“Монгол улсад атомын станц барих асуудал байхгүй” гэж үү?
Атомын цахилгаан станц
2013.06.20

“Монгол улсад атомын станц барих асуудал байхгүй” гэж үү?

Д.Пүрэвсүрэн /МУ-ын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, МУ-ын зөвлөх инженер, ШУТИС-ийн хүндэт профессор, судлаач/

Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА-ын Ерөнхий захирал Юкия Амано манай оронд айлчлахдаа манай улсын Ерөнхийлөгч ба Ерөнхий сайд нартай уулзахдаа манай талын хүсэлтээр “Атомын станц байгуулах ТЭЗҮ-ийг боловсруулж өгье” гэж амласан тухай манай төв хэвлэлүүдэд нийтлэгдсэн. УИХ-ын 2009 оны 45 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын хуралдаанаар “Хөтөлбөр төлөвлөгөөг батлах тухай” 222-дугаар тогтоолыг (2009.07.22.) баталжээ.

Энэ тогтоолын хоёрдугаар хавсралтын “Цөмийн эрчим хүчний эх үүсвэрийг барих ажлыг хэрэгжүүлэх тухай” зургадугаар бүлэгт таван тодорхой ажил хэрэгч зүйлүүд заагдсан ба тэдгээр тус бүрийг хэрэгжүүлэн гүйцэтгэх ба оролцогч талууд яам, агентлаг, байгууллагуудыг нэрлэн заасан ба гүйцэтгэх хугацаа болон зарцуулагдах хөрөнгийг ч заасан байв.

Гэвч, тэр үед Засгийн газар солигдож, дараагийн Засгийн газрууд нь уг тогтоолыг дэмжиж зохион байгуулаагүй замхруулжээ. УИХ-аар батлагдсан Засгийн газрын тогтоол хүчингүй болоогүй байхад уг тогтоолд орсон асуудлыг биелүүлэхгүй байж болно гэж үү? Хэрвээ, УИХ ба Засгийн газрын дээрх шийдвэрүүдийг биелүүлж АЦС-ыг барьж байгуулсан бол өнөөдөр “тавдугаар эх үүсвэр” гэж бид будлиж байхгүй байв.

Ер нь АЦС-ыг аль нэг оронд барьж байгуулах асуудлын талаар олон нийтийн санал асуулгыг явуулдаг. Энэ асуудал нь манай орны олон нийтийн олон давхарга, иргэд болон элит (УИХ-ын ба Засгийн газрын гишүүд)-үүдийн өнөөдрийн менталитет (тухайн хүн, нийгэмд хэвшсэн ухамсар,сэтгэлгээ)-ийн түвшнээс хамаарах нь ойлгомжтой.

Манай интернетээр Ерөнхий сайд Н.Алтанхуяг УИХ-ын чуулган дээр: “Засгийн газрын мөрийн хөтөлбөрт атомын цахилгаан станц барих асуудал байхгүй. Цөмийн энергийн технологи судлахгүй” гэж хэлснийг мэдээлсэн. Үүнийг манай орны олон нийт яаж хүлээн авсан бол. Бодвол янз бүрээр л ойлгосон байх.

Манай орны менталитет судлаач, эрдэмтэд: өнөөдөр манай нийгмийн менталитет нь дэлхийн улс орнуудын дунджаас доогуур байгааг нотолсон байдаг. Сүүлийн 1020 жилд манай олон нийтийн дунд шашны мухар сүсэглэл газар авч байх шиг. Саяхан, манай нэг сургуулийн бага ангийн хүүхдүүд багштайгаа ангидаа нийлээд бөөгийн мөргөл үйлдэж байсан тухай мэдээ ч бий.

Сургуулийн захиргаа? Хүүхдүүдийн эцэг, эх нар? Бодууштай. Барууны зарим орнуудад шашинлаг үзэл газар авч шинжлэх ухааныг үгүйсгэсэн, шинжлэх ухааны нэр томъёог зээлдэн оронд нь далд нууц шашинлаг үзлийг номлодог “креационизм”(шинжлэх ухааныг үгүйсгэх үзэл)ын үзэлтнүүдын эсрэг Европын орнуудын 80 алдарт эрдэмтэд нээлттэй захидал бичсэнийг Европын холбооны парламент дэмжиж тогтоол гаргасан байдаг.

