Ч.Улаан: Цагаатгана гэсэн хүлээлт бидэнд бий
УИХ-ын гишүүн, Сангийн Сайд Ч.Улаан
2013.08.05

Ч.Улаан: Цагаатгана гэсэн хүлээлт бидэнд бий

Сангийн сайд Ч.Улаантай ярилцлаа.

-Засгийн газрын хуралдаан өнгөрсөн баасан гаригт болсон. Яагаад баасан гаригт хуралдахаар болсон юм бэ?

-Засгийн газрын гишүүд 14 хоног орчим амарсан. Ингээд өнгөрсөн баасан гаригт хурлаа хийсэн. Энэ хурлаар олон асуудал хэлэлцсэн. УИХ хуралдаж байх үед түүний үйл ажиллагаатай уялдуулах зорилгоор бямба гаригт хуралддаг байлаа. Харин одоо УИХ завсарласан учраас баасан гаригт хуралдахаар болсон. Бямба, ням гаригт сайд нар харьяа газруудаараа явж ажилтай нь танилцдаг.

-Бүтээн байгуулалтын ажил удааширч байна гэдэг шүүмжлэл бий. Үүний шалтгаан юунд байгаа юм бол?

-Газар сайгүй бүтээн байгуулалтын ажил өрнөж байна. Баасан гаригийн Засгийн газрын хуралдаанаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх ажлын явцын талаар хэлэлцсэн. Энэ ажлын санхүүжилт 30 орчим хувьтай явж байна.

Шалтгаан нь юунд байна гэхээр тендер зарлах боломжгүй олон объект байна. Зураг төсөв нь гараагүй. Зураг төсөв нь гарсан ч төсөвт тусгагдсан хэмжээнээсээ хэтэрчихсэн байдалтай ажлууд нэлээд бий. 250 иад тэрбум төгрөгийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж чадаагүй байна. Тэр нөхцөл бүрдэхгүй байна.

Гэхдээ бодитоорхийгдэж байгаа хөрөнгө оруулалтын санхүүжилт Сангийн яаман дээр саатахгүй байгаа. Хөрөнгө оруулалтыг бид бололцоогоор нь санхүүжүүлж байна. Тиймээс санхүүжилтээс болж ажил удаашраагүй. Ерөөсөө анхнаасаа хуулийн шаардлага хангасан төсөл төсөвт суулгах ёстой байсан.

Сангийн яам

Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр зураг төсөв нь гарсан, тендер нь зарлагдсан, газар байршил нь сонгогдсон төсөл байх ёстой байлаа. Гэвч ийм байгаагүй учраас явцын дунд ажил удааширч хойшлох асуудал үүсч байна.

-Манай Засгийн газар нэмж бонд гаргасан ч дэлхийн зах зээл дээр борлогдохгүй болтлоо Монголын нэр хүнд уначихсан гэж зарим хүн яриад байх юм. Энэ үнэн үү?

-Хэн тэгж хэлээд байгаа юм. Засгийн газрынхаа дараагийн бондыг дэлхийн зах зээлд гаргах уу, үгүй юу гэдгээ ярьж хэлэх цаг болоогүй байна. Түрүүнд нь авсан хөрөнгийн эх үүсвэрийг ашиг болгох ажил хийгдэх байна. Мэдээж олон төслийн ажил эхэлж байгаа учраас эцсийн үр дүн нь харагдах хугацаа болоогүй.

Тав, зургаахан сарын хугацаанд төслүүдийн үр дүн харагдахгүй шүү дээ. Дэлхийн хөрөнгийн зах зээл дээр манай улсьн үнэт цаасны үнэ ханш хэлбэлзэж байгаа тохиолдол бий. Гэхдээ манай Засгийн газар бонд гаргалаа гэхэд болохгүй гэсэн мэдээлэл хаана байгаа юм. Байхгүй шүү дээ.

Энэ бол хүмүүсийн өөрсдийнх нь төсөөлж байгаа зүйл байх. Хөрөнгө оруулалтын ажил ид явагдаж байна. Тиймээс яаран дааран том дүгнэлт хийх нь зохимжгүй.

-Тэгвэл бүтээн байгуулалтын ажлуудын аль нь ямар ахицтай явна вэ?

-Тэр бүгдийг нэгтгээд тоон үзүүлэлтээр хэлэх боломжгүй. Засгийн газар бодлогын зарчмын шийдвэрээ гаргачихсан. Хөрөнгө оруулалтаа хуваарилчихсан.

-Төсөвт ямар нэгэн хүндрэл одоогоор гараагүй гэж үү?

-Ямар ч хүндрэл үүсэхгүй. Цаашид ч гарахгүй. Төсвийн орлогын төлөвлөгөө тодорхой хэмжээгээр тасалдчихсан байгаа нь үнэн. Уул уурхайн салбарт төлөвлөсөн хэмжээний орлого орж ирэхгүй байгаагаас шалтгаалж байна. Үүнээс болоод төсвөөс санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын ажилд хүндрэл бэрхшээл үүссэн юм алга.

-Одоо хичээл сургууль эхлэх гэж байна. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах асуудал ч бий байх. Ер нь Засгийн газарт тулгамдсан ямар ажил байгаа бол?

-Олон асуудал байна. Намрын хичээл сургууль цуглах цаг боллоо. Тиймээс сургалтын төлбөр мөнгө

-Монголд төгрөгөөр төлбөр тооцоо хийх хуультай биз дээ?

-Тийм шүү дээ. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа аливаа албан байгууллага төлбөр тооцоогоо зөвхөн үндэсний валютаар хийх хуультай. Тиймээс ам.доллараар төлбөр тооцоо хийх гээд байгаа байгууллагуудыг хуулиа дагаж мөрдөхийг шаардаж байгаа. Энэ асуудлыг хэлэлцэж хуульд нийцүүлэх арга хэмжээ авна. Үүнийг нийтийн анхааралд хүргэж байна.

