2013.04.25

Тавантолгойн хувьцаа ирэх оноос наашгүй

Уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Н.Алагаатай ярилцлаа.

-“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны үнийг Засгийн газар 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнө зарласан. Одоо хүртэл энэ хувьцаа эзэддээ хүрээгүй байна. Та үүнийг юу гэж харж байна вэ?

-Энэ талаар сайн мэдээлэл угаасаа хаана ч алга. Засгийн газар уг нь үнэ тогтоодог газар нь ч биш. Харин өнгөрсөн жил ийнхүү баталсан нь амласан амлалтаа биелүүлсэн юм шиг харагдах гэсэн хэрэг. Гэтэл бодит байдал дээр үнийг зах зээл өөрөө тогтоодог юм. Зах зээлийн судалгаа хийж байж, эрэлт, нийлүүлэлт нь үнийг тогтооно шүү дээ.

Засгийн газар тухайн үед монголчуудад 1072 хувьцааг үнэгүй өгнө гээд энэ хувьцаагаа үнэлээгүй. Ингэхээр ерөөсөө л өгнө гэж амласан 1.5 сая төгрөгөө тараах гэж л хувьцаа гаргана гэж мэдэгдсэн болж таараад байна. Тухайн үед энэ нь баахан хэл ам таталж байгаад одоо зогсчихлоо.

-Иргэдийн дансанд хувьцааг нь байршуулж эхэллээ гэж мэдээлэх боллоо. Энэ нь тэгээд эдийн засгийн хувьд хэр үр ашигтай мэдээ юм бол?

Хятадын зах зээлийг Монголоос хамаарсан эрэлтийг бий болгох хэрэгтэй.

-Ямар ч арилжаа явагдаагүй шүү дээ. Тэгэхээр үнэ тогтоогүй гэсэн үг. Зарим хүний дансанд хувьцаа нь орсон байж болох ч үнэ тогтоогүй. Ингээд харахаар том Тавантолгойгоос иргэдэд хувьцаа нь 2014 оноос нааш очихгүй нь.

Ер нь энэ талаар мэдээлэл хангалтгүй байгаа. Мэдээлээд байхаар юм ч байхгүй байна. Ялангуяа одоо нүүрсний үнэ уначихаар үнэ тогтоох ч хэрэг алга. Өөрөөр хэлбэл, нүүрсний үнэ өндөр байхад энэ бүх асуудлаа цэгцэлчихсэн байх ёстой байсан юм.

-Тэгвэл дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнэ “Эрдэнэс Тавантолгой” хувьцаанд хэрхэн нөлөөлөхөөр байна вэ?

-Зах зээлийн эрэлт нийлүүлэлт нь хувьцаанд нөлөөлнө. Эрэлт өндөр л байвал хувьцаа нь “амьдрах” чадвартай байна. Хятадын эдийн засгийн өсөлт хэрхэх нь олон улсын гол сэдэв болоод байна. Хараад байхад Хятадын нүүрсний зах зээлд монголчууд дутуу ажиллаад байна. Ганц юмаа ганд гэж голохгүйгээр Хятадын зах зээлийг Монголоос хамаарсан эрэлтийг бий болгох хэрэгтэй.

Гэтэл одоо байн байн гэрээгээ өөрчилнө гэдэг, тогтворгүй байдал бий болгоод байна. Хятадыг нэгэнт зах зээл гэж харж л байгаа бол бид өөрсдөө хариуцлагатай байх ёстой. Буруутан хайж цаг алдахын оронд алдаагаа засах хэрэгтэй байна. Тогтворгүй байдлыг бид өөрсдөө бий болгоод байна.