Энэ тогтоол нь олон түмний сүсэг бишрэлийн эсрэг биш, харин шинжлэх ухааныг сүсэг биширлээр солих гэсэн тодорхой хандлагаас сэргийлсэн болно. Манайд ч креационизмын үнэр ханхлах шинж байна. “Өдрийн сонин” (2012.10.24)-д “Газрын гүн дэх чөтгөрийг сэрээвээс гамшиг дагуулах аюултай” гэсэн өгүүллийг МУБИС-ийн профессор Х.М. бичжээ.

Тэрээр бас, манай оронд МУИС-ийн урилгаар айлчилсан Японы алдарт цөмийн физикч Нобелийн шагналт Масуковагийн манай ТУ-ээр: “Монголын эрдэмтэд эргэлзэж тээнэгэлзэх хэрэггүй, атомын цахилгаан станц барих хэрэгтэй. Японд болсон Фүкүшимийн атомын цахилгаан станцын ослоор нэг ч хүн нас бараагүй” гэж хэлснийг нь Х.М. гуйвуулан эсэргүүцэж: “...Тэр эрхэм нутагтаа АЦС-ыг дэмждэгээрээ цөөнх болдог юм байна билээ.

Тэгээд аргаа барахдаа монголын ядарсан олон түмний тархийг угаахаар ирсэн юм бол уу?” гэх мэтээр дэлхийд нэртэй эрдэмтнийг хэтэрхий муулан доромжилсон нь өөрийгөө жинхэнэ креационист (шинжлэх ухааныг үгүйсгэн) болохыг харууллаа. Эдгээрээс үзэхэд, манай оронд бас шашинлаг, шинжлэх ухааныг үгүйсгэх санаатнууд олон түмнийг үймүүлэх, цөмийн эрчим хүчний эсрэг жагсах, Цөмийн энергийн хуулийг цуцлах, Цөмийн энергийн газрыг татан буулгах зэрэг ил далд санаархал гарах болсон.

Аль ч улс оронд орчин үед ард иргэдээ цөмийн ба цацрагийн хор нөлөөнөөс хамгаалах, орчин үеийн цөмийн цацрагийн өндөр технологийг улсын эдийн засаг, нийгмийн салбарууд бүхэнд нэвтрүүлэн ард олны эрүүл мэнд, ахуйг хангахад зориулан ашиглах асуудал болон тэдгээрийн аюулгүй ажиллагааг хянан тохируулах асуудлыг эрхэлдэг “тохируулагч” байгууллага байдаг ёстой.

Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн хуульд өөрчлөх сайжруулах шаардлагатай зүйлс олон бий.

Манай улсад, Засгийн газрын тохируулагч агентлаг “Цөмийн энергийн газар” 2008 онд байгуулагдаж үйл ажиллагаа явуулж ирлээ. Манай улсын Цөмийн энергийн газар нь үйл ажиллагаагаа МУ-ын “Цөмийн энергийн хууль”-ийн дагуу явуулахын тул нилээд олон бэрхшээлтэй тулгарч ирсэн гэж ойлгодог.

Наад зах нь дээр дурдсан олон нийтийн зүгээс цөмийн хаягдал, Цөмийн хууль. Атомын цахилгаан станц. Цөмийн энергийн газар зэргийг эсэргүүцсэн хөдөлгөөнд өртдөг байв. Харин Цөмийн энергийн газрын саяхан шинээр томилогдсон удирдлага нь энэ бүхний анхаарч олон нийт, төрийн бус байгууллагууд, хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэнтэй уулзаж тэдэнтэй нээлттэй ажиллахаар болсноос ойлгуулсан нь дээрх хэл ам эрс багассан.

Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаярын “olloo.mn”-д (2012.10.22) өгсөн ярилцлагаас товчилвол: “.. Цөмийн технологи олон салбарт (Эрүүл мэндийн салбарт оношлогоо эмчилгээнд, мөн хүнс, хөдөө аж ахуйн салбарт; геологи, уул уурхай, ашигт малтмал шинжлэх ухаан, үйлдвэрлэл зэрэгт үр ашгаа өгч байна.

Ийм байхад бид цацрагаас айгаад татгалзана гэвэл XXI зуунаас ухарч байна гэсэн үг болно. Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрэлдүүлэх үүднээс манай байгууллага цацрагийн хяналтыг хийж гүйцэтгэж байна. Цөмийн энергийн хуульд өөрчлөх сайжруулах шаардлагатай зүйлс олон бий.

