Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит хуралдаан боллоо.
2013.07.05

Нийслэл төсвийн тодотголоо хэлэлцлээ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит хуралдаан боллоо. 

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухай хуулийн 23.7-д заасны дагуу төлөөлөгчдийн ирц 80 хувьтайгаар ээлжит хуралдаан эхэлсэн юм. Энэ удаагийн хуралдаанаар “Нийслэлийн 2013 оны төсөвт тодотгол хийх тухай” асуудлыг хэлэлцсэн.

Тодотголд Соёлын төв өргөө болон Монголын хүүхдийн ордонд хийх засвар, нийтийн эзэмшлийн гудамж талбайн гэрэлтүүлэг, ЕБС-ийн сурагчдын автобус зэрэг нэн шаардлагатай 42 төслийг оруулжээ.

Ингээд хуралдааны эхэнд нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч дарга Н.Батаа 2013 оны төсвийн тодотголыг танилцуулсан юм.

Тухайлбал, Хот байгуулалт, дэд бүтцийн салбарт нийт төсөвлөсөн мөнгөний 62 хувь, авто замын салбарт гурван хувь, нийгмийн салбарт найман хувь, хот тохижилтийн салбарт 16 хувь, төрийн үйлчилгээг сайжруулах чиглэлээр долоон хувь, бусад салбарт дөрвөн хувийг зарцуулахаар тусгажээ.

Мөн нийслэлийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрт 36.1 тэрбум төгрөг, 2013 онд хэрэгжүүлэхээр батлагдсан хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулсан 7.8 тэрбум төгрөг, нийт 44.0 тэрбум төгрөгийг нэмж зарцуулахаар төлөвлөжээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлээс дараах тодруулгыг авлаа.

-2013 оны нийслэлийн төсвийн тодотгол хийгдэхээр боллоо. Хамгийн хэрэгцээтэй гэж ойлгож байгаа ямар асуудал байна вэ?

-Хүүхдийн автобусны асуудал. Захын дүүрэг хороодод байгаа хүүхдүүд хичээлдээ ирэхэд төвөгтэй байдаг. Энэ асуудлаар өнгөрсөн оноос эхлэн анхаарал тавьж ажиллаж байгаа. Энэ төсөл батлагдвал ирэх өвлөөс тэдгээр хүүхдүүд маань автобусаар хичээлдээ ирдэг болно.

Бид хог хаягдлын менежментийг олон улсын жишигт хүргэх гээд байгаа юм. Хог хаягдлыг заавал зориулалтын уутанд хийж хогийн цэгт хаях тогтолцоонд шилжих ёстой.

Хоёр дахь чухал асуудал бол МАН-ын бүлгийн яриад байгаа хогны уутаар хангах асуудал юм. МАН энэ асуудалд хариуцлагагүй хандаж байна гэж хэлмээр байна. Бид хог хаягдлын менежментийг олон улсын жишигт хүргэх гээд байгаа юм. Хог хаягдлыг заавал зориулалтын уутанд хийж хогийн цэгт хаях тогтолцоонд шилжих ёстой. Өндөр хөгжилтэй улс орнуудын ямар ч хотод очиход хогийг ил хаядаггүй. Ер нь ил хог хаяж байгаа үед тэр хотын хог хаягдлыг шийдэх ямар ч боломжгүй байдаг юм.

Гэр хорооллын иргэдтэй хороо бүр дээр уулзаж явахдаа энэ талаар ярьж байсан. Иргэд үүнийг маш их дэмжсэн. Ер нь хотоо хоггүй байлгах нь хотын захиргааны үндсэн үүрэг.

-Барилгын компаниуд гэр хорооллын иргэдийн газрыг хямдхан авах санаатай байна гэсэн яриа байна. Энэ талаар?

-Өмнөх хотын захиргаа гэр хорооллын нэг метр квадрат газрыг А бүсэд нь 100 мянган төгрөгөөр, бусад бүсүүдэд 15 мянган төгрөгөөр тогтоож байсан. Гэтэл орон сууцны метр квадратыг нэг сая 200 мянган төгрөгөөр үнэлсэн. Бид энэ тогтолцоог хүчингүй болгосон.

Одоо бол гэр хорооллын иргэд өөрсдийн газраа үнэлээд хөрөнгө оруулагчтай нь тохиролцоод захиргаа хажуунаас нь оролцож болохгүй гэсэн ийм зарчим руу шилжиж байгаа.

НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалан дараах байр суурийг илэрхийллээ.

-Танай нам асуудал бүрийг дэмжиж байгаа юм байна. Харин ямар асуудал дээр эсрэг байр суурьтай байна вэ?

-Бид 7.8 тэрбум төгрөгийг дэмжихгүй. Хогны гялгар уутыг авч гэр хорооллоор тараах ажлыг эсэргүүцэж байгаа. Учир нь Улаанбаатар хотод хогны менежментийн бодлогыг гаргах хэрэгтэй. Ер нь хог хаядлыг боловсруулах асуудлыг хувийн хэвшилд өгөх ёстой. Төр бүх зүйлээ хийгээд байж болохгүй. Дараагийн асуудал бол Улаанбаатар хотын дэргэд аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрууд хэд, хэд байдаг. Үүний нэг бол “Улаанбаатар сан” юм. Энэ сан дээр нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн. Энэ нь үйлчилгээнийхээ хүрээнд зээл тусламжаа аваад ажиллавал боломжтой учраас эсэргүүцэж байгаа юм.

-Дээрх асуудлуудыг төлөөлөгчдийн саналаар шийднэ шүү дээ?

-Ер нь энэхүү асуудал дээр улс төржөөд олонхи цөөнхийн асуудал ярихгүйгээр нийслэлийн хөрөнгө оруулалтад оновчтой санал ярьж байгааг нь дэмжинэ гэдэгт найдаж байгаа. Бид нийслэл хотын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт аль болох хурдтай, хамгийн гол нь оновчтой байх ёстой гэдэг тал дээр байр сууриа илэрхийлж байна.

-Гэр хорооллын газрыг дахин төлөвлөхдөө нийслэлийн оролцоогүй компани иргэдтэйгээ өөрсдөө тохирч байгаа. Үүнийг та нар эсэргүүцээд байх шиг байна?

-Нийслэл бодлогыг гаргаж өгөх ёстой. Иргэн хувийн хэвшил хоёр хоорондоо тохироод үйл ажиллагаа явуулах ёстой гэсэн ерөнхий зарчмыг бид дэмжиж байгаа. Тэгэхдээ нийслэлээс гаргаж буй шийдвэрүүд дандаа бизнесийн байгууллагын талд ороод байгаа тал ажиглагдаад байгаа. Одоо барилгын компануудад ашигтай байх талаас нь журмаа илүү ойртуулж гаргаж байна. Иргэнийг заавал газраа өгөх ёстой, өгөхгүй бол хүчээр авна гэсэн асуудлыг эсэргүүцэж байгаа.