтэй. Энэ бол 2004 оны сонгуулийн үеэр илэрч байсан зөрчил. Мөн 2008 оны сонгуулийн үеэр 286 мянган хүнээр зөрж байсан шүү дээ. Энэ нь гурван өөр байгууллагаас сонгогчдын нэрийн жагсаалтыг гаргасны улмаас гарч байсан зөрчил. Энэ бүхнийг дахиж гаргахгүй байх үүднээс бүх зохицуулалтыг уг хуулийн төсөлд тусгахаар ажиллаж байна. Тухайлбал, Улсын бүртгэлийн ерөн­хий газраас гарсан нэрийн жагсаалтад хэн нэгэн хүн дураараа өөрчлөлт оруулах эрхгүй. Харин хөндлөнгийн хяналтуудыг тал, талаас тавих эрхтэй.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.