Үүн дээр мэргэжлийн баг гараад ажиллаж байна. Манай оронд цөмийн технологи ашигладаг 270 гаруй компани, нэгжүүд байна. Тэд манай цацраг хяналтынхантай хамтарч ажиллах хэрэгтэй. Манай Цөмийн энергийн газар нь тохируулах чиг үүрэгтэй... ” гэж дэлгэрэнгүй ярилцлага өгсөн нь Цөмийн энергийн газрын өнөөдрийн үйл ажиллагааг олон нийтэд ил тод харуулж байна.

Манай улсад, дэлхийн хөгжилтэй ба хөгжиж байгаа орнуудтай жишихэд хэдийгээр оройтсон(2009) боловч “Цөмийн энергийн хууль” анх батлагдсан нь бидэндээ том дэвшил болсон юм. Тэр үеийн манай улсын олон нийтийн цөмийн энергийн тухай ойлголт, мөн улсын эдийн засгийн хөгжлийн байдлаас болж тэр хууль нь нилээд ерөнхий агуулгатай болсон бол уу. Харин, өнөөдөр тэр хуулийн хэрэглэн шинэчлэлтийн үйл ажиллагааг олон салбаруудад явуулах боломжгүй болж байна.

Өнөөдрийн даяарчлалын дэлхийн хэмжээнд цөмийн энергийн асуудал нь зөвхөн НҮБ-ын мэдлийн асуудал болсон. НҮБ-аас цөмийн энергийг хүн төрөлхтөн ашиглахыг ерөнхийд нь: “цөмийн зэвсгийн зориулалтаар” ба “энх тайвны чиглэлээр ашиглах” гэж ялган хуваасан. НҮБ-аас цөмийн энергийг цөмийн зэвсгийн зориулалтаар ашиглахыг хатуу хориглож, түүнийг “дэлгэрүүлэхгүй” байх тухай зааж, дэлхийн бүх улс орнуудыг хамарсан олон чухал арга хэмжээнүүдийг ОУАЭАгентлагаас авч байна.

Харин цөмийн энергийг энх тайвны зориулалтаар ашиглахыг ерөнхийд нь

1. “Эрчим хүчний чиглэлээр ашиглах (энергетическое использование)”.

2.“Эрчим хүчний бус чиглэлээр ашиглах (энергетическое использование)” гэж хоёр зарчмын чиглэлд хувааж ашиглаж байна.

Өнөөдрийн даяарчлалын дэлхийн хэмжээнд цөмийн энергийн асуудал нь зөвхөн НҮБ-ын мэдлийн асуудал болсон.

“Эрчим хүчний чиглэлээр ашиглах” гэдэгт цөмийн түлш боловсруулахаас эхлэн цөмийн гинжин урвал явагддаг реакторыг зохион бүтээх, атомын цахилгаан станц барьж байгуулах, ашиглаж ажиллуулах, түлшний цикл, хаягдлыг булшлах, станцыг ашиглалтаас гаргах зэрэг маш нарийн технологи ажиллагаанууд хамаарагддаг.

“Эрчим хүчний бус чиглэлээр ашиглах” гэдэгт хүн төрөлхтний эрүүл энх, хангалуун амьдрахад чиглэсэн улс орнуудын олон салбаруудад цөмийн технологи буюу цацрагийн технологийн амжилтуудыг нэвтрүүлж аюул гүй ашиглах асуудлууд хамрагддаг. Энэ чиглэлээр манай улсад Цөмийн энергийн газар эрхлэн амжилттай ажиллаж байна.

Харин дээрх “эрчим хүчний чиглэлээр цөмийн энергийг ашиглах” буюу Цөмийн эрчим хүчний асуудал нь өнөөдөр манай улсад эзэнгүй байна гэлтэй, түүнийг “төрийн захиргааны” аль байгууллага эрхлэн хэрэгжүүлэх ёстой вэ? гэдэг асуудал арга буюу гарч байна.

Манай одоогийн “Цөмийн энергийн тухай” хуулийн 11 дүгээр зүйлийн дагуу энэ асуудал нь Төрийн захиргааны байгууллага болох одоогийн ЦЭГ-т хамаарагдмаар заасан байдаг.