Л.Нацагдорж: Үйлдвэрлэлийн өртгийг үндэслэж татвар тооцох хэрэгтэй
Уул уурхайн экспортын бүтээгдэхүүний жишиг үнэ түүнийг тооцох аргачлал, түүнд оноох татварын хувь хэмжээний асуудал өнөөдөр нүүрс, төмөр, жонш олборлох компаниудын толгойны өвчин болоод байгаа билээ. Тиймээс төмрийн салбарын төлөөлөл болгож “Эрдэс холдинг” группын Үйлдвэрлэл эрхэлсэн захирал Л.Нацагдоржтой төмөр, төмрийн хүдрийн баяжмалын салбарын асуудлаар ярилцаж, компаниудын өнөөгийн байдал ямар байгаа талаар мэдээлэл авлаа.
-Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унаж, зарим уурхай түр зогсолтын байдалтай байгаа. Энэ байдал та бүхэнд ямар байдлаар нөлөөлж байна вэ?
Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийн Төмөртэйн орд зогссон. Манай компани бас зогссон байдалтай байна. Бараг “Болд төмөр ерөө гол” ХХК-аас бусад нь зогсолтын байдалтайгаар, 30-40 хувьд нь ажил явж, өдөр хоногийг өнгөрөөж байна. Нүүрсний уурхай бас нэлээдгүй зогссон байна лээ.
-Юуны учир зогсоход хүрэв ээ?
Ашиггүй болоод зогсчихсон. Үйлдвэрлэж буй зардал, түүнд ногдуулж байгаа татвар хоёроо дийлэхгүй болчихоод байна. Одоо үйлдвэрийн ажилчдаа алдахгүй тулд, цалингий нь тавихын тулд таслалгүй 30-40 хувьд нь ажиллаж байгаа.
-Төмрийн хүдрийн баяжмалыг экспортонд гаргахгүй байгаа гэсэн үг үү?
Ажилчдынхаа цалинг тавих хэмжээнд л маш багаар гаргаж байна.
-Тэгэхээр хичнээн хүн ажилгүй сууж байна вэ?
Нарийн тоо хэлж мэдэхгүй байна. Ямар ч гэсэн энэ байдал чамд хүртэл нөлөөлж байгаа гэдгийг хэлье. Уул уурхай дагасан ханган нийлүүлэгч компани, аж ахуй нэгжүүдийн орлого бас буурсан. Дизель түлш, техник, засвар үйлчилгээ, ажлын хувцас, эрчим хүч, хоол хүнс гээд бүхий л салбарт тусч байгаа. Өнөөдөр хүн бүхэн хэмнэлтийн горимд амьдарч байгаа гэж ойлгож болно.
-Энэ бүхэн юунаас болов. Маргаан дагуулсан экспортын бүтээгдэхүүний жишиг үнийн асуудал, түүнд ногдуулдаг татварын хэмжээнээс шалтгаалсан уу?
Тийм ээ. Хаа хамаагүй Япон, Австрали гэсэн хоёр улсын гэрээний үнээр төмрийн хүдрийн жишиг үнийг тогтоож байгаад энэ оны 4 сард болисон. Үнэ тогтоох эрх засгийн газарт байгаа. Гэтэл хийсвэр үнэ авчраад тавьчихсан. Үнэхээр тэр хоёр улсын хооронд тийм гэрээ байдаг эсэх, тэр нь албан ёсоор хаана зарлагддаг эсэх нь ойлгомжгүй, бусад улс орнууд ч хэрэглэдэггүй үнээр жишгийг тогтоосон нь дарамт болж байсан.
Бараг л 68 хувийн татвар шиг болчихсон. Харин одоо Австралийн /фоб/ үнээр тооцож байгаа нь үйлдвэрлэгчдийн ашиг сонирхолд тэр бүр сайн нийцэхгүй байгаа. Гэтэл Австрали далайд гарцтай, усан тээврээр бүх бүтээгдэхүүнээ гаргадаг. Манайх дэд бүтэц хөгжөөгүй, жилд гаргадаг зургаан сая хүдрээ ч тээвэрлэх төмөр замын хүчин чадал байхгүй мөртлөө хөгжсөн орны үнийг авч байгаа нь утгагүй.
-Татвар үнэхээр дарамт болж байгаа хамгийн том шалтгаан мөн гэж үү?
Төмрийн хүдрийн баяжмалыг 15-20 долларын өртөгтэй үйлдвэрлэлээ гэхэд татвар нь заримдаа 10 доллар байх жишээтэй. Нийлээд 25-30 долларын өртөгтэй бүтээгдэхүүн болно. Дээр нь тээврийн зардлаа нэмээд 60-70 доллараар борлуулах шаардлагатай. Гэтэл Эрээний боомт дээр 60 доллараас илүү гаргаж авахгүй байх зовлонтой.
-Жоншийг тонн тутамд 250 ам.доллараар л худалдан авагчид авч байхад, жишиг үнэ 407 ам.доллар гэж тогтоогоод түүнтэй тэнцэх татвар авч байгаад жоншны салбарынхан бухимдалтай байсан. Харин төмрийн хүдэр дээр байдал ямар байна?
