Таван толгойн ордыг төрд шилжүүлэхдээ нийт талбайн дөрөвхөн хувийг үлдээсэн хэмээн Ерөнхий сайд мэдэгдэж байсан. Гэтэл дээрх дөрвөн хувийн талбайд энэ ордын нөөцийн 20 хувь үлдсэн хэмээн УИХ-ын зарим гишүүн мэдэгдлээ. УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, С.Эрдэнэ, Ц.Шинэбаяр нар Засгийн газрын уул уурхайн салбарт явуулж байгаа бодлого, хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг шүүмжилж сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:
- Ерөнхий сайд саяхан “Өнгөрснөө яриад яахав. Урагшаа харж явъя” гэж байна. Энэ бол идсэн уусан, луйвардсанаа мартаад, шинээр луйвардъя, шинээр идье гэсэн лоозон шиг сонсогдсон. Монголд стратегийн 15 орд, стратегийн ордод багтах ёстой 39 орд гээд 50 гаруй томоохон ордын ард дандаа эрх мэдэлтнүүд байна. Эзэнгүй орд гэж алга гэв.
УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр:
-Тавантолгойн ордын дөрөвхөн хувийг нөхөн төлбөрт өгсөн шүү гэж хүмүүсийн толгойг эргүүлчихээд, нөөцийнх нь 20 орчим хувийг зүгээр нэг хувийн компанид ямар ч сонгон шалгаруулалтгүй шилжүүлчихсэн. Энэ мэтээр Монгол орны уул уурхай, Ашигт малтмалын салбарт байгаа луйвар булхай, муу муухай зүйлийг ил гаргаж, цаашаа хариуцлагатай, цэвэр уул уурхайг хөгжүүлэх ёстой. Хариуцлага гэдэг зүйл уул уурхайд алга. Засгийн газар хариуцлага хүлээж сайд нар огцрох ёстой гэв.
Энэхүү хэвлэлийн бага хурлын үеэр УИХ-ын гишүүн Д.Ганхуягтай ярилцлаа.
-Та бүхэн уул уурхайн салбарт явуулж байгаа Засгийн газрын бодлогыг шүүмжилсэн. Чухам ямар, ямар хуулийн заалт биелэхгүй байгаа хэмээн үзэж буй юм бэ?
-УИХ-аас Ашигт малтмалын хуулийг батлах үеэрээ стратегийн ач холбогдолтой 15 ордын жагсаалтыг гаргасан. Энэ хуульд Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн орд газруудад дахиж хайгуулын лиценз олгохгүй байх, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн бол ашиглалтын зөвшөөрөл өгч болохгүй, өгөх бол сонгон шалгаруулалтаар өгнө гэж заасан байдаг. Мөн Тавантолгойн асуудлыг шийдэхдээ заавал УИХ-д өргөн барьж шийдэх ёстой. Гэтэл Тавантолгойг төрд өгөхдөө УИХ-аар хэлэлцүүлээгүй. Ашигт малтмалын тухай хуульд улсын хөрөнгөөр хайгуул хийсэн ордын 50-иас дээш хувь нь улсын мэдэлд байх ёстой. Гэтэл энэ заалт хэрэгжсэнгүй Энэ мэтээр Засгийн газар алдаагаа засахгүй байна.
-Та бүхэн Тавантолгойн ордын талбайн дөрвөн хувийг үлдээсэн байтал тэр нь 20 хувь болсон тухай ярьсан. Үүнийг дэлгэрүүлэхгүй юу?
-Ерөнхий сайд С.Бат-болд Тавантолгойн талбайн дерөвхөн хувийг хувийн хэвшлийнхэнд үлдээсэн гэж мэдэгдсэн. Гэтэл талбайн энэ дөрвөн хувьд нийт ордын нөөцийн 20 хувь нь ногдож байна шүү дээ. Тэгэхээр төрд ирж байгаа Тавантолгойн хувь багасч байна. 100 хувиас Ухаа худагийн 20 хувийг хасчихаар 80 хувь болно. Иргэдэд Тавантолгойн арван хувийг нь олгох ёстой бол 80 хувийн арван хувь нь үндсэн ордын найман хувь болж байгаа юм. Бас нэг зүйл бий. УИХ-ын 39 дүгээр тогтоолоор Тавантолгойн ордыг хуваахгүй байхаар тогтсон. Монгол Улс дэлхийн хэмжээний том ордтой болъё гэсэн. Гэтэл хоёр хуваах асуудал ярьж байгаа. Нэгииг нь “Эрдэнэс Тавантолгой" ашиглана. Нөгөө талыг нь гадаадын хөрөнгө оруулалтаар зохицуулахаар болчих шиг. Энэ нь нэг компани байх юм уу, хоёр компани байх юм уу гэдэг нь бас ойлгомжгүй байгаа, Энэ мэтээр хуваагдаад байвал иргэдэд ирэх 536 ширхэг хувьцааны борлогдох үнэ, ногдол ашиг нь улам л багасаад байна гэсэн үг. Ухаа худагийн одоогийн цэвэр ашиг 4,5 тэрбум доллараар хэмжигдэж байна. Хуулийн дагуу түүнийх нь 50 хувийг нь төрд авна гэвэл 2,2 тэрбум доллар. Харин 4,5 тэрбумаар бодох юм бол нэг хүнд 1600 доллар, 2,2 хувиар тооцвол 800 доллар ногдож байна. Энэ мөнгөөр 1100 километр төмөр замаа тавих боломжтой. Бид ийм хэмжээний мөнгийг алдаж байна гэсэн үг. Цаашлаад зөвхөн Тавантолгой, Гашуун сухайт, Нарийн сухайт гэх мэт улсын төсвөөр хайгуул хийсэн бусад ордын 50-аас дээш хувийг төр эзэмших ёстой. Ордыг илрүүлнэ гэдэг маш том зүйл. Улсын төсвөөр хайгуул хийчихээд байхад дахиж хайгуул хийнэ гээд хувийн компаниуд аваад явчихдаг. Энэ байдлыг яагаад Засгийн газар зүгээр хараад суугаад байгааг ойлгохгүй байна.
