“Тэмдэгтийн хураамжийн тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжив
2011.04.28

“Тэмдэгтийн хураамжийн тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжив

“Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр боллоо.

Хууль хэрэгжиж эхэлснээс хойш иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас хуулийн зарим зүйл, заалтын талаар санал ирүүлсний дагуу судалгаа явуулж,  согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийг нутаг дэвсгэрийн байршил, согтууруулах ундааны агууламжийн зэрэглэл зэргээс хамааруулан ялгаатай байхаар тусгажээ.

Тухайлбал, спиртын өндөр агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл олгоход нийслэлд нэг сая төгрөг, аймгийн төвд 600 мянга, сумдад 300 мянга, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахад нийслэлд 300 мянга, аймгийн төвд 200 мянга, сумдад 100 мянган төгрөг байхаар боллоо.

Мөн спиртийн сул агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл олгоход нийслэлд 300, аймгийн төвд 200, сумдад 100 мянга, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахад нийслэлд 100, аймгийн төвд 70, сумдад 40 мянган төгрөг байхаар тусгажээ.

Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн бодисын жагсаалтад орсон бодисуудыг импортлох, худалдах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээг 10 сая төгрөг болгож , бусад химийн бодис экспортлох, импортлох, худалдах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээг холбогдох мэргэжлийн байгууллагуудын саналын дагуу тусгасан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар тэмдэгтийн хураамжийн зарим хувь хэмжээг холбогдох тооцоо судалгаа, тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны онцлог, хүрээ зэргийг харгалзан нийтлэг бус ялгавартай байдлаар тогтоох нөхцөл бүрдэх юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.