Австралийн фоб /өөрийнх нь хилийн боомтоос ачигдаж байгаа үнэ/-ээр жишиг тогтоосон. 1 тонн 56 хувийн агууламжтай төмрийн хүдэр 120 ам.доллар. Бидний олборлож, баяжуулсан хүдэр дээд тал нь 52-60 хувьтай байгаа ч, 60 хувьтай баяжмалыг 100 ам.доллар хүрч зарж чаддаггүй, үсрээд л 80-90 ам.долларт хүргэж зарж байгаа. Агуулга бүр өөр өөрийн үнэ ханштай. Бодит байдал ийм байхад 120 ам.доллартай тэнцэх татвар авч байгаа нь дарамт болж байна.
-Мэдээж яамны зүгээс жишиг үнийн асуудлаар судалгаа хийж, ажлын хэсэг гарч байгаа. Ийм зөрүүтэй үнэ гаргаж, татвар ногдуулж байгаа шалтгааныг та юу гэж бодож байна?
Зориуд тогтоож байгаа. Мэргэжилтэн гэхээс илүү дээд дарга нарын үүрэг даалгавар их нөлөөлж байгаа нь харагддаг. Гол нь төсөвөө ахиухан бүрдүүлж авах, нөгөө талаас төмрийн хүдрийг түүхийгээр нь экспортлохыг дэмжихгүй байх гэсэн хоёр шалтгаантай. Түүхийгээр гэхээр бид ямар нэгэн боловсруулалт хийхгүй гаргаад байна гэж ярьдаг. Манайд өнөөдөр ган хайлах үйлдвэр байхгүй байгаа тохиолдолд бид яах болж байна. Эхний ээлжинд багаар экспортолж байж л санхүүгийн бололцоотой, хөрөнгө оруулах боломжой болно биз дээ.
Эсвэл төр засгаас дэмжээд хөрөнгө оруулалт дээр нь туслах хэрэгтэй биз дээ. Гэтэл “өсөн нэсэгдэх роялти татвар”-ын шатлалаар төмрийн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэвэл төмрийн хүдэр олборлоод худалдсанаасаа илүү их татвар төлөхөөр заасан байгаа. Үүнийг ямар бодлого гах вэ? Үүнийг алтны 68%-ийн татварын оронд гаргасан хууль.
Алт олборлогч 70 орноос Монгол 17 дугаарт жагсдаг
Гэтэл алт байгаль дээр бараг 90-ээс дээш хувьтай, цэврээрээ байдаг, шууд эцсийн бүтээгдэхүүн гэж тооцож болох металл. Гэтэл төмөр эрдэс, минерал хэлбэрээр байгаль дээр байдаг, өндөр хувьд хүргэхийн тулд нарийн технологи, маш их хөрөнгө оруулалт, өндөр зардалтай үйл ажиллагаа явуулж байж цэвэр металл гаргаж авдаг. Энэ онцлогыг жишиг үнэ тогтоогчид, хууль тогтоогчид ойлгохгүй байна.
Хар металлургичид түүхий эдээ баяжуулсан байна уу, үгүй юу, шатааж бэлдсэн үү, үгүй юу, өөрөөр хэлбэл олборлосон төмрийн хүдрийг хайлахын өмнө боловсруулалт хийсэн хийгээгүйгээс үл хамааран бүгдий нь төмрийн хүдэр гэж нэрлэдэг. Энэ нэршлээс нь болж баяжмал гэдэг ойлголтыг сая 4 гаргасан 131 дүгээр тогтоолоор хасчихсан. Баяжуулах процессгүйгээр ган, болд гарахгүй. Металлургийн үйлдвэрлэлд 60 гаруй хувийн агуулгатай, дээд тал нь 5 см хүртэл нунтаглаж ангилж, шигшсэн төмрийн хүдрийг нийлүүлэх ёстой. Тиймээс төмрийн хүдэр биш төмрийн хүдрийн баяжмал гэдэг шатлал заавал байх ёстой.
Бас агууламжийн ялгааг ерөөсөө бодитой тогтоохгүй байна. 52-66 хувийн хооронд хувь бүр дээр өөрийн үнэ байдаг. Гэтэл 58 хувийн төмрийн хүдрийн баяжмал дээр 125-130 ам.доллар гэж үнэ зарлачихаад, порпорцлох аргаар 52-66 хувьтай баяжмалын үнийг тооцож гаргадаг. 90 буюу түүнээс дээш хувийн агуулгатай бүтээгдэхүүнд татвар яаж тооцох нь тодорхойгүй. Ийм бүтээгдэхүүний үнэ 400-450 ам.доллар байдаг. Хуулинд хүдэр, баяжмал, бүтээгдэхүүн гээд гурван янзаар татвар авахаар заасан байдаг. Гэтэл өсөн нэмэгдэх үнийн шатлал нь 60, 70, 80, 90, 100 ба дээш гэж байгаа. Энэ нь баяжмалын үнийн л шатлал. Бид 98 хувийн ширэм үйлдвэрлэчихээд үнэ нь 100-гаас дээш гээд 7 хувийн роялти татвар төлөх юм байна л даа. Харин 52 хувийн баяжмалыг 60 ам.доллароор зарвал 5 хувийн татвар төлнө. Тэхээр энэ хар төмөрлөгийг дэмжих бодлого мөн үү.