-МАХН-ын удирдах албан тушаалтны хувьд танаас асуух хэдэн зүйл байна. Өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар ямар дүгнэлттэй суугаа вэ?

-Сонгуульд яаж оролцсон гэдэг дүгнэлтийг би өгөх нь зохимжгүй. Манай нам сонгуульд оролцож, өөрийн нэр дэвшигчээ өрсөлдүүлсэн. Зорилгоо биелүүлсэн гэж бодож байгаа. Энэ утгаараа улс төрийн нөлөө бүхий хүчин гэдгээ харууллаа.

Сонгуулийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, өөрийнхөө бодлого, зорилго чиглэлийн талаар өргөн хэмжээний мэдээлэл өглөө. Монголд ардчиллын нотолгоо байна гэдгийг харуулж эмэгтэй хүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүллээ. Энэ нь дэлхий дахины анхаарлыг зүй ёсоор татлаа. Тийм учраас сонгуульд тавьж оролцсон зорилгоо бид биелүүлсэн. Бүгдээрээ энэ сонгуульд чадах ядахаараа идэвхтэй оролцсон.

-Сонгуулийн дараа танай нам дотор бужигнаан үүсээд байх шиг байсан. Д.Тэрбишдагва, Г.Шийлэгдамба нарыг огцруулна гэж хэсэг хүмүүс мэдээлэл хийгээд авсан. Чухам юу болсон юм бэ?

-Нэг зүйлийг сайн санах хэрэгтэй. Амьдрал өөрөө үнэний шалгуур байдаг. Бужигнаад эхэлсэн юм ерөөсөө байхгүй. Одоо ч байхгүй шүү дээ. Зарим хүн ардчиллын дагуу чөлөөтэй өөрийн үзэл бодлоо илэрхийлж, хэлж ярьсан нь бий.

Түүнийг буруутгах аргагүй. Мэдээж бүх хүний санаанд нийцдэг дарга болоод үйл ажиллагаа гэж үгүй. Хүнд шүүмжлэлтэй асуудал байгаа байх. Хүнийг шүүмжлэх хүмүүс ч бий л байх. Гэхдээ тэр "бүгдэд бужигнасан гэдэг дүгнэлт хийгээд хэрэггүй. Тийм зүйл болоогүй.

-МАХН-аас Засгийн газарт ажиллаж байгаа сайд нарыг албаа өгөх гэж байгаа гэсэн мэдээлэл нэг хэсэг гарсан байлаа. Ямар учраас ийм яриа гарсан юм бол?

-Хэн ямар яриаг яаж гаргаж байгааг мэдэхгүй. Ажлаа өгөөсэй гэж хүсч байгаа хэсэг хүн бий байх. Тэдний л яриа болов уу.

-Ч.Улаан сайд АН-ынхны талд хэт орж, төсвийн үнэн байдлыг нууж худлаа мэдээлэл бэлтгэдэг боллоо гэдэг яриа нэг хэсэг гарсан. Үүнээс болсон уу намынхан чинь таныг огцруулж магадгүй гэдэг мэдээлэл бас байлаа...

-Мэдэхгүй. Тэгж ярьсан хүмүүстэй тааралдаагүй юм байна. Би хаана ч ажил л ярьж байгаа. Аль ч нам төрийн эрх барих нь хамаагүй. Төрийн албан хаагчийн хувьд би ажлын эрх ашиг л ярина. Хаана ч худлаа юм яриагүй.

Эдийн засаг, санхүүч хүний нэг онцлог бий. Өөрийнхөө ярьсан зүйл, ярьсан тоогоо толгойгоороо хариуцдаг. Энэ хүмүүжил, мэргэжлийн онцлогтоо үнэнч хэвээрээ явна даа. Түүнээс хэн нэгэнд тааруулж ажил яриад байх шаардлага байхгүй.

-МАХН-ын дарга Н.Энхбаярт Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уучлал үзүүллээ. Тэгэхээр Н.Энхбаяр өөрөө өршөөл хүссэн юм уу?

-Мэдэхгүй. Надад энэ талаар ямар ч мэдээлэл алга. Н.Энхбаяр дарга өөрөө уучлал гуйсан юм уу, үгүй юү мэдэхгүй. Ямар ч байсан Ерөнхийлөгч шийдвэр гаргаад Н.Энхбаяр даргыг ялаас чөлөөлж байгаа нь зүйтэй. Үүнийг аль эрт хийх ёстой байсан. Ямар процедураар асуудал явсныг мэдэхгүй. Шийдвэр гаргасан эрх бүхий хүмүүс нь мэдэж байгаа болов уу.

-Н.Энхбаяр дарга өөрөө цагаатгахгүй бол Ерөнхийлөгчийн өршөөлийг хүлээж авахгүй гэж хэлсэн талаар мэдээлэл түгсэн. Үнэн юм уу?

-Би тэгж хэлснийг нь сонсоогүй. Ер нь бол манай намынхан тийм байр суурьтай байгаа.

-Яагаад?

-Уучлагдаж ялаас чөлөөлөгдөх биш түүний хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах хэрэгтэй. Угаасаа түүнд хүлээлгэсэн хэрэг нь нотолгоотой баталгаатай зүйл биш байсан шүү дээ. Тиймээс Н.Энхбаяр даргад хүлээлгэсэн энэ хэрэг хүчингүй болох ёстой гэсэн хүлээлт бидэнд бий.

-Тийм найдлага байгаа юм уу?

-Асуудал үе шаттай явж, тодорхой гарах байх гэж найдаж байна.