-Томоохон ордуудыг стратегийнордын жагсаалтад багтаах ажил удаашралтай байгаа тухай ярьж байсан?
-Жагсаалт бүхий 39 ордыг стратегийн ордуудад хамруулах асуудлыг шийдэх тухай 3-4 жил ярьж байна. Үүн дээр Засгийн газар хуруугаа ч хөдөлгөхгүй байна. Цаашлаад Оюутолгойн ордын гэрээнд өөрчлөлт оруулна гэж яриад өчнөөн удлаа. Бас л таг.
-УИХ-ын гишүүд Ерөнхий сайдад маш олон асуулга тавьдаг. Харамсалтай нь тэр бүхэн тодорхой үр дүнд хүрэхгүй өнгөрөөд байх шиг. Энэ удаад бас тэгэх вий?
-Тэгэхийг үгүйсгэхгүй. Гэхдээ шударга зүйлийн төлөө л бид дуугарч байх ёстой. Буруу замаар явмааргүй байна. УИХ-ын гишүүд ч үүнийг ойлгож, баялгийн хуваарилалтыг шударга явуулах, алдаатай зүйлд хариуцлага тооцоход хариуцлагатай хандаасай гэж хүсч байна. Мөн ард түмэн, хэвлэл мэдээллийнхэн үнэний талд зогсох байх. Бид ямар нийгэм рүү яваад байгаа юм бэ. Ухаа худагийнхаа 20 хувийг буцаагаад ард түмэндээ өгөх ёстой. Хувийн компаниудад өгсөн ордуудаа буцаагаад төр авах ёстой. Бид 20-200 өрхийг баяжуулах гэж ардчилсан нийгмийг байгуулаагүй. 2,8 сая хүн амтай, асар их баялагтай Монгол Улс ядаж хүн амынхаа 80 хувийг дунджаас дээгүүр орлоготой амьдруулах боломж хангалттай бий. Японд гэхэд сонгуулийн үед гадны иргэнээс 4500 доллар авсан нь нотлогдсон сайд суудлаасаа бууж байна. Гэтэл бүхэл бүтэн орд ордоор нь идсэн хүмүүс зүгээр явж байна. Бид ийм зүйлтэй эвлэрч чадахгүй. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн Стратегийн ордыг төр мэдэлдэа авах ажлыг бид хэлэх биш, Д.Зоригт сайд, Засгийн газар өөрсдөө хийх ёстой шүү дээ. Тийм учраас ажлаа хийхгүй байгаа Засгийн газрын сайд нар хариуцлагаа хүлээж, огцрох ёстой.
-Стратегийн орд гэдэг эрх барьж байгаа хэдэн хүмүүсийн хөрөнгө болчихлоо гэж та бүхэн хэлж байсан. Аль, аль ордыг ямар хүмүүс эзэмшиж байгаа тухай олон нийтэд ил тавьж болохгүй юу. Улсын нууцад хамаарах мэдээлэл гэх юм билээ. Үнэхээр улсын нууц мөн үү?
-Нууцлаад байх зүйл биш. Хэн хэнд байгаа гэдгийг Ашигт малтмалын газраас дэлгэрэнгүй шүүхэд гараад ирнэ. Гэхдээ үүнийг төрийн нууц гэж тайлбарлаад байх шиг. Харин ч ил тод байх ёстой. Хувийн компанитай хийсэн гэрээ төрийн нууцад хамаарахгүй гэсэн хуулийн заалт бий.
-Ерөнхий сайд Тавантолгойн ордыг төрд буцааж өгсөн нь баатарлаг явдал мэтээр хүмүүс ойлгодог. Гэхдээ С.Батболд гэдэг хүн чухам яаж Тавантолгойг эзэмших болсон тухай дэлгэрэнгүй мэдээлэл хомс байдаг. Та энэ талаар сонирхож байв уу. Ямар нэг мэдээлэл байдаг уу?
-Өмнөх Ерөнхий сайдын үед гэрээ байгуулаад төрд буцааж өгсөн гэдэг юм билээ. С.Батболд сайд хадгалж байгаад өгсөн гэж ярьдаг. Гэтэл Тавантолгой бол улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн орд учраас угаасаа ард түмний баялаг. Тэгэхээр Еренхий сайд тийм шог юм яриад байж болохгүй шүү дээ. Үндсэндээ лицензийн төлбөр гэж 851,8 мянган доллар төлсөн юм билээ. Гэтэл өнөөдөр зөвхөн Ухаа худагийн үнэ цэнэ 4,5 сая ам доллараар хэмжигдэж байна.
-Сүүлийн үед уул уурхай руу манайхан хэт хошуурах боллоо. Уул уурхай л Монголыг авч явна гэх болж. Таныхаар уул уурхай Монголын хөгжлийг тодорхойлогч мөн үү?
-Үр дүнтэй ашиглаад хүнээ хөгжүүлээд, боловсруулах үйлдвэрээ хөгжүүлж чадвал энэ бол том Боломж , хөгжлийн ирээдүй. Гэхдээ өнөөгийнх шиг ард түмэнд хүлээлт үүсгээд өөрсдөө дээгүүрээ хувааж аваад дуусчихвал энэ бол хөгжил биш мөхөл болно.