-Төмрийн хүдрийн экспортыг багасгах санаагаа өндөр татвараар зохицуулаад байгаа гэж үзвэл төр эд баялгаа шууд ачаад зөөлгөхөөс сэргийлж буй мэт санагдана.
Тэгж байгаа байх гэж найдаж байна. Гэхдээ экспортоо багасгаад ашигт малтмалаа нутагтаа байлгаад байвал манай эдийн засаг яаж цаашдаа хөгжих юм бэ гэдгийг бодох хэрэгтэй.
-Нэг талаас гаргахгүй, нөгөө талаас ашиглахгүй гээд ойлгомжгүй байдалтай харагдаад байгаа нь хөрөнгө оруулагчдын үргээж буй гол шалтгаан гэдэгтэй санал нийлэх үү?
Ашигт малтмалын өсөн нэмэгдэх роялти татвар бүтээгдэхүүнээ хүдрээр гаргавал 10 хувийн, баяжмал буюу дундын бүтээгдэхүүн бол 8,5 хувийн, бүтээгдэхүүнд 7 хувийн татвартай байгаагаас үзэхэд төрийн дэмжлэг биш.
-Засгийн газар хүдрийг илүү боловсронгуй түвшинд, нэмүү өртөг шингэсэн байдлаар гаргах сонирхолтой байгаа гэж үзвэл төмрийн хүдрийн салбарыг хэр дэмжиж байгаа юм бол?
Монгол одоогийн байдлаар нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх шатанд хүрээгүй байна. Бид чадлынхаа хэмжээнд ширэм, ган үйлдвэрлэхийн төлөө хичээж ажиллаж байхад дэмжиж байгаа нь хууль, тогтоолуудад л лав харагдахгүй байна.
-Нэг тонн хүдрийг гаргаж авахад хэр их зардал ордог вэ?
Уурхай бүр өөр өөр, ер нь тонн хүдрийг олборлоод, баяжуулахад 15-20 ам.доллар болж байна. Үүнд манай арилжааны банкнуудын зээлийн хүү орж байгаа гэдгийг ойлгох нь зөв. Оруулахгүйгээр тооцвол 4-5 доллар тонн тутамд хасагдана.
-Жишиг үнийн асуудлыг шийдэх гарцыг үйлдвэрлэгчдийн зүгээс хэрхэн харж байна вэ?
Үйлдвэрлэж буй өртөг дээр үндэслэж татвар тооцох хэрэгтэй. Уул уурхайг түшиж хөгжихөөр шийдсэн монгол улсын хувьд аль болох дотоодын хувийн хөрөнгө оруулалттай үндэсний компаниудаа дэмжиж, татварын орчноо сайжруулах хэрэгтэй. Гэтэл 68 хувийн татвараа больсон гэх мөртлөө татварын нэрийг л сольж, тэр дарамтаа үргэлжлүүлсээр байгаа нь шүүмжлүүштэй.
Төмрийн хүдэр
Төмрийн хүдэр 52 хувийн агуулгатайгаас 66 хувь хүртэлх үнэ нь Хятадын вэбсайт дээр тавигддаг. Энэ тавигддаг үнүүдээс хятадын НӨАТ, боомтын ачиж буулгах, талбайн зардалуудыг хасч тооцоод тогтоож болно. Энэ зардлууд нь ойролцоогоор 40 ам.доллар байна. Тэгвэл бидний татварын дарамт багасч, үйлдвэрлэлээ жигд явуулах боломжтой болно.
Өсөн нэмэгдэх үнийн шатлалыг тэр бүтээгдэхүүн гэдэг ангилалд нь нийцүүлэн дахин тогтоох хэрэгтэй. Өнөөдөр бүтээгдхүүн гаргаагүй болохоор энэ асуудал орхигдож байна. Магадгүй үүнийг шийдчихвэл тэр үнийн шатлалын алхмууд нь томорч улмаар баяжмалын татварын асуудал хамт шийдэгдчих боломжтой.
Мөн 131 дүгээр тогтоолоор гаргасан тэр нунтаг хүдэр, бүхэл хүдэр гэдэг ангилалаар татвар тооцож байгаа нь гааль дээр бөөн маргаан үүсгэж байгаа сурагтай. Нунтаг хүдэр, бүхэл хүдрийн стандартыг харахад аль аль нь л баяжуулах үйлдвэрийн л бүтээгдэхүүн байна лээ.
-Экспортлогчдын холбоо төмрийн жишиг үнийг Энэтхэг улс Хятад руу нийлүүлдэг үнээр тооцох саналтай байгаа. Та үүнтэй санал нийлэх үү. Яагаад?
Тэр их зөв санал. Учир нь Энэтхэгийн төмрийн хүдрийн чанар манайхтай адилхан. Харин Австрали, Бразилийн төмрийн хүдэр байгалаасаа заяасан хорт хольц багатай, өндөр чанартай хүдэр.