Санхүүгийн зохицуулах хорооны 2012 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэв.
2013.05.15

Д.Баярсайхан: Засгийн газрын бондыг хөрөнгийн биржээр арилжаалах санал гаргасан ч дэмжээгүй

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны 2012 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэв.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан товч танилцуулга хийсэн юм. Арилжааны банкуудаас бусад санхүүгийн үйл ажиллагааг зохицуулах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг тус хороо үнэт цаас, даатгал, Банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/, Хадгаламж зээлийн хоршоо /ХЗХ/-дыг хариуцан ажиллаж байсан бол өнгөрсөн оноос шинээр батлагдсан хуулийн хүрээнд албан журмын даатгал, ХАА-н биржийн үйл ажиллагаатай холбоотой хэд хэдэн чиг үүрэг нэмэгдсэн аж.

2012 онд шинээр батлагдсан хуулиудын хэрэгжилтэд онцгойлон анхаарч ажиллалаа хэмээн Д.Баярсайхан дарга хэллээ. ХЗХ-ны тухай шинэ хууль, компанийн засаглалын тухай хуулийг хэрэгжүүлэхэд гол хүчээ зарцуулжээ. Түүнчлэн дээрх хуулиуд болоод Зээлийн батлан даалтын тухай хуультай холбогдох дүрэм, журмуудыг батлан гаргажээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

- Монголд даатгалын салбар хөгжиж байгаа. Гэтэл хөрөнгийн зах зээл урагшлахгүй байна. Лондоны хөрөнгийн биржтэй менежментийн гэрээ байгуулснаар бүх зүйл сайхан болно гээд байсан яасан бэ. Өмч хувьчлал анх явахад иргэд цэнхэр, ягаан тасалбараа алдсанаас болоод хөрөнгийн зах зээлд итгэх итгэлгүй болсон.

Стратегийн ач холбогдол бүхий орд газрыг хариуцаж буй компаниудын арван хувийг дотооддоо арилжаална гэсэн заалттай хууль баталсан. Энэ хууль яагаад хэрэгжихгүй байна вэ. Гэтэл гадаадын компаниуд манай уул уурхайн баялгийг гадаадад барьцаалж хөрөнгө босгож байна. Ядаж гадаадад гаргаж байгаа хувийнх нь арван хувийг дотооддоо арилжаалж болдоггүй юм уу?

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан:

Санхүүгийн зохицуулах хорооны тайлан

-УИХ-аар яг одоо хэлэлцэж байгаа Үнэт цаасны тухай хуулийн шинэчлэн найруулгын төслийг баталснаар тодорхойгүй байгаа бүх зүйл тодорхой болно. Мөн иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх ёстой гэж үзэж байгаа.

Стратегийн ач холбогдол бүхий орд газруудын лицензийг “Эрдэнэс-Монгол” компанид шилжүүлэх ажил явж байгаа. Харин арван хувийг нь дотоодынхоо Хөрөнгийн бирж дээр арилжаалах хууль хэрэгжээгүй. “Эрдэнэс- Тавантолгой" компанийн 1072 ширхэг хувьцааг иргэд эзэмшиж байгаа ч захиран зарцуулах эрхийг нь нээгээгүй.

Энэ эрхийг аль болох хурдан хугацаанд нээх ёстой гэж үзэж байна. Иргэдээс хувьцаа, бэлэн мөнгөний алийг нь авах хүсэлтэй байна вэ гэдгээр саналыг нь авсан. 1.1 сая иргэн нэг сая төгрөгөө бэлнээр нь авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. 11 мянга гаруй иргэн 536 ширхэг хувьцаа, 500 мянган төгрөгөө авна гэсэн бол 710 мянга гаруй иргэн 1072 ширхэг хувьцаагаа авна гэж санал гаргасан.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

-Дампуурсан хадгаламж зээлийн хоршоо, банкуудад зориулж улсын төсвийн хөрөнгөөс нийтдээ 300 орчим тэрбум төгрөг зарцуулсан. Одоо 148 хадгаламж зээлийн хоршоо 26 мянган гишүүнтэй, 47 тэрбум төгрөгийн хадгаламжтайгаар үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. Эдгээр хоршоод дампуурах эрсдэлтэй юу. Эрсдэл даах чадвар нь ямар байгаа вэ?

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан:

-Хадгаламж, зээлийн хоршоод дампуурч эхлэх үед 841 хоршоо ажиллаж байсан. Түүнээс хойш шалгалт явуулж, заримыг нь шүүхийн журмаар татан буулгаснаар 200 гаруй нь үлдэж байлаа.

Харин одоо 148 үлдсэн. Хадгаламж, зээлийн хоршоод дампуурах магадлал тун бага гэдгийг баттай хэлнэ. Сайн ажиллаж байгаа хадгаламж зээлийн хоршоодын ихэнх нь хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж байна. Их хэмжээний хадгаламжтай хоршоодод хяналт шалгалт байнга хийж байга.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

-Намрын чуулганаар Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийг баталж иргэдийн хадгаламжийг баталгаажуулсан. Энэ хуульд хадгаламж зээлийн хоршоодод байгаа 47 тэрбум төгрөгийн хадгаламж хамаагүй юү?

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан:

-Хуулийн төслийг хэлэлцэх үед энэ асуудлыг ярьж байсан. Гэхдээ хуулийг үе шаттайгаар шинэчлэн хэрэгжүүлнэ гэж үзээд хадгаламж зээлийн хоршоодод байгаа иргэдийн хадгаламжийг хамааруулаагүй. Яваандаа хадгаламж зээлийн хоршоодод байгаа иргэдийн мөнгөн хадгаламжийг даатгалд хамруулна гэсэн ойлголттой байна.